Categories
мэдээ нийгэм

Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дасгалжуулах эрх сэргээгдлээ

Чөлөөт бөхийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нарт Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/ДБНХ/-ноос дэлхийн дэвжээнд дасгалжуулах эрхийг хассан шийдвэрийн хугацаа өчигдөр буюу 2019.08.20-нд дуусч, дэлхийн дэвжээнд дахин гарах эрхтэй болов.

Одоогоос гурван жилийн өмнө Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр нэгэн үйл явдал болсон нь манай бөх Г.Мандахнаран /65 кг-д/ олимпын медалиас атгаад алдсан барилдаан юм.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө оноо илүү явсан манай бөх ялалтаа тэмдэглэн гүйж, дасгалжуулагчид нь далбаагаа гарган, баярлах тэр мөчид манай бөхийг хэдхэн секунд цаг барьж, зугтсан хэмээн нэг оноогоор торгосон байв. Ийнхүү сүүлийн оноогоор Узбекстаны И.Наврузов ялалт авч, олимпын хүрэл медаль хүртсэн. Манай хоёр дасгалжуулагч хэдийгээр чалленж шидсэн ч шүүгчид хүлээж аваагүй. Улмаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн нь 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-ын нэг болж байсан билээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган фунт стерлингээр торгож, манай хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019.08.20 хүртэл хассан шийдвэр гаргасан юм.

Тэр үед АНУ-ын “USA Today” сонины сэтгүүлч Нэйт Скотт, Монголын дасгалжуулагчаас энэ тухай асуухад “Шүүлт булхайтай болсон. Гурван сая монголчууд хүрэл медаль хүлээж байсан ч медальгүй хоцорлоо. Тухайн үед ордонд үзэгчид “Монгол, Монгол” хэмээн хашгирч тэнд байсан чөлөөт бөхийн үзэгчид 100 хувь бидний талд дэмжсэн” хэмээн хариулсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *