Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогт: ШЕЗ-ийн тал хувийг шүүгчдээс бүрдүүлдэг байх зохицуулалтыг хийж өгсөн нь зөв. Хэрэгжүүлбэл том дэвшил болно

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсэг болох “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогттой ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж ард нийтийн санал асуулга явуулахаар боллоо. Таны хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд орсон зүйл заалтуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын иргэд аливаа эрх зүйн маргаантай асуудлаа шүүхээр шийдүүлэхэд ямар боломж бололцоо, тогтолцоо байхыг Үндсэн хуулиар зохицуулдаг. Эхнээсээ Шүүх эрх мэдлийн зохицуулалт шүүхийн хараат бус байдлыг хангасан, хариуцлагагүй хүмүүсээс салах зүйл рүү зорьсон Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ойлгож байгаа. Энэ өөрчлөлтийг дэмжихгүй шүүгч, хуульч, иргэн, улстөрч үгүй байх. Шүүхийг институцийнх нь хувьд биеийг нь даалгах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хариуцлагатай ажилладаг, хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бий болгохыг зорьж байгаа.

Нөгөө талаас Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юу гэх асуулт гарч ирнэ.

1992 оны Үндсэн хуулийг боловсруулж байхад тухайн үеийн НҮБ-ын хүний эрхийн комиссоос олон улсын шүүх судлалын экспертүүд манайд зөвлөгөө өгч байсан баримт байдаг. Энэ баримтад тухайн үеийн хурлын тэмдэглэл, гадныхны өгсөн зөвлөгөөнд юу, юу хэлж ярьж байсан нь бий. Тэдгээр экспертүүдийн манайд өгч байсан гол зүйл нь ШЕЗ-ийн байгууллага нь шүүхийг улс төрөөс бусад институциэс бие даалгаж ажиллуулах, шүүхийн хараат бус байдалд асуудал үүсвэл хамгаалах үүрэгтэй гэх зөвлөгөө байв. Нарийн яривал ШЕЗ нь хамгаалж тулалдах үүрэгтэй институци. Энэ институциэ хэн байгуулах, яаж байгуулах, хэрхэн хамгаалах, тэр тусмаа хамгаалахын тулд өөрөө хэнээс хараат биш байхыг нарийн тодорхой зааж өгөхгүй бол шүүхийн хараат бус байдалд асуудал үүснэ гэдгийг ч анхааруулж байсан. 1992 оны Үндсэн хуулиар энэ асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалахад оршино. Тэрнээс бусад асуудал нь дараагийн асуудал. Үүнийг зааж өгөөгүйгээс болоод 1992 оноос хойш шүүх өөрөө төрийн бусад институциэс бие дааж үйл ажиллагаа явуулахад хүнд байсан.

-2013 онд шүүхийн шинэчлэл хийгдэж байсан санагдаж байна?

-Зөвхөн 2013 онд шүүхийн шинэчлэл хийгээд өнгөрсөн юм биш. 1992 оноос эхлээд шинэчлэл хийгдэж байсан, шүүхийн шинэчлэл тасралтгүй үргэлжилдэг зүйл. 2013 онд ШЕЗ-ийг харьцангуй бие даалгая гэж байсан. Одоо ч шинэчлэл хийх гэж байна. Эцсийн бүлэгтээ Их хурал дээр дарга нарын набор болгож өөрчлөх гээд, Ерөнхийлөгч түүнийг нь буруу гэж хориг тавьсан атлаа зөрүүлээд ШЕЗ-ийн бүх гишүүнийг Ерөнхийлөгч томилдог болчихсон. Үндсэн хуульд тодорхой зохицуулалт байхгүйгээс ердийн хуулиар Ерөнхийлөгч, парламент хэн байх, ямар байдалтай бүрдэх, ямар зорилготой байна зэргээс хамаараад ШЕЗ-ийг хүссэнээрээ бүрдүүлэх, өөрчлөх боломж байсан. Энэ үйлдэл ч хэд хэдэн удаа давтагдсан. Ихэнхдээ ШЕЗ-ийн асуудал шүүхийг өөрийн удирдах байгууллага болохын хувьд бие даалган ажиллуулах гэхээс илүүтэй түүнийг бүрдүүлж, томилоход нөлөөтэй байх тал руу явсаар ирсэн.

-Шүүхийг хараат бус, бие даасан байх гол зүйлс нь тусгагдсан гэж та харж байна уу?

-Хоёрдугаар хэлэлцүүлгээр шүүх эрх мэдлийн хүрээнд тодорхой заалтууд дэмжигдсэн. Нэгдүгээрт, ШЕЗ-ийг ердийн хуулиар нааш цааш нь болгож савчуулахаас сэргийлж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд ШЕЗ-ийг яаж байгуулахыг зааж өгөхдөө шүүхийн өөрөө удирдах ёсны байгууллага, шүүхийг бусад улс төрийн байгууллагуудаас бие даалгаж, хамгаалах байгууллага учраас шүүгчдийн өөрсдийнх нь оролцоог баталгаажуулж байна. ШЕЗ-ийн бүрэлдэхүүн Ерөнхийлөгчөөс, эсхүл парламентаас томилогдоод байхаар яаж тэднээс шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах юм. Хамгийн гол хамгаалалт бол эдгээр таван шүүгч-гишүүн нь сонгогдсоноороо ШЕЗ-ийн гишүүний эрх нь хэрэгжээд явахад байгаа юм. Ухаан нь сонгогдсоны дараа аль нэг улс төрийн байгууллага, албан тушаалтнаас дахин зөвшөөрөл, батламж, томилгоо шаардлагагүй болох юм. Тэгэхээр тэрхүү мөн чанарыг дор хаяж 50 хувийг нь шүүгчдээс бүрдүүлдэг байх зохицуулалтыг хийж өгч байгаа нь гавьяа гэж харж байгаа.Шүүхийн зөвлөлийг байгуулдаг Евро-модель бий. Энэ нь Европын улсууд шүүхийн зөвлөлийг бүрдүүлэх хэв. Гол зарчим нь ШЕЗ-ийн 50+1 хувь нь шүүгчид байх ёстой. Үлдсэн хэсэг нь мэргэжлийн байгууллагын төлөөллүүд байхыг зөвлөдөг.Өөрөөр хэлбэл ШЕЗ-ийн арван гишүүний үлдсэн нь олон талын төлөөллөөс бүрдэх ёстой. Ерөнхийлөгч, парламент, шүүгчдийн холбоо, Засгийн газар, хуульчдын холбооноос бүрдэх ёстой. Мөн нээлттэй нэр дэвшүүлэх гэсэн зарчим орж ирж байгаа нь авууштай, аль нэг даргын халааснаас нэр гарч ирсэн хүн биш болзол шаардлагыг хангасан хүн бүр нэр дэвших, нээлттэйгээр өрсөлдөн томилогдох боломж нээгдэнэ. Тэрнээс дахиад л тав нь улс төрийн нэг институциэс давамгай байдлаар бүрдэж болохгүй байх үзэл баримтлалаар төсөл өргөн баригдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд өөрчлөлт оруулахдаа үзэл баримтлалын хувьд хангалттай тодорхойлсон, хэлэлцүүлгийн тэмдэглэл, төслийн тайлбаруудад суулгаад өгчихсөн.

Харин дагаж гарах шүүхийн тухай хууль бол энэ үзэл баримтлалаар л гарах ёстой. Ингэж байж ШЕЗ гэх байгууллага бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангасан өөрчлөлт гарч ирнэ. Бодит байдал дээр Үндсэн хуульд оруулсан заалтыг үзэл баримтлалынх нь хүрээнд шүүхийн хуулиудад зааж өгөх, хамгаалж, хангаж ажиллах хүмүүс томилогдож байж хэрэгжинэ. Хэрвээ энэ зохицуулалт хүчин төгөлдөр болвол Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй энэ байгууллага хэрхэн ажиллах нь шүүгч нараас маш их хамаарна. Зөв хэрэгжүүлээд явбал ШЕЗ-ийн бүрэлдэхүүн хэрхэн зохион байгуулагдахыг зааж өгсөн нь маш том дэвшил авчрах гарц. Хэдийгээр анхны эрдэмтэн судлаачдын санал болгож, боловсруулж байсан төсөл шүүгчийн томилгоотой асуудал бүрэн дүүрэн шийдвэрлэгдэж чадаагүй ч энэ ШЕЗ-ийн хэсэгт ахиц гарна гэж бодож байгаа.

-Шүүх засаглалын бие даасан байдлыг хангах талаар анхны төсөлд шүүхийн хэсгийн зүйл заалтууд нэлээд дэлгэрэнгүй тусгагдсан байсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр нэлээд ерөнхий болж орж ирж байгаа. Хэтэрхий хумигдчихав уу?

-Анх өргөн барихаас өмнө яригдаж байсан төсөл дээр шүүхийн тогтолцооны асуудлыг тодорхой болгоё гэх санал явж байсан. Гэхдээ энэ санал өргөн баригдсан төсөлд тусгагдаагүй. Монгол Улсын шүүхийн тогтолцоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс хатуу хамааралтай байх асуудлыг өөрчилье гэж байсан юм.

Ерөнхийлөгч хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар өөрийнхөө саналыг гаргасан. Энэ саналд шүүхийн тогтолцооны гажуудлыг засъя гэдэг санал гаргасан. Шүүх байгуулах ажил эдийн засаг, хүн амын төвлөрөл, нүүдэл шийдлийн байдлаас хамаараад хүндээ хүрч үйлчлэхүйцээр тухай бүртээ уян хатан шийдэгддэг байх ёстой. Түүнд нь нийцүүлж шүүхийн тогтолцоог тухайн цаг үед нь хэрэг маргааны гаралт зэргээс хамаараад өөрчлөн байгуулах боломжийг хязгаарлачихсан байсан. Энэ нь тогтолцооны гажуудал засагдах боломж руугаа орчихлоо гэсэн үг. Үүний цаана Монгол Улсын иргэн шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд очиход боломжит байдлыг нь хангахад чиглэсэн тогтолцоог бүрдүүлэх үүд нээгдсэн, ийм зохицуулалт юм. Иргэдийн зүгээс шүүхийг хараат бус байхыг хүсч байгаа. Нөгөө талаас ч шүүгчид ч үнэхээр хараат бусаар ажлаа хийхийг хүсч байна.

-Сахилгын хороо гэж байх нь зөв үү?

-Шүүгчид хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо Үндсэн хуулийн түвшинд хуульчлагдлаа. Сахилгын хороо гэх нэршилтэйгээр хоёрдугаар хэлэлцүүлгээр шийдэгдлээ. Парламентын өргөн барьсан төсөл дээр шүүхийн хариуцлагын хороо гэдэг нэртэй байсан. Нэршил л өөр болохоос энэ хоёрын чиг үүрэг яг ижил. Сахилга алдсан шүүгчийн асуудлыг шийддэг тогтолцоо нь ШЕЗ-өөс, шүүхээс харьцангуй бие даан ажиллах төдийгүй, шүүх, шүүгчийн намнах улс төрийн манипуляцын хэрэгслэл болохооргүй байх ёстой. Хэрэв энэ байгууллага дахиад л нэг улс төрийн байгууллага, улстөрч нэг институциэс хараат байвал шүүхийн хараат бус байдал үгүй болно. Энэ сахилгын асуудлаар далимдуулаад шүүх шүүгчийн итгэл үнэмшил, хуулиараа шийдвэр гаргах боломжгүйд хүргэх аюултай байдаг. Ийм байдалд хүргэхгүйн тулд анхны өргөн баригдсан төсөл нь олон талаас бүрдсэн, бүрэлдэхүүн улстөрчдөөс хамааралгүй, мэргэжлийн бүрэлдэхүүн шийддэг байх гэсэн үзэл баримтлалаар өргөн баригдсан учраас энэ үзэл баримтлалын дагуу ердийн хуульдаа суух ёстой юм. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа энэ зохицуулалт ерөнхий байдлаар дэмжигдлээ. Бүрэлдэхүүнийг нь хуулиар зааж өгнө гэсний дагуу нэг улс төрийн байгууллагын дор эсхүл дан шүүгчээс бүрдүүлчихвэл дахиад л хол явахгүй.

Түүнчлэн сахилгын хорооны шийдвэр гарлаа гэхэд сахилгын хорооны шийдвэрийг зохих ёсоор хянуулдаг тогтолцоо байх ёстой. Нэгдүгээр хэлэлцүүлгээр шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг Цэцээр хянуулдаг байхаар заачихсан байсан. Хөндлөнгийн хяналтын зохицуулалт байхгүй бол шүүгчийг хэлмэгдүүлэх, айлгах, хариуцлага гэдгээр далимдуулах тогтолцоо болж хувирахыг үгүйсгэхгүй. Мөн шүүх хараат бус ажиллах нэг үндсэн шалгуур шүүгчийг хугацаагүйгээр томилох гэж үздэг. Шүүгчийн ажлыг эрхлэх тэр эх сурвалж нь мэргэжил, туршлага, ёс зүй гэсэн гурван зүйл байдаг. Энэ гурван заалт алсуураа шүүхийг бие даалгах, шүүгчийг хариуцлагажуулах, иргэдийн шилжилт хөдөлгөөн хэрэг маргааны гаралттай уялдсан шүүхийн тогтолцоотой болоход хүргэх учиртай. Одоо яриад байгаа сахилгын хороо иргэдийн хүсээд байгаа шүүхийг хариуцлагажуулахтай холбоотой Үндсэн хуулийн түвшинд анхаарч үзэж байгаагийн бодит илрэл. Шүүхийг хараат бус, бие даалгаж ажиллуулахтай холбоотой асуудал ШЕЗ-ийн заалтаар зохих хэмжээнд тусгагдсан. Шүүхийн хараат бус бие даасан байдал гэдэг шүүгчийг хамгаалах гээд байгаа зүйл ердөө биш. Шүүхээр хэргийг нь шийдүүлж байгаа иргэн, хуулийн этгээд, бизнес, компаниуд, татвар төлөгчдийг аливаа нөлөөлөлгүйгээр, хэргийг нь шийдэж буй шүүгч нь дарамтад орохгүй асуудлаа шийдүүлэх вакум орчинг л бүрдүүлж өгч байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *