Categories
мэдээ цаг-үе

Ц.Тэмүүлэн: Амьдралд дахиж ийм боломж олдохгүй гээд “Яг түүн шиг” шоунд оролцохоор шийдсэн

Боловсрол телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг 2018” шоу энэ сарын 6-наас үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа уг шоуны оролцогч, “A-sound” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоунд оролцох санал тавихад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Эхлээд шууд “Тийм, үгүй” гэж хэлэхэд хэцүү байсан. Эргэлзээтэй. Тэгээд гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө асууж, зөвлөлдсөн. Тэдний маань бараг 90-ээд хувь нь “Шоунд ор” гэж зөвлөсөн. Ингээд л бодож бодож байгаад оръё гэж шийдсэн.

-Шоунд орох шийдвэрээ гаргах мөчид юу бодогдов. Өөрийгөө ялж байгаагаар төсөөлж чадсан уу. Өнгөрсөн жилийн хувьд жүжигчин Т.Бархүү үнэхээр чадварлаг байж, гайхалтай нүүр, дүр хувиргалтыг гаргаж ялалт байгуулсан шүү дээ?

-Шийдээ хэлэнгүүтээ л “За байз, би чинь ямар хүмүүстэй өрсөлдөх билээ. Хэн хэн оролцож байгаа бол” гэж бодсон шүү. Түрүү жилийнх дээр Т.Бархүү үнэхээр шуугиулж чадсан. Хэрвээ тийм хүмүүс ороод ирвэл надад боломж байх уу, үгүй юу гээд л эхлээд эргэлзээтэй зүйлүүдийг тооцоолсон л доо. Гэсэн ч эргэн тойрныхон маань намайг энэ шоунд орох шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн гэх үү дээ.

-Оролцогч бүр өөрийн гэсэн давуу талтай. Таны хувьд дуучин хүн болохоор дуулалт болоод хэлний мэдлэгийн тал дээр асуудал гарахгүй байх. Та дүр гаргаж, жүжиглэхдээ хэр вэ?

-За даа, наадах чинь л хамгийн хэцүү нь. Би дуу дуулдаг хүн. Янз бүрийн ковер, гадаад дуу дуулдаг. Тэр нь миний давуу тал болно. Дуулалтын тал дээр гайгүй байх. Харин жүжиглэлт, бүжиг бол бараг амьдралдаа хийж үзээгүй зүйл гэж хэлж болно. Гэхдээ за яадаг юм, залуу байгаа дээрээ өөрийгөө сорьё, дараа нь үзэхэд ч дурсамжтай. Амьдралд дахиж ийм боломж олдохгүй байлгүй. Нэг удаагийн ийм завшааныг алдаад яах вэ гэж бодсон болохоор ямар ч байсан жүжиглэлт, бүжиг дээрээ хамаг хүчээ зориулна.

-Эрэгтэй оролцогчдод эмэгтэй дүр таарвал илүү оноо аваад байх шиг байдаг шүү. Ийм дүр таарвал яах бол?

-Эмэгтэй хүний дүрд хувилна гэдэг хэцүү. Жүжигчин хүний хувьд өмнө нь эмэгтэй дүр бүтээж байсан бол илүү ойрхон байж магадгүй. Миний хувьд айж байсан зүйл бол эмэгтэй хүний дүрд ороод бүжиглэнэ гэдэг том даваа. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг дээ. Нэгэнт орсон юм чинь өөрийгөө сорьж үзнэ ээ.

-Өнөө жилийн оролцогчдын хувьд насны хувьд ойролцоо шижигнэсэн залуус байна. Жинхэнэ гал гарсан өрсөлдөөн гарах байх гэж таамаглаж байна?

-Тийм шүү. Биднийг уулзуулахад заримыг нь зүс мэдэхээс сайн таньдаггүй хүмүүс байсан л даа. Жүжигчин Тэмка (“Эмоци” хамтлагийн жүжигчин О.Тэмүүжинийг хэлэв.сурв)-г хараад “За энэ хамгийн хүчтэй өрсөлдөгч юм байна” гэж бодсон. Бас дуучин, ая зохиогч Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа гэж хүчтэй өрсөлдөгч байна. Загвар өмсөгчдийн хувьд дуулалтыг нь сайн мэдэхгүй юм чинь таамаглах аргагүй байсан. Тэмкаг л хамгийн мундаг өрсөлдөгч юм даа гэж бодсон. Дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг. Бүх шид нь бүрэлдчихсэн хүн.

Энэ шоу үзэгчдэд нэлээн удаан хугацааны туршид хүрдэг. Хэдийгээр өрсөлдөөн явж байгаа ч бид нэг баг болж чадаж байгаа. Өрсөлдөх ёстой ч хүмүүст сонирхолтой, сонин шоу үзүүлэх нь л хамгийн чухал.

-“Яг түүн шиг” монголчуудын тэсэн ядан хүлээдэг шоу болжээ?

-Намайг энэ шоунд оролцох, өрсөлдөж чадах оролцогч гэж урьсан “Боловсрол” телевизийн хамт олондоо баярлалаа. Үзэгчдэд хэлэхэд, миний хувьд хийж үзээгүй юмнуудаа хийж үзэж, маш их зориг гаргаж байгаа. Төдий чинээгээрээ сонирхолтой байх болов уу. Чадах чинээгээрээ хичээж байгаа болохоор уйтгартай байна гэж байхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Шоуны нүүр хувиргалт гэж нүсэр ажил байдаг юм шиг байна билээ?

-Их хэцүү юм билээ. Ганц хиймэл хумс хийхэд л асар их ажиллагаа ордог юм билээ. Би шоуны үеэр сахлаа хусуулах шаардлага гарсан л даа. Сахлаа ерөөсөө хусч байгаагүй. Сахлаа хуссан минь маш том золиос болсон (инээв). Тэрнээс болж бараг л “Энэ шоунд дэмий ч оров уу” гэж эргэлзсэн шүү. Одоогоос 11, 12 жилийн өмнө сахлаа нэг удаа авч байсан байх. Тэрнээс хойш сахландаа гар хүрээгүй байсан юм. Сахлаа авахуулсан чинь өөрийгөө танихгүй шахуу юм болсон шүү (инээв).

-Танай “A-sound” хамтлагаар сонин сайхан юутай. Шинэ уран бүтээл хийхгүй нэлээд удчихав уу даа?

-Манай хамтлаг шинэ цомог гаргаагүй удчихлаа. Дөрөв, таван жил болчихож. Саяхан шинэ цомгийнхоо ажилд орж эхний хоёр дуугаа цацаад эхэлчихлээ. Өнөө жилдээ багтаад найман дуутай шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Дуунууд маань бэлэн болчихсон ч эцэслэж хийгээгүй байна. Дундуур нь би энэ шоунд ороод цомгийн ажил түр завсарлачихаад байна.

-Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон?

-Би 2007 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Ерөнхий мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Эмч мэргэжлээ хаясан гэж хэлж болно.

Зургадугаар курсээсээ “А-sound” хамтлагтаа дуулж эхэлсэн. Тэрнээс хойш дуу хөгжмөөрөө л тасралтгүй явж байна. Хажуугаар нь киноны хөгжим, дууны ажил хийж байгаа.

-Энд тэнд явж байхдаа тариа дусал хийх зэргээр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчихдэг биз дээ?

-Дусал, тариа зэргээ хийчихнэ л дээ. Харин нарийн ширийн юмаа би одоо мэдэхгүй байх. Хүний эрүүл мэнд, эмчийн ажил гэдэг чинь түвэгтэй шүү дээ. Их хариуцлагатай ажил болохоор дур мэдэн хийх боломжгүй. Арваад жил болчихсон болохоор нэлээд төсөөрчихсөн байх. Анхан тусламжийн ойр зуурын юмнуудаа бол хийчихнэ ээ.

-Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?

-Зургадугаар курст байхад минь “А-sound” хамтлаг байгуулагдсан. Түүнээс өмнө би “1060” хамтлагт дуулдаг байсан. Тухайн үед уран бүтээл хийе гээд зүтгээгүй, зүгээр л бааранд дуулдаг байсан юм. 2002 оноос гитар тоглож сурсан. Хүүхэд байхдаа дуулдаг л байсан. Хүмүүсийн өмнө дуулж чаддаггүй, хүнгүй газарт л дуулдаг ичимхий хүү байлаа. Нууцаар дуулдаг байлаа. Хүн байхгүй бол хаана ч хамаагүй дуулдаг байсан юм (инээв). 2006 оноос урлагт сэтгэл зүрхээ зориулж тасралтгүй ажиллаж явж байна.

-Урлагийн, тэр дундаа дууны шоунууд их гарч байгаад шүүмжлэх хүмүүс их бий. Танин мэдэхүй, шинжлэх ухааны чиглэлийн шоу үгүйлэгдэж байна гэцгээдэг. Та үүнд уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Бүх юманд харьцаа байх хэрэгтэй. Нэг юм ихдэх нь дэмий л дээ. Тэр талаас нь харвал тийм байж болох юм. Дууны тэмцээн их болж байгаа ч муусаад байх нь ч юу байх вэ дээ. Юм баланстай байх хэрэгтэй. Бусад төрлийн шоу хийх хэрэгтэй л байх.

Уншигчдадаа хандаж хэлэхэд, миний хувьд бүх хүч авьяас, чадлаа зориулж энэ шоунд оролцоно. Бусад оролцогчид маань ч тийм сэтгэлээр өрсөлдөж байгаа. Тийм болохоор “Яг түүн шиг” шоу та бүхнийг уйдаахгүй, сонирхолтой байна гэдэгт итгэж болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *