Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөж байна.
Төрийн наадмын бөхийн барилдааны есийн даваанд “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж нар шалгарч үлдсэн юм. Хоёр бөх төрийн наадмын үзүүр түрүү булаалдахаар баруун, зүүн талын 32 засуулыг ханаруулсаар төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ гарч ирж барилдлаа. Ингээд есийн даваанд Ц.Содномдорж давж, Монголын төрийн наадамд түрүүлэн улсын арслан цол хүртлээ. Харин үзүүрлэсэн Ө.Бат-Орших улсын гарьд цол хүртэж байна.
Өнөө жилийн бөхийн барилдаанд том цолтой бөхчүүд дор даваанд унаж, аймгийн цолтой шинэ залуу бөхчүүд улсын цолонд хүрлээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нар Монгол Улсын начин цол хүртсэн юм.
Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нар Монгол Улсын харцага цолонд хүрлээ.
Наадамчин олныг баясгасан бас нэгэн барилдаан Н.Түвшинбаяр, О.Хангай нарын дунд болж, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр улсын заан цол авлаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн харьяат улсын харцага Н.Жаргалбаяр ч долоо даван улсын заан цолыг хүртсэн юм.