Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Содномдорж: Миний зүгээс хэнийг ч допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаагүй. Надад тийм эрх байхгүй || DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдоржийн зүгээс улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарыг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гараад буй ч тухайн мэдээллийг улсын арслан Ц.Содномдоржийн зүгээс эрс үгүйсгээд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодруулга авлаа.


-Арслан сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан. Сайхан хаваржиж байна уу.

Бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Өнгөрсөн зун болсон наадмын үеэр хөлөө нэлээн хүнд бэртээсэн. Цаг тухайд нь эмчилгээ хийлгээд илааршиж байна. Цаашид заал танхимын барилдаануудад зодоглоод явах төлөвлөгөөтэй байгаа. Бэртэл гэмтлийн улмаас хэдэн сарын хугацаанд дэвжээнд гарсангүй. Энэ оны эхнээс л төлөвлөгөөт барилдаануудад оролцоод явж байна. Дэвжээгээ ч санасан байна. Надад бөх барилдах шиг аз жаргал байдаггүй юм шүү дээ.

Болж л өгвөл заалны барилдаанууддаа зодоглоод үзэгч олноо баясгаад явахыг хичээдэг юм. Үндэсний бөх амар биш спорт. Жижиг хэмжээний бэртэл гэмтэл авна. Тэр бүр тогтмол барилдахад төвөгтэй байх юм. Ямартаа ч барилдаан бүрт л зогсож байхыг боддог.

-Таны зүгээс Улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарын бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл нийтэд тараад байна. Та дээрх бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулж, зардлыг нь хувиасаа даана гэх хүсэлт гаргасан юм уу?

-Хэн, хаанаас ийм мэдээлэл цацсаныг нь мэдэхгүй юм. Би тийм хүсэлт гаргаагүй. Допингийн эсрэг үндэсний байгууллага дан ганц миний хүсэлтээр очоод бөхчүүдээс шинжилгээ авна гэж байхгүй шүү дээ. Надад тийм эрх ч байхгүй. Олон нийтийн зүгээс бол Ц.Содномдорж арслан л бөхчүүдийг шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаж гэх ойлголттой байх шиг. Албан ёсоор мэдэгдье. Миний зүгээс хэнийг ч шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаагүй. Нийтэд тараад буй мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье. МҮБХ-ны зүгээс л хүсэлт гаргаж бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж байна.

Ц.Содномдорж арслангийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны гурвын даваанд улсын арслан Э.Оюунболдод амлуулж барилдах үеэрээ түүнийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан байдаг. Улмаар Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрч МҮБХ-ны зүгээс барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргаад байгаа юм. Мөн улсын гарьд М.Бадарчийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хувийн байр сууриа илэрхийлэхдээ “Миний зүгээс шинжилгээнд хамрагдахад татгалзах зүйл огт байхгүй. Допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байна” гэх байр суурийг илэрхийсэн.

Ц.Содномдорж Улсын даян аварга Н.Батсуурийг барилдахаар бүртгүүлсэн байхад нь удаа дараа эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *