Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Шаравдорж: М.Энхболд дарга “30:70-ын харьцаатай бол хамтарч болно“ гэсэн байна лээ

МАХН-ын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-МАХН-ын удирдлагууд болон тус намд харьяа­лалтай УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдээр БНСУ-д очиж Н.Энхбаяр даргатай уулзаад ирсэн гэсэн. Ямар асуудлуудыг хөндөв?

-БНСУ-д эмчилгээнд байгаа намын даргатайгаа бид очиж уулзаад ирсэн. Бямба гаригт яваад бүтэн сайнд ирсэн ч гэсэн богино хугацааны гэхээргүй ажил хэрэгч уулзалт тэнд өрнөсөн. Намын дотоод асуудал болон намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх, нам ямар ажил хийх вэ гэдгээ ярилцлаа. Ганц манай нам гэлтгүй бусад намууд манайхаас илүү хөдөлгөөнд орчихсон байна. Нэр дэвшигчид нь сонингоо хэвлүүлж, мөнгөө тараагаад эхэлчихсэн байна шүү дээ. МАХН-ын хувьд мэдээж ирэх сонгуульд орно. Гэхдээ бид ирэх сонгуульд оролцохдоо хүчтэй өрсөлдөгч байхын тулд бусад намуудаас илүү ажиллах шаардлагатай гэдгийг ярилаа. Үүнийгээ ч бид ухамсарлаж байгаа. Энэ ч үүднээсээ ажлаа нарийн нягт төлөвлөж, зохион байгуулах ёстой гэдэг дээр голлон намын даргатай яриа өрнүүлсэн.

-Хаврын чуулганаар Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хууль, сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа Тавантолгойн асуудал дээр ямар байр суурьтай байна. Эдгээр асуудалд хэрхэн хандана гэж байна вэ?

-МАХН-ын даргын ч, МАХН-ын ч тэр байр суурь маш тодорхой. Монголыг тэжээх стратегийн энэ том ордын тухай асуудал эхнээсээ замбараагүй байж, хүнийрхүү сэтгэлээр хандсан. Иймээс хоёр толгойн асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хөнгөн гоомой хандаж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэхэд хоёр толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй, итгэхгүй байна гэсэн. Энэ бол Төрийн тэргүүний амнаас гарахааргүй үг л дээ. Төрийн хууль тогтоох дээд байгууллага парламент нь улсын амин чухал асуудлыг хэлэлцэхгүй тэгээд юу хэлэлцэх юм. Одоо бүгд УИХ-даа итгэж, УИХ-аас хариуцлага, зөв шийдвэр шаардах ёстой. Оюу толгой, Таван толгойн асуудал дээр Н.Энхбаяр дарга төслийг хэрэгжүүлэх явцдаа үе шаттайгаар монголчуудын эзэмших хувь хэмжээг 51-ээс дээш хувьд хүргэх ёстой гэж байгаа юм. Үүнийгээ ч өмнө нь хэлж байсан. Тийм болохоор улс төрийн хилс хэрэгт холбон даргатай тооцоо бодох гэж зүтгэсэн. Бид Оюу толгой, Таван толгой дээр хатуу байр суурьтай байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал мөн намын анхаарлын төвд байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр тэгээд ямар байр суурьтай байгаа юм?

-Одоогийн нөхцөл байдлыг хараад байхад хөнгөн гоомой хандах хандлага байна уу хэмээн МАНАН-г хардаж байгаа. Үндсэн хууль гэдэг чинь эх хууль. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж байж ямар ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр саналыг нь асуух шаардлагатай. Үнэнийг хэлэхэд бид одоогийн эрх баригчдад итгэхгүй байна. Үндсэн хуулийг хөндөх эрх зүйн чадамж, чадвар байна уу. Мөн Гацууртын тухай асуудлыг хөндөх ёстой. Гацууртыг яагаад гадныханд өгөх гээд байгаа нь тун сэжигтэй байгаа юм. Оюу толгой, Таван толгойгоо тавиад туучих хэмжээнд очсон хүмүүст Гацууртын ордыг өгнө гэдэг нь зөвхөн тэнд байгаа алтны асуудал биш. Монголын түүхийг ухаж болохгүй. Эцсийн бүлэгт бидэнд түүх л үлдэнэ. Нутгийнхан нь зүгээр нэг Ноён уулаа хадгалаагүй, Монголынхоо түүхийг хадгалж ирсэн юм байна. Манай намын зүгээс Ноён уулыг эцэг, дээдсийн захиас гэж харж байгаа. Булшийг нь хөндөхгүй алтыг нь авчихна гэдэг бол туйлын хариуцлагагүй мэдэгдэл. Эрх баригчид хэдий болтол монголчуудаа ингэж хуурах юм. Цаанаасаа өгөгдсөн өгөгдлөөр, захиалгаар бүх юм явж байна. Өнөөдөр Монголд алт нь байна уу, баялаг нь байна уу, байж л байгаа. Байгаль дэлхий, мал ахуй нь байна уу, байна. Мал нь өсөөд байхад ард түмний амьдрал уруудаад байгаа нь эрх баригчид ард түмнээ бодохгүй байгаагийн тод илрэл гэж бид үзэж байна.

-Намын дарга тань Улс төрийн болон Сонгуулийн тухай хуулинд ямар санаа оноо дэвшүүлж байх юм. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал даваа гаригт болсон. Ямар асуудлуудыг ярилцсан юм бэ?

-Эдгээр хуулиуд дээр намынхаа дотоод бодлогын асуудлыг дэлгэмээргүй байна. Энэ хаврын чуулган ихээхэн хариуцлагатай болох тул хэлэлцэж буй асуудал бүр дээр “Шударга ёс” эвсэл хариуцлагатай хандах ёстой. Энэ тал дээр үүрэг даалгавар өгөгдсөн.

Даваа гаригт манай намын Гүйцэтгэх товчоо хуралдан хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн. Манай намын хувьд өмнө нь Байнгын хороо, Засгийн газрын хэмжээнд ротаци хийсэн. Одоо “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар МҮАН-ын Н.Батцэрэг, УИХ-ын дэд даргаар МАХН-ын Л.Цог дарга ажиллаж байгаа. Бид ротаци хийж УИХ дахь намын бүлгээ МАХН авч, УИХ-ын дэд даргаа МҮАН ав гэж байгаа юм. Гүйцэтгэх товчооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн УИХ дахь намын бүлэгтээ саналаа хүргүүлсэн. Ойрын үед шийдэгдэнэ байх. Хаврын чуулган болон түүний дараахь бүх зүйлд МАХН чамбай хандаж, няхуур оролцоно. Энэ нь УИХ-д өөрсдийн хийж буй алхмаа харуулах томоохон зүйл. Түүнээс биш Л.Цог, Н.Батцэрэг гэдэг хувь хүнээс болж сольж байгаа юм биш шүү. Манай хоёр дарга ч гэсэн үүнийгээ зөвшөөрнө. Зөвшөөрөх ч ёстой. Нэг суудалд удаан суух нь тийм зохимжтой ч юм биш. Нөгөө талдаа УИХ-д байгаа манай намын гишүүд хариуцлагаа дээшлүүлэх ёстой гэдгийг нэлээд ярьсан. Намынхаа нэрээр УИХ-д суучихаад мартчихаж болохгүй. Намын бодлого та нараар дамжих ёстой шүү гэдгийг нэлээд хатуу ярьсан. Намынхаа үгэнд ордоггүй, тэс хөндлөн давхидаг, бодлогын чанартай асуудал дээр алдаа гаргавал хариуцлага тооцно.

-МАХН дөрвөн фракц болон хуваагдсан тухай О.Баасанхүү гишүүн ярьсан байна лээ. Хөлөө олох гэж зүтгэж яваа нам дөрвөн фракц болон хуваагдвал хэцүү л байх даа?

-МАХН хөл дээрээ зогсож байгаа нам. Үүн дээр эргэлзээд байх юмгүй. Манай нам шиг эв нэгдэлтэй байх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа нам Монголд алга. АН, МАН гэхэд эрх ашгийн зөрчлөөсөө болж хуваагддаг.

Үүнийгээ ч нуудаггүй. Бидний хувьд тийм зүйл байхгүй. О.Баасанхүү гишүүн МАХН дөрвөн фракц болсон гэдэг зүйлийг ярьсан байна лээ. Үүнийг манай намынхан буруушааж байгаа. О.Баасанхүү гишүүн тэгж ярих шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Яагаад тэгж хэлснийг ойлгохгүй байна. Лав л тэгж хэлэх үндэслэл байхгүй. О.Баасанхүү өөрөө тийм зүйл бодоод явж байгаа бол алдаа шүү гэдгийг хэлье. Үүнийг олон түмэнд яриад байх ч зүйл биш. Цаашид энэ мэтийн намаа хуваасан гэх мэт эрүүл бус зүйл ярихаа зогсоо гэдгийг гишүүддээ хэлнэ. Манай намыг хуваагдаасай гэдгийг хүлээж суудаг улс төрийн хүчинд үйлчилсэн иймэрхүү яриа дахин гарах ёсгүй. Үнэхээр хуваагдсан юм байхгүй шүү.

О.Баасанхүү гишүүн МАН-ын дарга М.Энхболдтой уулзаад “Хоёр нам хамтрах тал дээр таны бодол юу байна” гэж асуухад нь М.Энхболд дарга “30:70-ын харьцаатай байвал хамтарч болно” гэдэг зүйл ярьсан гэсэн байна лээ. Үүн дээр хариулт өгөхөд МАН-тай нэгдэх асуудал МАХН-д байхгүй. Амьдрал харуулах байлгүй. Яахав тодорхой хүчин зүйлс дээр МҮАН-тай хамтарсан шиг хамтрахыг үгүйсгэхгүй. Манай нам тусдаа бие даагаад сонгуульд ороод явах бүрэн боломжтой.

-Д.Тэрбишдагва гишүүн МАН, МАХН нэгдээд явахад болохгүй зүйлгүй гэсэн байна лээ. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-МАХН гэдэг улс төрийн том хүчин өнөөдөр хоёр хуваагдсан нь үнэн. Тухайн үеийн удирдлагын хэдэн хүн юуны ч халуунд юм гаргасан шийдвэр. Нам нэрээ өөрчлөх асуудал тавигдах ёстой байж магадгүй. Гэхдээ тухайн цаг үед лав биш байсан. Үүнээсээ болоод ялагдал хүлээж байна. МАН дахь цөөн хэдэн хүний зөрүүд гажууд зан болон бусад улс төрийн хүчинтэй ашиг сонирхол нэгтэйн гай улс төрийн энэ том хүчинд яаж тусав гэдгийг нь бид харж л байна шүү дээ.

-Ямар хүмүүсийн гай болсон гэж?

-Тодорхой шүү дээ. С.Баяр, Ц.Нямдорж, Д.Оюунхорол гээд намын удирдлагууд нь байна. Заавал надаар нэр хэлүүлэх гээд байгаа бол ингээд хэлчихье. Өнөөдөр ч гэсэн МАН-ын удирдлагууд хар хор, өшөө хорслоо тээсээр байгаа нь туйлын харамсалтай. Одоо болоо шүү дээ. Хэдий болтол өшөө хорсол тээж явах гээд байгаа юм. Ийм өшөө хонзон өөрөө өөрийгөө идэхээс биш өөр юуг ч идэхгүй. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Ам нээсэн дээрээ хэлчихье. МАН-ын дунд болон доод шатандаа намын масс нь намынхаа удирдлага үйл ажиллагааг дэмждэггүй юм билээ. МАН ийм байдлаар цааш явбал улам л хүнд байдалд орно. Томоохон шинэчлэл хийж, хагарал бутралаа цэгцлэхгүй бол болохгүй. МАН бидний үйл ажиллагааг заахгүй. Тухайн үед улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх нь вэ. Түүнийг харж байгаад хамтрахыг үгүйсгэхгүй. Түүнээс биш манай намын зүгээс нэгдье гээд гүйгээд очих асуудал байхгүй.

-Өнөөдрийн нийгэм эдийн засгийн талаар ямар бодолтой байгаа бол?

-Мал нь байгалийн баялаг нь байсаар байхад монголчуудын амьдрал туйлын хүнд байна. Би гайхдаг юм. Монголчууд яасан тэвчээртэй ард түмэн юм бэ, гэж. Энэ хүнд байдлаас гарах ёстой. Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд лав л гаргаж чадахгүй. Баахан хоосон амлаж, хугацаа авдаг. Ерөнхийлөгч нь 2.6 жил намайг үлдээгээд өгөөч гэдэг. Ерөнхий сайд нь Эдийн засгийн форум дээрээ нэг сарын хугацаа өгөөч гэж байна. Дандаа хугацаа авсан, цаг алдсан, ард түмнийг хошгируулаад эцэст нь элгээр нь хэвтүүлсэн буруутнуудтай монголчууд хариуцлага тооцох ёстой.

-Таван толгойн асуудал дээр УИХ, Засгийн газар хоёр тийшээ харсан байр суурьтай байх шиг байна. Та хэрхэн харж байгаа вэ?

-Таван толгойг ард түмэнд мэдэгдэхгүйгээр, УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдчих гээд байгаа. УИХ-ын дарга З.Энхболдыг нэлээд үнэн үг хэлчихлээ гэж бодоод байна. Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэхгүй ямар шийдвэр гаргах гээд байгаа юм. Оюу толгойг анх Таван толгой шиг нуусан. Ямар гэрээ хийгээд байгаа нь ч нууц байсан. Ерөнхийлөгч Таван толгойн тал дээр УИХ-д итгэхгүй байна гээд хэлэхэд үнэнийг хэлэхэд гайхсан. УИХ-д итгэхгүй юунд итгэх гээд байгаа юм. Тэгээд гадаадынханд итгэх гээд байгаа юм уу. Оюу толгой, Таван толгой, Гацууртыг заавал Их хурлаар хэлэлцүүлж, ард түмэнд нээлттэй байлгах ёстой. УИХ-аар шийдэхгүй бол одоогийн Засгийн газрын хэдэн нөхдийн гараар орвол юу ч үгүй болох гээд байна. Өнөө их хүлээлт, сайхан амьдралын талаарх төсөөлөл бүгд талаар болж байна. Нэг хэсэг нь баяжаад нөгөө нь хэсэг нь яаж амьдрах юм. Өнөөдөр хотын захын гэр хороололд нохойдоо өгөх хоол олдохгүй байгаа нь үнэн шүү дээ. Зах дээрээс яс гуйж аваад шөл хийгээд идэж байна шүү дээ.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *