Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандуйг намаас нь дөрөв дэх удаагаа шийтгэлээ

Муу л юм болбол хойд гэрийн хар овоохой гэдэг шиг МАН хамаг буруугаа Ц.Сандуй руу чихдэг аргатай болов. Уг нь энэ хүн намдаа мөн ч их гавьяа байгуулсан даа. 2012 оны сонгуульд МАН ялагдаж, хуйгаараа шахам гудамжинд лааз өшиглөөд явж байсан үе бий. Тэгэхэд амь тавих шахам болоод байсан хотын намын хороог Ц.Сандуйд өгч “Чи л аргалаад аваад яв” гэж даалгаж байв. Тэрбээр найз нөхөд, танил талаасаа хандив, хөрөнгө босгон байж 2016 оны сонгуульд санаанд багтамгүй ялалт байгуулж чадсан. Тэр үе бол Э.Бат-Үүл багаараа хотод гарчихсан, олон ч ажил хийчихсэн, гялалзаж явсан жил. Үүл баатар хотын даргаар ажилласан дөрвөн жилийн хугацаандаа иргэдийн итгэлийг даасан шиг дааж ажилласан хүн байв. Тиймдээ ч 2016 оны сонгуульд Э.Бат-Үүл нийслэлд багаараа ялж, найдвартай хотын даргаар улиран сонгогдоно гэж амтай болгон ярьж байлаа. Мань эр ч өөрөө үүндээ итгэж, УИХ-д дэвшээгүй. Үндсэндээ МАН нийслэлд амжилт олохгүй гэдгээ мэдрээд орхисон нь ч худлаа биш. Сонгуульд хотын намын хороогоо ялуулахын төлөө яаж, ямар тактиктай оролцох талаар пиарынхаа төлөвлөгөөнд бараг оруулаагүй байсан гэдэг. Тэгтэл Ц.Сандуй Э.Бат-Үүл баатрыг ёстой бут ниргэсэн шүү дээ. Энэ бол Ц.Сандуй гэдэг хүн намаа зөв зохион байгуулж, дөрвөн жил бөөцийлж ажилласны л илрэл.Хамгийн инээдтэй нь түүнийг багаараа нийслэлд ялалт байгуулангуут хот хэмээх том “бялуу” олон хүний шуналыг хөдөлгөсөн. Уг нь нийслэлд багаа амжилттай удирдаж, намынхаа мөрөөдлийн цонхыг нээсэн хүнийг улс төрийн шийдвэрээр шууд хотын дарга болгох ёстой. Даанч МАН-ын Удирдах зөвлөл түүний хүч, хөдөлмөр зүтгэлийг үнэлээгүй. НИТХ-ын даргын суудлыг л өгсөн. Хатуухан хэлэхэд энэ бол намдаа гавьяа байгуулсан Ц.Сандуйд оногдуулсан нэг дэх шийтгэл байв. Ингээд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж МАН нийслэлд хоёр дүүргээс бусдад нь ялагдсан. Сонгуулийн үр дүн муу гарсан явдалд Ц.Сандуй хотын намын хорооны даргын суудлаасаа өөрийн ухамсраараа буусан юм. Энэ бол түүнд оногдуулсан удаах шийтгэл гэж харж болохоор.

МАН 2016 оны сонгуулийн зардлаа босгохын тулд албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын асуудал боссон. Энэ хэрэг мандсанаас хойш Ц.Сандуйг өдөр, шөнөгүй боорлов. Үүний дараа цагдаа, хүчний байгууллага Ц.Сандуйг удаа дараа шалгаж хэрэг биш гэж дүгнэсэн байдаг. Ер нь бол бүх нам дээр л болдог яриа. Үнэндээ Ерөнхий сайд нь, одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын намын нөхдүүд тэр 60 тэрбумын схемийг хараад баясаад, бие биедээ баяр хүргэж байсан гэдэг шүү дээ. Тэгсэн хэрнээ Ц.Сандуй руу хамаг бурууг түлхээд НИТХ-ын даргаас нь татан унагасан. Түүнд оногдуулсан гурав дахь шийтгэл энэ байв.

Ямар намыг ямар байхад нь хэн босгож ирсэн билээ дээ. Ц.Сандуйгийн ялалт, амжилтыг “Намдаа том гавьяа авчирлаа” гэж У.Хүрэлсүхээсээ авахуулаад бүгд магтан сайшааж байсан сан. Харамсалтай нь МАН ийм хүнээ хотын намын хорооны дарга, НИТХ-ын даргаас нь түвэггүйхэн явуулсан даа. Түүнд оногдуулсан энэ шийтгэлүүд нь багадсан уу. Өчигдөрхөн 60 тэрбумаар ацаглаж намаасаа хөөчихлөө. С.Мөнхчулууныг дэмжсэн гэж хардаж байгаа бололтой. Хуучин нийгэмд бол нутаг заан суулгаж, үр хүүхэд, гэр бүлээр нь шийтгэж тамлах байсан биз. МАН өөрийнх нь төлөө уйгагүй зүтгэж, хамаг үнэт үйлсээ зориулсан боловсон хүчнүүдээ энэ мэт ад үзэн хөөж тууж байгаад ирэх сонгуульд мад тавиулах вий дээ. Тэдний хийж буй бүх үйлдлийг ард түмэн харж байгаа.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *