Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сандаг-Очир: Хүүхдийн төлөө сангийн эхний хөрөнгө нь Хүүхдийн төлөө фонд аянаас цугларсан орлого

УИХын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


УИХаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Монгол Улс дахин Хүүхдийн төлөө сантай боллоо. Энэ талаар тодруулаач?

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар манай улс 24 сантай юм байна. Үүн дээр нэмээд Хүүхдийн төлөө санг байгуулахаар болж байна. Манай улс 1991 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, улмаар 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлан хэрэгжүүлж хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгосон. Мөн 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг тус тус баталсан байдаг. Харин энэ удаад Хүүхдийн төлөө санг хүүхдийн төлөө хийж буй бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулахаар болж байна. Манай улсын хувьд Ю.Цэдэнбалын үед Хүүхдийн төлөөх сантай байсан шүү дээ. Тэр сангаасаа олон арван цэцэрлэг, сургууль, хуримын ордон зэргийг байгуулсан. Энэ удаад ч дээрх ажлыг сэргээхээр Засгийн газраас санал оруулж ирсэн нь энэ юм.

Хүүхдийн төлөө санг хаанаас санхүүжүүлэх вэ. Санхүүгийн эх үүсвэрүүдийг нь дурдахгүй юу?

-Хүүхдийн төлөө сан хэд хэдэн санхүүгийн эх үүсвэртэй байна. Нэгдүгээрт, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлэх юм. Хоёрдугаарт, хүүхдийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын арга хэмжээнээс олсон орлогоос тус санг санхүүжүүлнэ. Мөн бусад эх үүсвэрүүд байж болохоор хуульд тусгаж байгаа. Байнгын хорооны хуралдааны явцад Их хурлын гишүүдээс зарим саналыг гаргасан л даа. Гишүүдийн зүгээс дээрх хоёр гол эх үүсвэр нь санд хангалттай хэмжээний төсөв мөнгө бүрдүүлж чадахгүй учраас байгалийн баялгаас орж буй орлогоос эх үүсвэрт төвлөрүүлье гэж үзэж байгаа. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хувийг Хүүхдийн төлөө санд зориулъя гэж байна. Архи, тамхины онцгой албан татвараас ч тодорхой хувийг зориулъя гэсэн санал санаачилга гарсан.

Тэгвэл санд хуримтлагдсан мөнгийг яг юунд зарцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Нэгдүгээрт, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжинэ. Эмнэлэг, спорт заал, сургууль, цэцэрлэг гээд хүүдийн төлөө л гэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үүнд багтах юм. Нөгөө талдаа хүүхдийн хөгжлийг хангахад чиглэгдэнэ.

Гишүүдийн зүгээс олон улсын урлаг соёл, спортын уралдаан тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг гаргаж, амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулах, мөн зөвхөн амжилт гаргаад ирснийг нь л шагнаж, урамшуулах бус уралдаан, тэмцээнд орох гэж буй хүүхдүүдэд зардал мөнгөний дэмжлэг үзүүлэх байдлаар дэмжвэл зүйтэй гэх саналыг гаргаж байгаа. Яг үнэндээ хүүхдүүд өөрсдийнхөө зардлаар л олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцдог. Аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ Засаг дарга нараас багахан хэмжээний дэмжлэг авна, заримдаа ямар ч дэмжлэггүйгээр бор зүрхээрээ л явдаг. Үндсэндээ эцэг, эхчүүд л хүүхдийнхээ төлөө тэмцээн уралдаанд орох зардлыг нь гаргадаг. Тиймээс цаашдаа Хүүхдийн төлөө сангийн тодорхой хувийг хүүхдийн хөгжилд зарцуулах нь зүйтэй юм. Миний хувьд зөвхөн хүүхдийн хөгжлийн асуудлыг ярихаас гадна хүүхдийн хамгаалал, оролцооны асуудлыг хөндөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хөгжлийн асуудлаас гадна хамгаалал, оролцооны асуудал дээр Хүүхдийн төлөө сангийн орлогыг зарцуулах хэрэгцээ шаардлага байна.

Өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал олон талаар хөндөгдөж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, хараа хяналтгүй, гэр оронгүй, өнчин хүүхдүүд байсаар байна. Сурах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа олон хүүхэд байна. Нийгмийн хамгаалал талаасаа Хүүхдийн төлөө сангийн тодорхой орлогыг зарцуулах хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудыг ч тодорхой хэмжээгээр дэмжих ёстой гэж үзэж байна. Ер нь хүүхдийн хөгжлийн асуудлыг хөгжил, хамгаалал, оролцоо гэсэн гурван талаас нь авч үздэг шүү дээ. Энэ гурван асуудлыг хамтад нь авч үзэж байж хүүхдийн төлөөх төрийн бодлого цогц болж чадна.

Өнгөрсөн өвөл Хүүхдийн төлөө фонд нэртэй хуримтлал цуглуулах аян өрнүүлсэн. Энэ фондод цугларсан хөрөнгө хэрхэн яаж зарцуулагдсан бэ?

-Урлаг, соёлын одод Хүүхдийн төлөө фонд хэмээх хандивын аян өрнүүлсэн. Энэ хүрээнд тус фондод хоёр орчим тэрбум төгрөг цугларсан. Тухайн үед хүүхдэд тусгайлан зориулсан сан байхгүй байсан учир тэрхүү хандивын мөнгийг хаана нэгтгэн хуримтлуулах нь тодорхойгүй байсан. Энэ удаад Хүүхдийн төлөө сантай болох асуудал хуулиар зохицуулагдаж байгаа учраас дээрх хөрөнгийг тус санд төвлөрүүлнэ. Энэ утгаараа тус сангийн эхний хөрөнгө нь Хүүхдийн төлөө фондоос цугларсан хоёр орчим тэрбум төгрөг байх юм. Сангийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулахыг хуульчилж байгаа учраас тус сангийн бүхий л үйл ажиллагаа эрх зүйн хувьд баталгаажиж буй хэрэг юм. Тухайн үед хүүхдийн төлөө цугларсан хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах ёстой вэ, аль дансанд төвлөрүүлэх, хэн зарцуулах эрхтэй, тэр эрхийг хэн олгох вэ гэдэг нь ч тодорхойгүй байсан шүү дээ.

Тэгэхээр Хүүхдийн төлөө фонд аяны хөрөнгө бүрэн бүтнээрээ, ямар нэгэн зүйлд зарцуулагдаагүй байгаа гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Хандиваас цуг-ларсан тэр хөрөнгөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. Одоо энэ хөрөнгө Хүүхдийн төлөө санд хуримтлагдана. Үүн дээр нэмээд саяхан дуудлага худалдаагаар өндөр үнэтэй худалдаалагдсан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого болох 300-400 сая төгрөг санд төвлөрнө. Одоогийн байдлаар Хүүхдийн төлөө санд 10 орчим тэрбум төгрөг цугларч байгаа юм билээ. Цаашдаа энэ сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй.

Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа. Ямар гол зохицуулалтуудыг хийж байгаа вэ?

-Хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг Монгол Улс анх удаа хэлэлцэн батлах гэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд талбай дээр гарч жагссан бүхэн хүний эрхийг хамгаалагч болж хувирсан. Энэ дунд хүний эрхийг хамгаалагчийн нэр барьж явдаг нь ч олон болсон. Одоо хүний эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахын төлөө явж байгаа хүмүүсийг ялгаж, салгаж ойлгох цаг нь болсон. Шүгэл үлээж, гудамжинд жагсаж, хэн нэгний дохио, зангаагаар жагсаал хийсэн хүн бүрийг хүний эрхийг хамгаалж байна гэж дүгнэх нь өрөөсгөл. Тиймээс хүний эрхийн төлөө тууштай дуугарч, ажиллаж байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалахад энэ хуулийн гол зорилго оршиж байгаа юм. Хүний эрхийг хамгаалахын төлөө дуугарч, баттай зогссоноосоо болж тухайн иргэний нийгмийн асуудал нь хөндөгдөх, байгууллага, ажил олгогчдынхоо дарамт шахалтад орох явдал гардаг юм байна. Яг л ийм хүнийг олж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь тус хуулийн үүрэг байх юм.

УИХын нэр бүхий гишүүд хариуцлага алдсан шүүгч, прокуроруудыг шалгуулах, хариуцлага тооцуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Та уг ажлын хэсгийн гишүүн. Ямархуу үр дүнтэй ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хариуцлага алдсан хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудыг шалгуулах, хариуцлага тооцох зорилго бүхий ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар мөн Улсын Ерөнхий прокурор гэсэн таван байгууллагад албан тоот өгсөн, шаардлага тавьсан.

ҮАБЗ-ийн зөвлөх, шинжээчид улсын хилээр их хэмжээний ам.доллар оруулж ирсэн байж болзошгүй асуудлыг шалгаж үзэхийг ТЕГ-аас хүссэн. Б.Баасанцогт өмгөөлөгчийн ашиглаж байсан компьютерээс тодорхой нэр бүхий улстөрчидтэй холбоотой гэмт хэргийн схем гарч ирсэн. Энэ асуудлыг шалгах ёстой талаар холбогдох газарт нь бичиг өгсөн. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгч нэр бүхийг шүүхийн албан хаагчид руу дансаар мөнгө шилжүүлсэн асуудал ч бий. Энэ асуудлаар АТГ-т хандсан. Энэ шаардлагуудын хариу ирээд дуусч байна. Сүүлд авсан мэдээллээр холбогдох газрууд дээр асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбогдоод байгаа Нийслэлийн Ерөнхий прокурор, түүний орлогч прокуроруудад хариуцлага тооцжээ. Албан тушаал бууруулж, ажлаас нь түдгэлзүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *