Categories
мэдээ нийгэм

Ц.Сандаг-Очир: Газар нутгийнхаа 4.5 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна DNN.mn

УИХ-аас “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж, нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш хийсэн юм. Тэгвэл тус Түр хороо сонсголын үр дүн, тайлангийн хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор яг ямар асуудлуудыг авч хэлэлцсэн бэ?

-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ асуудал орсон. Үүний дагуу ямар ч гэсэн сонсгол хийлээ. Ер нь уг асуудал өөрөө их том. Энэ сонсголд нийтдээ 10 гаруй шинжээч ажилласан. Түр хорооны гол зорилго бол 1990-ээд оноос хойш манай улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хэрхэн яаж олгогдож ирсэн юм. Хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлтүүд оров. Өнөөдөр хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх мэдээллийг үнэн бодитоор иргэд, олон нийтэд өгөх байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн. Түүнээс биш сонсголоор улс төр хийгээд, хэн нэгнийг буруутгаж, шүүгээд байгаа асуудал огт биш.

Анх удаа уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонсголыг хийсэн нь л хамгийн гол нь юм. Хаврын чуулганаар ч сая Үндэсний баялгийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай улс ер нь хэдий хэр хэмжээний байгалийн баялагтай юм. Хэчнээн орд илэрсэн, тэдгээрийн хэдийг нь стратегийн ордод бүртгэж авсан юм. Цаашдаа яах юм, дээрээс нь үүнтэй холбоотойгоор байгаль орчин, нөхөн сэргээлт, бичил уурхайн асуудлуудыг Түр хороо маш богино хугацаанд бэлтгэж, хоёр өдрийн турш сонсгол хийж, иргэдийг мэдээллээр хангалаа. Алдаа мадаг, дутуу хийсэн зүйл байгаа л байх.

-Манай улс ер нь хэдий хэр хэмжээний газрыг тусгай зөвшөөрөлд олгосон юм бэ?

-Одоогийн байдлаар нийт газар нутгийнхаа 4.5 хувийг ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр 14800 тусгай зөвшөөрөлд өгчихсөн байна. Үүний 12000 нь хайгуулын, үлдсэн нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа юм. Харин дээр хэлсэн 4.5 хувийн 0.29 хувийг нь идэвхтэй ашиглаж байна гэсэн мэдээлэл нотлох баримтын хүрээнд ил болсон. Мөн эдгээр лицензээс хэн гэж хүн, ямар компани хэдийг нь эзэмшиж байна гэдгийг ч сонсголоор ярьсан. Гадаадын 100 хувийн эзэмшилтэй 4-5 компани лиценз эзэмшиж байна. Үүнээс гадна лицензийн шилжилт хөдөлгөөн буюу эрх шилжүүлэх асуудлыг ч ярьсан. Шулуухан хэлэхэд, энэ чинь нөгөө иргэдийн хардаад байдаг лицензийн наймаа шүү дээ. Тийм болохоор энэ талын мэдээллийг ч ил болгосон. Тэгэхээр ард иргэд энэ сонсголоор зохих ёсны мэдээллүүдийг авсан гэж ойлгож байгаа.

-Илт хууль зөрчөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан тохиолдлууд ер нь байна уу?

-Монгол Улс хамгийн анх 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан байна. Тухайн үедээ хуулиараа өргөдөл бичээд л тусгай зөвшөөрлийг авдаг байсан. Хэн түрүүлж хүсэлт, өргөдөл гаргасанд нь л өгчихдөг байсан гэсэн үг. Одоо байгаа тусгай зөвшөөрлүүдийн ихэнх нь энэ үед олгогдсон байна. Дараа нь 2007 оноос сонгон шалгаруулалтаар, 2017 оноос цахимаар лицензийг олгож иржээ. Сонгон шалгаруулалт дээр асуудал байна. Тухайн үеийн салбарын сайдын тушаалаар гурван комисс байгуулагдаад сонгон шалгаруулалтыг хийдэг байж. Харин энэ удаад сонгон шалгаруулах комисст хэн, хэн орж байсан. Тэдгээрийн хамаарлыг тогтоож амжаагүй. Тиймээс цаашдаа үүнийг гүйцээж хийх ёстой. Ер нь өнөөдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын тухай хуульд бараг 400 гаруй нэмэлт, өөрчлөлт орсныг шинжээчид тогтоосон. Мөн Монгол Улсын нэлээд олон хуулийг зөрчиж байгааг Түр хороо гаргаж ирсэн.

-Тухайлбал?

-Газрын тухай хууль зөрчиж байна. Иргэн өмчлөлийн газар дээр давхцуулаад тусгай зөвшөөрөл олгосон, хайх, ашиглах зөвшөөрөл олгосон газарт нь иргэнд 0.07 га газрыг нь олгосон зэрэг зөрчлүүд их байна. Энэ бол төрийн байгууллагуудын хооронд уялдаа байхгүй, нэгдсэн мэдээллийн сангүйгээс үүдэлтэй. Үүнээс болж иргэн, аж ахуйн нэгжид үүссэн эдийн засаг, цаг хугацааны үр дагаврыг хэн хариуцах юм. Дээрээс нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж зөвшөөрөл олгосон явдлууд ч байна. Мөн Усны тухай хууль зөрчигдөж байгаатай холбоотойгоор Усны газрын даргыг гэрчээр дуудсан. Тэр хүний хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас болж 700 гаруй гол горхи, булаг шанд ширгэсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хуулиа дагаж мөрдөхгүй энэ чигээрээ явбал цаашдаа бид чинь гадаргын болон уух усгүй болох аюул бодитоор байна. Соёлын өвийн тухай хууль ч ноцтойгоор зөрчигдөж байна. Юнеско, Дэлхийн өвд бүртгэгдчихсэн үнэт ховор, түүхэн дурсгалт газар дээр зөвшөөрөл олгочихдог. Энэ бол дээр хэлсэн төрийн байгууллагууд уялдаа холбоогүй байгаагийн л илрэл. Түүнээс биш түүнийг устгая гэж хэн ч боддоггүй байлгүй дээ. Нөгөө талаар орон нутгийн иргэд, малчид нь зөвшөөрөхгүй гээд байхад түүнийг үл тоож, аймгийн Засаг даргынх нь саналыг авсан гэдэг нэрийн дор Ашигт малтмалын тухай хуулиа зөрчөөд тусгай зөвшөөрөл олгосон явдал ч ил болсон. Үүнээс болоод орон нутгийн иргэд, компаниудын хооронд үл ойлголцол үүсч, биенээ зодох, буу шийдэмдээ тулах явдлууд гарч байна. Ингээд эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан үүсдэг. Шүүх нь хуулийн дагуу эсэхийг нь судлаад нэг талд нь шийдвэр гаргадаг. Улмаар авлигад идэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд иргэдийн төр, шүүхэд итгэх итгэл буурч байна. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо маш их тооцоо, судалгаатай, орон нутгийн иргэдийн саналыг авч байж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамгийн олон ажлын байр бий болгож, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын нэр хүнд давхар унаад байна. Дээрээс нь энэ салбарынхан маань бүхнийг хуулийн дагуу хий. Улсад төлөх ёстой татвараа элдэв асуудалгүй төл. Хариуцлагатай уул уурхайгаа хөгжүүл, нөхөн сэргээлтээ сайн хий.

-Татварын асуудал хэр байдаг юм бэ?

-Х тайлан гаргадаг, тайлангаа гаргадаг компаниуд байна. Тэгсэн хэрнээ гаалийн мэдүүлгээр тухайн компани экспорт хийсэн байдаг. Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Мөн бичил уурхайг эвдрээд хаягдсан газарт хийх ёстой. Гэтэл зүгээр газрыг зориуд эвдлээд холбогдох газрын дүгнэлт гаргуулаад бичил уурхай эрхэлсэн жишээнүүд ч байна. Энэ мэтчилэн хуулийн цоорхойнууд байгааг сонсголоор нээлттэй болголоо.

-Энэ удаагийн сонсголыг улс төрийн байдлаар ашиглалаа гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сонсголыг үзсэн иргэд, нэр дурдагдсан компаниудын хүмүүс юу гэж үзэж байгааг мэдэхгүй. Бид бол нотлох баримтын хүрээнд бодит мэдээллийг л тавьсан. Тухайлбал, МАК компани нийтдээ 40 орчим тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэдгийг Б.Нямбаатар гуай өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нотлох баримтаар ч тэгж гарсан. Харин хэвлэл мэдээллээр гэр бүлийн гишүүн бүр нь тусдаа 40 зөвшөөрөл эзэмшдэг юм шиг зөрүүтэй мэдээлэл явсан гэдгийг би сонсголын хоёр дахь өдөр хэлсэн. Тэгэхээр сонсголоор ил болсон нотлох баримтыг цахим ертөнц, хэвлэл мэдээллээр мушгин гуйвуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш Түр хорооноос хамгийн их лиценз эзэмшиж байгаа, шилжилт хөдөлгөөн хамгийн их хийсэн эхний 10 аж ахуйн нэгж, иргэний нэрийг л жишээ болгож олон нийтэд ил болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь үнэн. Түүнийг нь олон нийтэд ил болгосон нь улстөржсөн асуудал гэж би харахгүй байгаа. Ер нь олон тусгай зөвшөөрөл эзэмшлээ гээд түүнийг буруутгаж байгаа юм биш. Мэдээж уул уурхайн салбарт болж бүтэж байгаа, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж байгаа зөндөө компани бий. Улсдаа хэдэн тэрбум, их наядаар нь татвар төлж, олон мянган ажлын байр бий болгож, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийсэн нь олон байгаа. Харин энэ удаагийн сонсголоор нийтийн эрх ашгийг хөндсөн, болохгүй байгаа, хуулийн ямар алдаа дутагдал байна гэдгийг л ярьсан.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *