Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Пүрэвхүү: Ээжүүд хэвлий дэхь үрийнхээ зүрх цохилох болов уу гэж айж байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийн утааны эсрэг жагсаал боллоо. Утааны
эсрэг “Боож үхлээ” жагсаалыг сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөн хүргэлээ. Энэхүү
жагсаалыг “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” ТББ-ын тэргүүн сэтгүүлч
Ц.Пүрэвхүү санаачлан олон нийтэд хүргэсэн юм. Тэрээр өөрөө хоёр хүүхдийн эх
бөгөөд ээж хүн болгон үр хүүхдийнхээ төлөө энэ жагсаалд нэгдээсэй хэмээн уриалж
байв. Өмнөх жагсаалд 2800 хүн гарын үсгээ зуран Өргөдлийн байнгын хороонд өгсөн
боловч тэд хариу ирүүлээгүй учир өнөөдөр 10.000 хүний өргөдлийг Засгийн газарт
хүргэхээр эрчимтэй ажиллаж байлаа. Олон нийтийн зүгээс энэхүү жагсаалын
захиалагчид нь хэн юм бэ гэж их асууж байна, тэгвэл энэ жагсаалын захиалагчид
нь ээж, аавууд юм. Өөр хэн ч биш хэмээж байв.

Өнөөдрийн
жагсаалд дуучин Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун тэргүүтэй 200 гаруй хүн МҮЭСТО-ны өмнөх талбайгаас Сүхбаатарын талбай
хүртэл ачааны машин дээр утааны эсрэг зохиосон шинэхэн уран бүтээлээ дуулан
парад алхан төв талбайд “Боож үхлээ” хэмээн хашгирсаар орж ирсэн нь олны
талархлыг хүлээв. Дуучин Филормонийн дуучин Ц.Хулан болон Лемонс хамтлаг ая
дуугаа өргөлөө. Өнөөдрийн хамгийн сэтгэлд хүрсэн зүйл нь олон албан
байгууллагууд нэгдэн өөрсдийн бүтээгдэхүүнээр жагсагчдад халуун цай, лимоны
жүүс өгч байв. Энэ жилийн хамгийн хүйтэн өдөр таарав уу гэмээр -23 хэмийн
хүйтэнд иргэд маш идэвхтэй оролцон жагсаал зохион байгуулагчдыг дэмжин “Боож
үхлээ”, “Бид амьсгалмаар байна. Гэхдээ цэвэр агаараар”, “Шаардаж байна” гэхчлэн
уриаг хэлэн хашгирч байлаа.

Өнөөдрийн
жагсаалыг маш олон телевиз, сонин, сэтгүүл, сайтууд сурвалжлахаар ирсэн нь
харагдаж байлаа. Иргэд үнэхээр уушигныхаа төлөө санаа зовдог, ирээдүйнхээ төлөө
дуугарч чаддаг, чадахгүй бол зайгаа тавьж өг гэж шаардаж чаддаг болжээ. Утааны
эсрэг хөдөлгөөний тэргүүн Ц.Пүрэвхүү “Энэхүү жагсаал бол эхлэл. Бид утааг
арилан арилтал тэмцэх болно. Ээжүүд хэвлий дэхь үрээ хүү юу, охин уу гэж
чагнадаг байсан бол одоо үрийн минь зүрх цохилж байгаа болов уу хэмээн айж
байна. Өнөөдөр жилд утаанаас болж 0-5 насны 435 хүүхэд нас барж байна. Энэ бага
тоо гэж үү, хотын дарга 2030 онд энэ утааг бүрэн арилгана гэсэн. Бидэнд тийм
цаг байхгүй. Энэ ажлаа хурдлуулаач ээ,” хэмээн шаардаж байв. Мөн зохион
байгуулагчдын зүгээс хар шаарнууд тараасан бөгөөд тэдгээрийг дээш нь хөөргөж
хог тарихгүй, төрийн ордны хайснаас уяж, хорвоод мэндэлж чадахгүй хэвлийдээ
өнгөрсөн ураг болгоны харласан уушгины төлөө өлгөнө гэж байв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *