-УОК-ЫН ӨӨРИЙНХ НЬ СОНГОСОН БАЙРНААС, ӨӨРСДИЙНХ НЬ ТОГТООСОН ДЭГ ЖУРМЫН ДОР ХАЛДВАР ТАРСАН НЬ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ ЯВДАЛ –
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Энэ удаагийн парламент 2021 оны төсвийг хэр оновчтой баталсан гэж та дүгнэж байна вэ?
-Энэ удаагийн парламент түүхийн тун эгзэгтэй үед төсөл хэлэлцэж байгаа хэрнээ их назгай, анхаарал муутай хэлэлцлээ гэж харж байна. КОВИД, их хэмжээний өр төлөх, эдийн засгийн уналт эхэлсэн гээд төсвийн бүх гадаад нөхцөл нь хасах руу зааж байгаа цаг үед хэт их бүтээн байгуулалт мөрөөдсөн, тойргийн явцуу сэтгэлгээтэйгээ зууралдсан, ариг гамгүй, хүмүүсээ нэгдүгээрт тавиагүй төсөв яригдаж байна лээ. Том том бүтээн байгуулалт хийх үе гэж байна, хийж чадахгүй үе гэж бас байна. Цаг үеэ зөв мэдэрч чадаагүй төсөв ард түмнээ эргээд л дааж давшгүй өрөнд оруулна. Энэ утгаараа энэ жилийн төсөв дээр ажиллахдаа хандлагаа эрс өөрчлөх, ариг гамтай, хүнлэг энэрэнгүй шийдэл тусгах талаараа гишүүд маш учир дутагдалтай ажиллалаа гэж бодож байна.
-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байна. Цаашдын ирээдүй болон гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ?
-Дэлхий даяараа цар тахлын дараа яаж хөгжих вэ, юугаа өөрчилж авах вэ, цаашид юугаа нэгмөсөн таягдан хаяж шинэ нөхцөл байдал руу шилжих вэ гэж маш идэвхтэй ярилцаж хэлэлцэж байна. Монголын Засгийн газар энэ ярианы идэвхтэй хөтөч байх ёстой атал өнөөдөр тийм манлайлал харагдахгүй байгаа.
Цаашдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гишгэх газраа эхлээд бат бөх болгож авах хэрэгтэй байна. Ямар ч барьцгүй, удаан хол явахгүй хий мөрөөдөл ярьж хэдэн арван жил болжээ. Энэ дутагдал маань одоо дэлхий даяараа хэмнэлтийн горимд орсон энэ цаг үед улам тод харагдаж эхэллээ. Цаашид бид улсаараа хий гишгээд, агаарт хөвөөд байж болохгүй. Цөлжилт нэмэгдэж өвс ургамалгүй болоод байхад л малын тоогоор мөнгө өгөөд байдаг. Усны нөөцгүй болоод байхад л жорлонд ус татдаг бүтээн байгуулалтыг тэтгээд байдаг. Өр төлөх цаг болчихоод байхад л дахиж өр тавьж бүтэх бүтэхгүй юм барьж байгуулаад байдгаа л больчихмоор байна. Өнөөдрийн эдийн засгийн төлөвлөлтүүдээ хийхдээ дандаа байхгүй тоон дээр, байхгүй баялаг дээр тулгуурлаад байна. Одоо газар дээрээ буумаар байна. Байгаа нөөц дээрээ, байгаа цөөхөн төгрөгтөө тулгуурлаж, байгаа асуудалдаа шинжлэх ухааны үндэстэй шийдэл олж, байгаа цаг агаартаа таарсан гарц гаргалгаатайгаар бодож, байгаа хүмүүсийнхээ оюун ухаан, соёл, хөдөлмөрийг зөв ашигласан шийдэл олохоос ажлаа эхэлмээр байна.
-УОК-ын хариуцлагагүй, мэргэжлийн бус байдлаас болж дотооддоо коронавирусийг алдлаа гэлцэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна. Ер нь эрх баригчдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрхэн дүгнэж байна вэ?
-УОК-ыг ард түмэн бүтэн жил дэмжсэн гэдгийг юуны өмнө хэлье. Ямарваа эсэргүүцэл тэмцэлгүйгээр зогс гэсэн газар нь зогсож, суу гэсэн газар нь сууна гэгчээр нийгэм бол үнэхээр эв санааны нэгдэлтэй байлаа. Гадаадад хичнээн олон монголчууд ямар хүнд нөхцөлд ямар олон сар шаналав. Гэвч энэ зовлонг хэн ч сонгуулиар эрх баригчдын эсрэг ашиглаагүй, тэгэх совесть ч байгаагүй, тийм хэмжээнд эв санааны нэгдлийг ард түмэн хангалттай үзүүллээ. Гэвч УОК-ын өөрийнх нь сонгож авсан байрнаас, өөрсдийнх нь томилсон харуул хамгаалалт дор, өөрсдийнх нь тогтоосон дэг журмын хүрээнд халдвар тархах эрсдэл үүссэн нь үнэхээр хариуцлагагүй явдал. Өнөөдөр үүсээд байгаа хүндэрсэн нөхцөл байдал бол бүгдээрээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хяналтаа зөв тавьж чадаагүй эрх мэдэлтэй хүмүүсийн үйлдлүүдээс болсон алдаа. Гэхдээ дахин хэлэхэд Монголын ард түмний хууль эрх зүйн өндөр мэдлэг, төрийн шийдвэрийг хүндэтгэн дагадаг энэ их соёл, эмч нарын маань энэ их ачаалал даах чадвар байгаагүй бол өнөөдрийнхөөс ч дор нөхцөл байдалд бид байх байсан байх. УОК одоо үүссэн нөхцөл байдалд илүү хариуцлагатай хандаж, шуурхай удирдлага, манлайллаа зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-АН 2016 оноос хойш УИХ, Нийслэлийн сонгуулиар ялагдал хүлээж байна. Улс төрийн намын хувьд том цохилт болсон байх. Ялагдлын гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Манай нам 1990-ээд онд байсан шигээ олны сэтгэлийг догдлуулан булгилуулахгүй болсон байна. Энэ л биднийг олон ялагдуулж байна даа. Энэ бол намд дүрэм нь байвч ард түмнийг татах гол үнэт зүйлс, үзэл баримтлалаа мартахаар гардаг үзэгдэл л дээ. Манай намын үнэт зүйл, үзэл баримтлал хуучрах болоогүй, харин ч XXI зуунд тулгамдаж буй маш олон асуудлыг шийдэхэд бидний үзэл баримтлал үнэхээр их гарцыг гаргаж өгч чадна, ганцхан түүнийгээ эзэмших, шийдвэртээ тусгах талаараа бид илүү их ажиллах ёстой болоод байна. Дүрмийн заалтаар тоглож лоббид тулгуурласан улс төр хийх, үзэл бодолтой улстөрч болох хоёр зам байдаг. Эхнийх нь номенклатурчинг голдуу төрүүлдэг. Дараагийнх нь удирдагч бэлтгэдэг юм. Манай нам удирдагч бэлтгэх талаараа бага анхаарсан болохоор л бид удаа дараа ялагдаад байна.
-АН дүрэмдээ өөрчлөлт оруулахаар зэхэж байна шүү дээ. Таныхаар дахин шинэчлэл хийх хэрэгтэй юү. Дүрэмдээ ямар өөрчлөлт хийж, намын шинэчлэлийг яаж хийвэл дээр гэж та үзэж байна вэ?
-АН-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Туваан гишүүний тушаалаар дүрэм өөрчлөгдөхөөр яригдаж байгаа. Нэг сонин хэлэхэд, С.Эрдэнэ дарга болсны дараа асар их мөнгө хөрөнгө зарцуулж, Монгол орноо хэд тойрч гишүүдээс санал авч бүтээсэн дүрмийг хүндэтгээд, тэр дүрмийг хэрэгжүүлж үзэх анхны сорилтод нь хувь нэмрээ оруулъя гэж зориглов оо. Тэгээд намын даргад нэрээ дэвшүүлж зарлаж үзэв. Гэтэл тэр дүрмийг огт хэрэгжүүлэхгүйгээр одоо шинэ дүрэм яриад эхэлсэн. Нэгэнт намын даргад нэрээ дэвшүүлье гэж ярьж байсан хүний нэг учраас сонирхлын зөрчил үүсчих байх гэж бодоод дүрмийн өнөөгийн хэлэлцүүлэгт би оролцохгүй байгаа. Энэ өөрчлөлтөөр дэвшил гаргах уу, ухралт хийх үү гэдгийг АН-ын Их Хурлын төлөөлөгч нар шийднэ. Миний хувьд анхаарал тавьж байгаа гол зүйл бол намын дотоод ардчилсан үйл явц. Намын их хурлын төлөөлөгчид ардчилсан аргаар сонгогдож бүрдэх ёстой. Томилогдсон төлөөлөгч нар Их Хурлын олонхыг бүрдүүлж болохгүй гэдэг байр суурьтай байна.
-Намын шинэ дарга ямар хүн байгаасай гэж бодож байна вэ?
-Намын олонх гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх хүн байгаасай л гэж бодож байна. Бас намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг шингээсэн үг хэлж, үйлдэл үзүүлж, олон хүнийг нэг чигт зориход нь тусалж манлайлж чаддаг байгаасай.
-Та одоо намын даргад нэр дэвших үү?
-Нэр дэвшинэ гэдгээ зарлаад л байгаа шүү дээ. Гэхдээ саяхан намын одоогийн удирдлага мэдээлэл хийхдээ зуны сонгуулийн дараа Дотоод сонгуулийн хороон дээр нэрээ бүртгүүлсэн нэр дэвшигчдийг нэр дэвшигч гэж үзэхгүй, шинэ дүрэм баталж байж бүхнийг шинээр бүртгэнэ гэж ярьчих шиг болсон шүү.
Р.ХИШИГЖАРГАЛ