Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюунгэрэл: МАН бол төрийн системээр дамжин хүмүүсээ тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам

УИХын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах АНын дотоод сонгуулийн үйл явц хэрхэн болж өнгөрөв?

-АН маань их л хүнд байдалд байна. Ер нь түүхэндээ сонгуулийн өмнө ийм байдалд байж үзсэн тохиолдол байхгүй байх. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 31 жилийнхээ түүхэнд хамгийн хүнд ээдрээтэй нөхцөлд энэ жил тулж ирлээ. Би нэр дэвшигчийг тодруулах цахим сунгаанд орсон. Өмнө нь намын даргыг тодруулах цахим сунгаанд орж байсан. Тэр сунгаанд ороод цахим сонгуульд орж болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Гэтэл хоёр дахь цахим сунгаанд урьд өмнө таамаглашгүй хоёр том алдаа гарсан. Тиймээс сонгуулийн нийт дүн нь намын нийт гишүүдийн болон өрсөлдөж байгаа бидний хувьд цочирдмоор шийдвэр гарсан. С.Эрдэнэ гэдэг хувь хүний сонгуульд өрсөлдөх эрх, эрх чөлөөг хүндэлж байна. Гэхдээ тэр хүнд тийм их санал авах бололцоогүй үед маш их санал авсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй, луйвар болсон гэж харж байна.

АНын дотоод маргаанаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодорлоо. Хэн нь улс төрийн энэ сонгуульд өрсөлдөх вэ. Санал хураалтад аль талд нь их гишүүн оролцсон байна гэдгээс хамаарах уу?

-Н.Алтанхуяг даргын тодорч гарч ирсэн цаасан сонгууль ч мөн процедурын хувьд маш их алдаатай болсон. Тухайлбал, саналын нууцлал хадгалах хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг талаасаа маш их алдаатай болсон. Тэр сонгуульд би оролцоогүй учраас доторх нарийн процедурыг нь яримааргүй байна. Гэхдээ нэг хүн нэг санал өгөх, саналаа нууцаар өгөх наад захын эрх нь огт хангагдаагүй байдалд болсон. Тиймээс энэ хоёр сонгуулийн дүнг хоёуланг нь хүлээн зөвшөөрөхөд маш түвэгтэй. Н.Алтанхуяг даргын нэрийг тодруулаад байгаа Үндэсний бодлогын хороо яаж хуралдаж, хэрхэн дүнгээ гаргасныг сайн мэдэхгүй байна. Тиймээс тэр сонгуулийн нөхцөл байдлыг төгс тайлбарлаж чадахгүй. Цахим сонгуульд өөрөө биечлэн оролцсон учраас нэг хүн нэг санал өгөх нь программ хөгжүүлэлтийн явцад алдагдсан гэж үзэж байгаа. Зарим хүмүүст 4-5 мессэж очсон. Зарим хүмүүст очсон код нь хэдэн зуун удаа санаа өгөх боломжтой гэх мэтээр алдаанууд олон бий.

Хэний буруугаас, юунаас болоод АН ийм байдалд орчихов. Та юу гэж дүгнэж байна. С.Эрдэнэ даргын буруугаас уу?

-Нэг хүний буруу гэж үзэх хэцүү. Дан ганц нэг хүн рүү буруугаа чихэх боломжгүй. АН-д үүсээд байгаа одоогийн нөхцөл байдал маш олон хүний олон жилийн намын дүрмийг цөөхөн хүний эрх мэдэлд зориулж мушгин гуйвуулах үйл ажиллагаа ар араасаа явагдсаны нөлөө.

Тиймээс энэ бол манай нам дахь системийн гажуудал. Олон жилийн олон хүний хувийн тоглолтын үр дүн. Ийм учраас одоо нөхцөл байдлыг засахад маш түвэгтэй. Одоо бол нам дотроо засч чадахгүй байгаа зүйлийг магадгүй төр дээр засах боломжтой. Тэгэхээр төр тамга, бүртгэлийн асуудлыг нэг талд нь гаргах замаар манай намын асуудлыг аль нэг талд нь хүчээр шийдэх ийм л гарц байна.

Төр гэдгээр та аль байгууллагыг хэлж байна?

-Улсын Дээд шүүх, Дээд шүүхийн бүртгэл байна. Шүүх дээр байгаа тамганы маргааны асуудал нэг талд шийдэх, Сонгуулийн Ерөнхий хороо аль нэг нэр дэвшигчийг нь бүртгэж авах гэх мэтээр ямар нэгэн байдлаар төрийн институци орж байж асуудал нэг талд гарахуйц болтлоо хуваагдчихсан байгаа шүү дээ. Ингэж асуудлыг шийдэж болох юм. Гэхдээ энэ нь намын гишүүдийг эвлэлдэн нэгдүүлж, нэг санаатай болгочихно гэсэн үг биш. Гишүүд дүрэм журам, зарчим дээрээ нэгдэх хэрэгтэй. Тэр нь маш удаан процесс л доо. Энэ процессыг давж чадах хүн хэд байна, хэдэн гишүүн энэ процессыг хүлээж тэвчих вэ гэдэг нь тусдаа асуудал.

Цахим сунгаанд оролцсон бүх гишүүд шударга бус, луйврын сонгууль болсон гэж хэлж байна л даа.

-Р.Амаржаргал гишүүн бид хоёрын ярьж байгаа зүйл нь намын доторх процедурын маргаан. Намын доторх процедурын маргааныг аль ч шүүх авч хэлэлцэхгүй. Захиргааны шийдвэр гэдгийг би түрүүн СЕХ хуульд заасан захиргааны бичиг баримтаа л шаардана. Хуульд заасан гол бичиг баримт нь намын төлөөллийн төв байгууллагын нууц санал хураалт, түүний тогтоол байгаа шүү дээ. тэгэхээр манай Үндэсний бодлогын хороо хууль ёсны дагуу хуралдаж, саналаа хураагаад нууц санал хураалтын дүнг тогтоолтойгоо явуулахад бүртгэж авах ёстой. Хэдийгээр бидний сунгаа маргаантай болсон ч гэсэн тэр сунгааны маргаанд Үндэсний бодлогын хороо өөрсдийнхөө санал хураалтыг явуулаад шийдвэрээ гаргачихсан бол төрд манай намын дотоод хэрүүл хамаагүй. Бид хоёрын ярьж байгаа зүйл бол манай нам дотор ийм зүйл боллоо шүү гэдгийг хэлсэн намын дотоод маргаан гэж ойлгож болно. Захиргааны шийдвэрт нөлөөлөхгүй гэж бодож байна.

Өнөөгийн түвшинд манайд ямар Ерөнхийлөгч үгүйлэгдэж байна. Тодорсон нэр дэвшигчид дотроос харахад сонголт байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа сонголтууд дотроос тэр гээд хараад хэлэхэд хэцүү юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгчид төрөөс оноосон гол үүрэг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа ойлгодог, мэддэг, Монгол Улсын ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр шаардлага ард түмэндээ бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байх. Тэр нь 50 дээр нэмэх нь нэг буюу ард түмний олонх нь хүлээн зөвшөөрч саналаа өгсөн хүн байх ёстой. Олонх нь хүлээн зөвшөөрч саналаа өгсөн хүн олонхын үзэл бодлыг илэрхийлэх ёстой. Гэвч сонгогдсон Ерөнхийлөгч аль болох хямралын менежмэнтийг сайн хийж чаддаг, ямар нэг хямралаас ард түмнээ эв найртай, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүй төрийн механизмуудыг зөв ажиллуулчихдаг ийм хүн байгаасай гэж бодож байна. Төрийн тэргүүн хүн төрийн механизмуудыг буруугаар ашигладаггүй, өөрийнхөө хувийн ашиг сонирхолд ашигладаггүй хүн байх ёстой. Нийтийн баялаг хувийн ашиг сонирхолд ашигладаггүй тийм хүн байх ёстой. Нийтийн баялаг хувийн ашиг сонирхол хоёрыг өөртөө ашиглаж, өөрийн давуу тал болгож ашиглаад байдаг хүн төрийн жолоон дээр сууж болохгүй гэсэн санаа бодолтой байдаг.

Та мэдэгдэлдээ цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө хөдөлмөрийг АНд зориулахгүй гэж дурдсан байна лээ. Ямар шалтгаанаар ийм мэдэгдэл гаргав?

-Цааш цаашдынхаа ажлыг залуучуудад зориулна гэж мэдэгдсэн. Өнөөдрийн АН, МАН шиг намууд руу залуучууд цаашид элсвэл “хөдөлмөрийн” маш хортой нөхцөл рүү орох гээд байна. Өөрөөр хэлбэл, улстөрч болох гэж байгаа ирээдүйн залуучуудад маш тохиромжгүй дүрэм журам, санхүүжилт, босготой, ёс зүйн хувьд нэлээн ялзарсан систем тогтож ужгирсан байна. Энэ системийг залуучууддаа ээлтэй, ирээдүйд ёс зүйтэй хариуцлагатай, цэвэр хүн улс төр хийж болдог орчинтой болгохын тулд би цагаа тэрэнд зарцуулъя, дүрэм журмыг бичилцье, залуучуудад ирээдүйд улс төрийн орчинг сайжруулж өгье гэж бодож байна. Улс төрийн сонгууль, марафон дууссаны дараагаар ажлын эхний өдрөөс эхлэн цаашдаа залуучуудад улс төрөө зөв хийхэд нь тохиромжтой талаарх намын шинэ дүрмийг бичээд сууж байна.

Тэгэхээр шинэ нам байгуулах гэж байна гэж ойлгож болох уу?

-Энэ дүрмийг ашиглаж шинэ намын орчинд залуучууд үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэсэн үг.

Таныг АНын гишүүнчлэлээсээ татгалзаж байна гэж ойлгох уу?

-Энэ талаар өнөөдөртөө бодож эхлээгүй байна. Яг өнөөдөртөө миний бодож байгаа гол зүйл бол мартаагүй байгаа дээрээ АН-ынхаа алдаанаас буулгаж авах, энэ алдаанаас сургамжилсан залуучуудад зориулсан шинэ улс төрийн орчныг системчлэх, шинэ дүрмийг бэлтгэх ажлыг хурдан хийе гэж бодож байна.

Хүмүүс их андуураад байдаг. МАН, АН-ын дүрэм залуучуудад ээлгүй ч гэсэн ХҮН-ын дүрэм ээлтэй байж магадгүй гэж андуураад байна л даа. Яг үнэндээ ХҮН бол хаалттай систем. Олон залуучууд орж болохооргүй хаалттай ажиллагаатай систем. МАН бол анхнаасаа л маш хаалттай системтэй байсан. Гэхдээ маш хяналттайгаар тэлдэг. Тэлсэн ч тэлээд орж ирж байгаа гишүүдийг үүрэггүй, эрх чөлөөгүй байлгаж, төрийн системээр дамжиж тэр хүмүүсээ тэжээж тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам. АН бол ерөнхийдөө нээлттэй систем. Хамгийн эрх чөлөөтэй орчинд иргэд эвлэлдэн нэгдэх боломжтой орчин мөртлөө энэ эрх чөлөөтэй нээлттэй системийг маш их хувь хүний явцуу эрх ашигт тааруулж эрэг шургыг нь сольсоор байгаад ардчилсан гэдэг нь танигдахгүйгээр мутацид орчихоод байна. Тиймээс миний мөрөөдөл АН шиг нээлттэй, хувь хүний эрх чөлөөг хангах боломжтой мөртлөө ёс зүйтэй зөв ажиллаж чаддаг ийм системийг бүтээхийг хүсч байна. Энэ системийг бүтээж болохуйц дүрмийн төслийг бэлдэж байгаад залуучуудтай хэлэлцэнэ гэж бодож байгаа. Ер нь залуучууд өөрсдийнхөө ирээдүйг ямар нөхцөлд улс төрөө хиймээр байна, ямар систем дотор хөгжмөөр байна, ямар системийг ашиглаж улс төрийн үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдэгт одооноос та нар оролцмоор байна гэж залуустайгаа ярилцаад байж байна. Намайг мэдээлэл гаргасны дараагаар залуучууд над руу хандаж “Та шинэ нам байгуулах гэж байгаа юм уу. Тэгвэл би орно шүү” гээд бичээд байгаа л даа. Тэгэхээр нь “Юу ч гэсэн эхлээд та нарыг бодоод системийн төсөл гаргая. Би мэдлэг боловсролоо та нарт ингэж л зориулъя. Үүнд яаж ажиллахыг цаг хугацаа харуулах биз гэсэн тайлбарыг өгсөн байгаа.

АНаас бус ХҮНаас ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж танд байсан. ХҮНынхантай уулзсан уу. Тэдний саналаас яагаад татгалзав?

-Дөрөвдүгээр сарын 19-нд Т.Доржханд гишүүн “Олон нийтийн санал асуулгаар та эхний тавдугаар байрт гарч ирлээ. Эхний тавд орсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж байгаа юм” гээд намайг урьж уулзсан. Уулзахдаа “Тантай хамгийн түрүүнд уулзаж байна. Та манай намаас танд санал тавьбал дэвших боломжтой юу” гэж асууж байсан. Би тэр үед “АН-аасаа нэр дэвших бол миний эхний зорилт. Нөхцөл байдал, АН сонгуульд оролцох боломжгүй ч юмуу, маш хүнд нөхцөл байдалд орвол танай саналыг бодож үзэхэд би татгалзахгүй” гэсэн хариуг өгсөн. Гэхдээ үүнээс хойш албан ёсоор холбогдож, бичгээр санал аваагүй. Үүнээс хойш ер нь Т.Доржханд гишүүнтэй дахиж уулзаагүй л дээ. Гэхдээ анхны уулзалтад төрсөн сэтгэгдэл таатай байгаагүй. Ер нь бол таатай уулзалт болоогүй. Маш хүнд яриа болсон. Би ХҮН-ыг их өөрөөр төсөөлж, бодож байсан. АН дотор санхүүжилт, зохион байгуулалт, дүрэм журмын асуудал гээд маш хүнд асуудалтай тулгарч энэ амьдрал дундуур явж байгаад ХҮН-ыг шал өөр нам гэж бодож тэр ярилцлагад орсон. Тэгэхэд Т.Доржханд гишүүний гаргаж байгаа хандлага, надад тавьж байгаа шаардлага энэ тэр нь ер нь л миний дуулах дургүй дууг буцааж дуулж байгаа юм шиг байдалтай байсан. Маш их мөнгө нэхэх юм байна, нэлээд хаалттай байх юм байна, гол нь залуучуудын хүсээд байгаа орчныг бүрдүүлэх чиглэлд санал нийлэхгүй юм байна гээд нэлээн олон зүйл дээр санал, яриа сайн нийлээгүй. Тиймээс ч би ХҮН-аас дэвшье гэж бодоогүй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *