Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунбаатарын “Дарамтад орсон хүн тодорхой хугацааны дараа яаж дарамтлуулснаа ярих биз” ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарт хүрч байна. Энэ өдрийн дугаарт 33 дахь удаагийн “Болор цом” наадмаас бэлтгэсэн сурвалжлагыг онцолж байна. Өчигдөр үдэш болж өнгөрсөн “Болор цом-2016” наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Эдгээр шилдэг найрагчдаас Цэвэг-Очирын Эрдэнэбаатар тэргүүн байрт шалгаран “Болор цом”-ын эзэн боллоо. Энэ жилийн наадам нь нэрт яруу найрагч Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиосноороо онцлог болсон. Нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцсон юм. Сурвалжлагын дэлгэрэнгүйг 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай хийсэн ярилцлагыг онцоллоо. Өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж саналаа хүргүүлсэн юм. Улмаар ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдааныг хийсэн. Ярилцлагын эхлэлийг тэргүүн нүүрнээс унших боломжтой.

Харин манай алдарт гуравдугаар нүүр “Баримт, үзэл бодол” буланд нэрт нийтлэлч Баабарын “Их дайны өмнөх дэлхий” нийтлэл хэвлэгдсэн байна. Тэрбээр нийтлэлээ “Дэлхийн өнөөгийн байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөхтэй улам төстэй болж байх шиг…” хэмээн эхэлжээ.

Тавдугаар нүүрэнд Монгол Улсын шадар сайд П.Оюунбаатартай хийсэн ярилцлагыг нийтэллээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба намын даргынхаа даалгавраар намаа санхүүжүүлэхийн тулд мөнгө авсан нь эргээд түүнийг шоронгийн хаалга татуулсан тухай телевизээр ярьсан билээ. Харин Ц.Оюунбаатарын ярилцлагад юу гэснийг уншаарай.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн долдугаар сард шинэчлэн батлагдаж, есдүгээр сарын 1–нээс хэрэгжсэн. Уг хуулийн хүрээнд Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам батлагдаж, уржигдраас буюу хоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл журам мөрдөгдөж эхэлснээс хойш эхний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 476 жолооч зөрчил гарган, өөрсдийн 10 онооноосоо хасуулжээ. Энэ талаарх мэдээллийг зургадугаар нүүрнээс уншаарай.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг өнгөрсөн баасан гаригт сулласан тухай манай сонин мэдээлсэн. Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг саатуулан шалгаж байсан билээ. Тэднийг батлан даалтад гаргаагүй хорих хугацаа нь дууссан учир сулласан байна. Прокурор, мөрдөн байцаагч нарын үндэслэлээр бол энэ хэрэгтэй холбоотой мөнгө хаана эргэлдэж буй болон хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн ойр дотныхны нэр дээр хэдэн компани байгааг тогтоож “Шинэ төмөр зам”-ын төсөлтэй холбоотой угаагдсан, шамшигдуулсан гэх бэлэн мөнгийг олох хэд хэдэн ажил хийгдээд явж байсан гэнэ. Иймд тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн үндэслэл гаргажээ. Энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр болох ёстой байсан ч нэг шүүгч нь олдохгүй байсны улмаас хойшилсон гэх мэдээлэл ирсэн. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл долдугаар нүүрийг сөхөөрэй.
Олон улсын хэмжээнд өрнөсөн мэдээ мэдээллийг “Гадаад мэдээ”-ний булангаас уншина уу.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон саяхан ОХУ-ын Красноярск хотноо болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При”-гаас жиндээ алтан медаль хүртсэн билээ. Тэрээр аваргын төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялсан юм. Түүнтэй хийсн сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншаарай.
АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын амьдрал ахуй, сонин хачин үйл явдлаас уламжлан хүргэдэг “Америкийн монголчууд” буландаа “Монголын андууд” цагаан сарыг тэмдэглэв мэдээ сурвалжлагыг хүргэж байна.
2016 онд шинжлэх ухааны салбарт ямар дэвшилтэт үйл явдал болохыг “Шинжлэх ухаан”-ы булангаас уншаарай. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг лхагва гаригийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *