УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Сонгуулиас хойш ямар ажил амжуулж байна вэ. Ихэнх хүмүүс амарч байна гэдэг хариулт өгч байгаа. Ямар ч байсан Риогийн олимпод очсон байна лээ?
-Ажил ихтэй байна. Өнгөрсөн өвөл хаврын цас зуд, улаанбурхантай зэрэгцэн Риогийн олимпод түүхэндээ
хамгийн олон буюу арван төрлөөр 50 тамирчинг оролцуулсан, тэднийгээ дэмжиж, риогийн олимпийн хаалтанд оролцоод ирлээ. Хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх энэ сэдвээр телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулах, цэцэг өргөх, гэрэлт зул өргөх ажил зохион байгуулав. МАХН Цэдэнбал даргын 100 насны ойд зориулсан цогц ажлын хүрээнд “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Ю.Цэдэнбал” гэсэн номын (зохиогч Ц.Шаравдорж) нээлт хийх эрдэм шинжилгээний хуралд бэлтгэх гээд олон ажил байна. Монгол дахь сонгуулийн коррупци түүний нийгмийн хор аюул сэдвээр эрдмийн ажил хийж сонгуулийн булхай луйвар, авлигын талаар судалж байна.
-Та УИХ-ын сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бохир ч гэсэн сонгууль болоод өнгөрсөн. Сонгогчдын саналыг худалдан авч, хууль зөрчсөн үйл ажиллагаа их явсан ч УИХ байгуулагдлаа. Энэ бүх процессыг хөндлөнгөөс нь хараад л сууж байх шив дээ. Монгол төр түвшин амгалан байгаасай гэсэн жирийн монгол хүний хүсэл л надад байна. Эцсийн дүндээ Монгол Улс хөгжиж, ард түмэн хангалуун амьдрах ёстой. Өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай, 60 сая малтай монгол хүний амьдрал яагаад дээшлэхгүй байна вэ. 200 орчим гэр бүл Монголын нийт баялгийн 99 хувь дээр эзэн суучихсан. Ард түмнээ улс төрийн намын хатуу гишүүнчлэлд хуваарилчихсан, хоорондын зөрчил дээр нь тоглодог энэ тогтолцоо Монголын ирээдүй биш. Улс төрийн өнөөдрийг хүртэл явж ирсэн зам үүнийг тодорхой харуулж байна.
МАН парламентад дийлэх олонхи болчихвол ард түмний амьдрал сайжирдаг бол сайхан байна л даа. Тэгж чадахгүй. Нөхцөл байдал тийм байгаа. Ардын нам парламентын 85 хувийг авсан. Ингэснээрээ амьдрал сайжирдаг бол мань мэт нь санаа зоволгүй, судалгаа, уран бүтээлийн ажлаа хиймээр байх юм. Ардын намын удирдлагууд үүн дээр дүгнэлт хийж байгаа байлгүй. Нийгмээ эрүүлжүүлэх том бодлого руу яваасай гэж хүсч байна. Эрх барьж буй намын удирдлагуудад хандаж байгаа. Шаардлагатай бол биечлэн уулзана. Төр засаг нь хурдан төлөвшиж эрүүл тогтолцоонд ороосой гэж хүсэх юм. Иргэд, судлаачдынхаа үгийг сонсож, төрийн бодлогоо боловсруулаасай гэж хүсэж байна.
-Төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм уу?
-Монголд сайхан ирээдүй, хөгжлийн боломж бий. Ингэхийн тулд бид улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлэх, жинхэнэ бодит реформ хийх хэрэгтэй. Тэр утгаараа хоёр шатны парламенттай болох шаардлага тулгарлаа. УИХ, Улсын Бага Хурал гэдэг тогтолцоо руугаа орох нь хамгийн зөв шийдэл. Хоёрдугаарт, намуудын хатуу гишүүнчлэлээс ард түмнээ салгах цаг ирсэн.
Улсын Бага Хурал нь Засгийн газраа байгуулах нь зөв. Засгийн газар нь хууль тогтоох байгууллагаасаа ангид бие даасан байх, хатуу хяналт дор ажиллах шаардлагатай. Улсын Бага Хуралд мэргэжлийн хүмүүсийг оруулдаг байх нь чухал. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хууль ярьж байна. Тэгэхдээ шууд улс төрийн нөлөөнд байгаа тул Цэц нэг асуудлаар хэдэн янзын шийдвэрийг сийхгүй гаргаж байгаа. Сонгуулийн пропорциональ систем зөв байна гэж шийдвэр гаргачихаад нэг, хоёр жилийн дараа пропорциональ нь буруу байна гэдэг. Одоо бид тойрч суугаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих цаг болсон. Ардын намынхан дангаараа хийх боломжгүй. Ингэж өөрчлөлт хийхгүй бол бид ямар ч хөгжлийн талаар ярих шаардлагагүй.
Ардын намынхан АН шиг хоёр тэрбум ам.долларын бонд гаргана, гаднаас зээл авна ч гэдэг юм уу тийм байдлаар ажиллаж болохгүй. Өмнөх Засгийн газрууд шиг нам тойрсон хэдэн компаниа л дэмжээд дуусна. Өнөөдөр ганц нэгийгээ шоронд явуулаад ч яах вэ дээ, тараасан мөнгөө олж авч өрөө төлсөн нь л зөв ш дээ. Бүгд л адилхан.Зээлийн ихэнх нь улстөрчдийн халаасыг түнтийлгэж, оффшор дансанд шилжиж, сонгуулийн тоглоом болоод дууссан. Саяын сонгууль мөнгөний бохир хуйвалдаан болоод өнгөрлөө.
-Сонгуулийн тогтолцоо буруу байна гэсэн үг үү. Хэрэв тийм бол өөрсдийнхөө ялсан тогтолцоог өөрчилсөн нь АН-ынхны алдаа байв уу?
-Сонгуулийн хуулийг өнгөрсөн хавар улс төрийн хуйвалдааны байдлаар өөрчилсөн. Пропорциональ систем нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн тогтолцоо. Энэ нь авлига, хүнд сурталд өртдөггүй. Мажоритар, пропорционалийн холимог тогтолцоог дэлхийн ихэнх орон ашиглаж байна. 2012 онд туршлага муугийн улмаас намын даргын хүрээлэлд байгаа хүмүүс, хэн ч биш нөхөд орж ирэх хандлага байсныг бид сайжруулаад туршлагатай улстөрч, эдийн засагч, хуульчдыг пропорционалиар орж ирэх тогтолцоо руу явах ёстой байсан. Гэсэн ч үүнийгээ буруу гээд байхгүй болгочихсон чинь жижиг тойргуудад мөнгө тараагаад явдаг болсон. 2014 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санаачлан Азийн хөгжлийн банк, АТГ-тай хамтран сонгуулийн коррупцийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан юм. Тэгэхэд 100 тэрбум төгрөг зөвхөн сонгуулийн хүрээнд эргэлдэж байна гэдэг судалгааны дүн гарсан. Төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор өнгөрөгч сонгуульд бүр их мөнгө зарцуулцгаалаа. Одоогоор судалгааны дүн бүрэн гараагүй байна. Сонгогчдын саналыг худалдаж авах бохир технологиуд шинээр их орж ирсэн. Сонгууль болохоос нэгээс хоёр жилийн өмнө ам бүл, ах дүү нараар нь худалдан авсан. Засгийн эрх барьсан нам дээр энэ байдал илүү тод гарсан.
-Таны тойрог дээр гарсан гэсэн үг үү. Илүү тодорхой хэлээд өгөөч?
-Хэдэн зуугаараа гарсан видео бичлэг, хөдөлшгүй баримтууд байдаг. Судлаачдын зүгээс бохир технологийн явц хандлага онцлог хор аюулыг судлах нь гол болохоос бус аль нэг тойрог дээр хэрүүл хийх нь ямар ч ач холбогдолгүй.
-Тэгээд ямар зарчмаар явж байх юм?
-Гэр хорооллын иргэдийн өрийг чөлөөлөх замаар тэдний саналыг худалдаж авлаа.
Хөдөөгүүр болохоор малчны хотноос хонь худалдаж авч байгаа нэрээр мөнгө тараасан. Ингэж л авлигын сонгууль болж өнгөрсөн. Энэ хүмүүс нэг удаадаа ингээд гарлаа ч гэсэн Монголын хөгжилд юу ч авч ирэхгүй. Харин ч зөрчилдөөнийг бий болгоно.
АН, МАН гэлтгүй МАХН-д ч гэсэн зарчмын томоохон үзэл бодлын зөрүү гэж байхаа больсон. Зүүний, барууны гэж ярихаа байчихсан. Ер нь утга учраа ч олохоо байсан нь үнэн. Аль нэг намын бодлогыг нь томоохон олигархиуд л барьж байна. Тэдэнд барууны, зүүний гэсэн зөрчил байдаггүй тул уул уурхайн орд газрууд дээр хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ олсон мөнгөө хувьдаа завших л үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн шүү дээ. Оффшор данс гээд байгаа чинь цэвэр үүгээр орж ирсэн мөнгө. Барилга, бүтээн байгуулалт, тендер нэрээр зээл тусламж аваад оффшорт байршуулдаг. Түүнээс ямар ч үйлдвэрлэл явуулаад байгаа юм байхгүй. Буянгийн Жаргалсайхан ноолуураас олсон хэдэн төгрөгөө оффшорт байршуулахгүй нь ойлгомжтой. Улстөрч бизнесмэнүүд төрөөс хулгайлсан завшсан мөнгөө татвараас нууж байгаа л хэлбэр. Чингис, Самурай бонд нийлээд 2.1 тэрбум ам.доллар. Үүний хагас нь оффшорт очсон нь үнэн. АТГ, цагдаа 60 жил болсон барилгыг хоёр компани өөр хоорондоо хийсэн гэрээ хэлэлцээрийг залилангийн хэрэг болгон долоон жил мөрдөж байхаар үүнийгээ шалгаач. Хаа хамаагүй, эрүүгийн хэргийн субьект биш хүнийг улсын нууц задалсан энэ тэр гээд улс төрийнхөө өрсөлдөгчийг хоргоож байгаа нь дэлхий нийтийн шившиг байхгүй юу. Монголын эрхзүйн байдал ийм дорд орчихсон. Оффшорт байгаа олон сая доллар, тэрбум төгрөгтэй асуудлуудаа шалгахгүй байж, тэр бүү хэл шалгахгүй дарчихдаг. Мөнгөний их урсгалын хэргүүдийг АТГ, цагдаа дээр дарчихсан үйлдлүүд хэдэн арваараа байгааг би мэднэ. Энэ бүхэн чинь судалгааны обьект болохоос хэвлэл мэдээллийн асуудал биш. Миний шавь нар, урьд хамт ажиллаж байсан хүмүүс толгой сэгсрээд сууж байна. Дээрээс дарамтлаад байна гэдэг. Засгийн эрх барьж буй нөхөд хууль, шүүхийнхнийг дарамтлан, дур зоргоороо хууль завхруулаад явж байгаа. Үүнийг өөрчлөх нь чухал болохоос хэн яасан ийсэн нь чухал биш. Тиймээс бодлогын тогтолцооны том өөрчлөлт хийх хэрэгтэй. Сү.Батболдыг намын дарга, Ерөнхий сайд болоход нь хоёр шатны парламенттай болох төслийг хийгээд оруулж өгч байсан.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлууллаа. Хүний эрхийн хуульчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрүүгийн хууль нь Америкийн хуулийг хуулсан зөрчилтэй, бизнесийнхэн, баялаг бүтээгчдийг хохироосон зүйл заалттай л даа. Гэхдээ энэрэнгүй, хүний эрхийг хангасан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бүтэн жилээр хойшлуулж байгаа нь буруу.
Монгол Улсын хүний эрхийн асуудал дээр маш том цохилт болсон. Улс төрийн хүрээндээ тохиролцоо хийгээд маргаантай асуудлуудаа өөр журмаар шийдээд явах нь илүү зохистой гэж үзэж байгаа.
-Хоёр, гурван сар болоод л МАХН-ын дарга Н.Энхбаярыг барилаа, хорилоо гэдэг мэдээлэл гарах юм. МАХН-ын байрыг залилангийн шинж чанартай авсан гэдэг зүйл яригдаж байна. Цаад хүндээ ч хэцүү байдаг байх. Энэ бүхэн хэзээ эцэс болох бол?
-Төрийн эрх баригчид нь улс төрийнхөө өрсөлдөгчийг цагдаа, АТГ-аар дарамталдаг ийм тогтолцооруу бид орчихлоо. Үүнээсээ гарахгүй бол хэдэн жилийн дараа захиалагч нөхөд нь өөрсдөө асуудалд орж ч магадгүй. Энэ зам биш юм байна гэдгээ хэзээ ойлгох хүмүүс вэ. Хууль хяналтын байгууллагынхан долоон жил Н.Энхбаяр гэдэг хүнээр туг тахилаа. Ганц хүний асуудлыг ингэж олон жил шалгачихаад яасан ч дуусдаггүй юм.
Өөр бусад гэмт хэргүүд нь дараатай байсаар байтал түүн рүүгээ ордоггүй. Монгол гэдэг чинь эртний төрт ёс, түүхтэй улс шүү дээ. Шударга зүйл гэж байхаа болилоо. Хараат бус хэсэг хуулчид хамтарч Хүний эрх, шударга ёсны төлөө төвийг байгууллаа. Манай төв Кредит банкны дөрвөн давхарт байрлаж байна. Ийм байдлаар ард иргэдийнхээ эрх зүйн байдлыг сайжруулах, хүний эрхийг хангах чиглэлээр томоохон алхам хийхээр зорьж байна.
Цаашид бид Монгол Улсынхаа эрх ашгийн үүднээс намын хатуу гишүүнчлэлээсээ татгалзах ёстой гэдгийг дахин хэлье. Яахав дээ, өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод иргэдээс авсан санал дээрээ дулдуйдан дур зоргоороо авирлаж болох ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой хо хир о л учр уул ж ба йга а байхгүй юу. Н.Энхбаяр гэдэг хүнээр туг тахих асуудал эцэс төгсгөл болох байлгүй дээ. Хоёр компани хоорондоо гэрээний хүрээнд мөнгөө өгч авалцаад өмчөө шилжүүлээд хоёр жил болсны дараа нөгөө компанийн гомдлоор ингэж болохгүй. Иймдээ хүрвэл иргэний бүх гэрээ хэлэлцээрийг АТГ хянаж шалгах болно. Төрийн албан т уша а л а а аши г л а н о л о н улсын алдагдалтай гэрээ хэлэлцээрүүдээ яагаад шалгахгүй байгаа юм. Хэн нэгэн хүн авлига авч байгаад баригдахаараа тэр хүнд өгөх гэж байсан гэхээр бусдыг хэрэгт татдаг байж болохгүй. . Баримт дээр тулгуурлан асуудлыг шийддэг. Хэлбэрийн төдий ч хэрэг биш зүйлүүдээр олон сар жил захиалгаар мөрдөн шалгаж, эрүүдэн шүүдэг ажлаа зогсоох цаг болсон. Мэдээж үүнд өртөж байгаа улс төрийн зөрчил, өс хонзонгийн золиос болж байгаа хувь хүнд ч гэсэн хэцүү л байгаа.
-МАХНорон нутгийн сонгуульд хэр бэлдэж байна вэ. Та МАХН-ын дэд даргаар ажиллаж байгаа хүн, төлөвлөгөө гаргаа байлгүй?
-Биеэ даасан Монголын гурав дахь том улс төрийн хүчин орон нутгийн сонгуульд оролцоно. Харин орон нутгийн сонгуульд оролцуулахгүй, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх асуудлууд ихээхэн газар авч байна. Энд мэдээж сайн гарц бий. Улс төрийн том зөвшилцөл, шийдэл, гарцыг хайх чиглэлд МАХН ажиллана. Улс төрийн хувьд намууд, улстөрчид Монголын нийгмийн хөгжлийн гарцыг зөв олох тогтолцоо руу оролгүй амиа бодоод явах юм бол том шийдэлд хүрэхгүй.
МАХН-ын дэд даргын хүрээнд нийгмийн амьдралыг шударга болгох хүний эрхийг дээдлэх чиглэлд идэвхтэй ажиллана. Аймаг, орон нутагт идэвхтэй ажиллаж байгаа. Иргэд өөрсдийнхөө эрхийг хамгаалан тэмцдэг байх хэрэгтэй. Хуучин шиг төр засгаар хэрэгтэй зүйлээ хангуулаад явна гэдэг энэ цаг үед нийцэхгүй. Үгээ хэлдэг, эвлэлдэн нэгддэг, тэмцдэг, жагсдаг байх ёстой. Судлаачийн хувьд хэвлэлийн эрх чөлөөг хангах, бусдын нэр төрд халдах, гүтгэх асуудлыг улс төрийн хүрээнд судлахаар хуульчидтай хамтарч байгаа.
Монголын нийгэмд нэг нам дангаараа ноёлоод нийгмийг хурцатган, ард иргэд нь гудамжинд гарч тэмцдэг хэлбэрээс илүү тойрч суугаад хөгжлийн бодлогоо ярьдаг байх хэрэгтэй, үүний төлөө ажиллана. Монголыхоо иргэдийг тайван амьдрах боломжийг нээж өгөх төрийн бодлогыг бий болгоход манлайлагч болж орно.