Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд өргөх бичиг хүргүүлсэн иргэд мэдээлэл хийлээ. Тэд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болгох нь ёс зүйгүй, шударга бус гэж үзэн ийнхүү өргөх бичиг хүргүүлсэн юм.
Хуульч Т.Энхсайхан: “Эрхтэн дархтны хүүхдүүд элчин сайдаар томилогддог шударга бус нийгэм Монголд бий болсон байна. Дээд албан тушаалтнууд зөвхөн өөрсдөдөө зориулж хууль баталж, өөрсдөө хуулийн хамгаалалтанд орсон, харин ард түмнийг хуулиар далайлган тонож дээрэмддэг ийм хуулийн гажуудсан байдлыг үүсгэж, нийгмийг онц аюултай байдалд хүргэжээ. Иймд Хууль зүйн яамыг 22 жил удирдахдаа дампууруулж хаясан Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос хариуцлага нэхэж огцрохыг шаардаж байгаа юм. Үүнээс гаднахүү Н.Анхбаяр нь эцгийнхээ шууд оролцоотойгоор Эрдэнэт улсын үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг олсон нь тогтоогдоод байна.
Иймээс бид Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлээд явж байна. Энэ хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн хариуцсан салбарт цагдаа прокурор зэрэг хууль хүчний бүх байгууллага байдаг. Тэдгээр хүчний байгууллагуудаараа дамжуулан намайг төдийгүй нөхрийг маань холбогдуулан дарамталсан.
Өчигдөр Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийхөн бид Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох нь ёс зүйгүй, шударга бус зүйл хэмээн өргөх бичгийг Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсний дараа Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хариуцсан газрын дарга цагдаагийн хурандаа Н.Амгалан гэдэг хүн ирээд жагсаал хийж байгаа иргэд рүү хашгичиж, хөөж туусан. Мөн намайг “танай нөхөр чинь цагдаагийн албан хаагч гэдгийг бид мэднэ. Чи дахиад жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна шүү” гэж заналхийллээ. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жил үнэнчээр зүтгэж яваа хүн. Гэтэл цагдаагийн хурандаа хүн ингэж заналхийлж байгаа нь ёс зүйгүй, үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл юм.
Цагдаагийн байгууллагаас над руу удаа дараа залгаж дарамталсаар байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Лхагвасүрэн Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж надад “Жагсаал цуглааныг чинь хүчээр тараана шүү” гэсэн албан бичиг хүргүүлсэн” гэв.
Тэрээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тэмцэл, жагсаалаа зогсоохгүй болохоо мэдэгдлээ.
Б.САРУУЛ