Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Ялыг хөнгөрүүлэх тохиолдол бүрт дүрэм, журам гаргах уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлд 300 мянган төгрөгөөс дээш хохиролтой гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон насанд хүрээгүй хүүхдэд найман жил оноодгийг таван жил болгон ялын хугацааг гурван жилээр багасгахаар тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Гарамжав “Насанд хүрээгүй хүүхдэд оноох ял манайд хүнд байдаг. Хэрвээ энэ хууль батлагдсанаар одоо ял эдэлж байгаа хүүхдэд үйлчлэх үү” гэсэн асуултад ажлын хэсгээс “дүрэм тогтоол гаргасан тохиолдолд хэрэгжүүлнэ” гэсэн хариултыг өгсөн юм. Асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулахдаа “Хууль журмын дагуу энэ асуудлыг шийднэ гэж Эрүүгийн хуульд бичсэн байгаа. Энэ сүүлийн үеийн хуульчдын мэргэжлийн ур чадварт эргэлзэх эргэлзээ улам бүр нэмэгдэх боллоо. Асуудал хэлэлцэх болгонд буруу тайлбар хийх юм. Ялыг хөнгөрүүлэх тохиолдол бүрт дүрэм, журам гаргах уу. Та нар ямар сургууль төгссөн юм бэ. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэлээд яв” хэмээв.

Хуралдааны төгсгөлд, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *