Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Төрийн ялзрал дээд цэгтээ хүрсний нэг жишээ нь Эрдэнэтийн асуудал юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Би энэ асуудлыг хувьдаа 2015 онд сонирхож байсан. Төрийн ялзрал дээд цэгтээ хүрсний нэг л жишээ нь Эрдэнэтийн асуудал юм. Ард түмнээс далд нийгмийн хамаг баялагийг хамж аваад байгаа. Их хурлын дарга З.Энхболд үүнийг мэдээгүй байсан гэж ярьсан шүү. Энэ юу болж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар чуулганаар хэлэлцүүлэх ёстойг мэдэж байсан.

УИХ-ын гшиүүн П.Аюурсайхан: Шинэ УИХ бүрэлдээд ээлжит анхны хуралдаанаа хуралдаад өндөрлүүлж байна. Ийм чухал асуудлыг өнөөдөр оруулж ирж байгаад баяртай байна. Энэ асуудал ийм түвшинд хүрч ирэхэд амаргүй байсан. Үүнд хүчин зүтгэсэн гишүүддээ баярлалаа. Монголын төр эзэмшилдээ авч өмнөх Засгийн газар, Монгол банкны удирдлагуудтай хариуцлага тооцож, эдгээр этгээдүүдийг хуулийн байгууллагуудад шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Ардчилсан нам төр барьж байхдаа бүх зүйлийг самарсан. Төрийн өмчийг хувийн өмч гэж хардаг байсан. Бид дампуурлын С1 түвшинд оччихсон байгаа. Тиймээс ийм зүйл хийвэл хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх юм байна гэсэн шийдвэр гарч байна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн М.Энхтүвшин: Энэ асуудлыг бид удаан ярилаа. Бараг долоон сар боллоо. Ямар ч хуулийн зөрчил байхгүй л гээд байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Үндсэн хууль, Компанийн хууль, Засгийн газрын хуулийг зөрчсөн байна гэж гарсан. Эрдэнэт шиг ийм том асуудлыг заавал УИХ-аар авч хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хулгайтай тэмцэхэд нам хамаа байхгүй гэж бодон энэ ажлын хэсэгт орж ажилласан. Ер нь сүүлийн 20 гаруй жилд төрд хулгай нүүрлэсэн. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Энэ ажлын хэсэгт орсноороо би олон өдөр баалуулсан. Энэ бол ард түмний эрх ашгийн асуудал учраас би намын бүлгээсээ зөрөөд орсон. Үндсэн хуулиас эхлээд 10-аад хуулийг зөрчсөн. С.Баярын үед хулгайд алдагдсан 51 хувийг ч ярих байх гэж би бодож байна. Аль ч намын үед хулгай хийгдсэн. ХХБ, Улаанбаатар банк бол хэрээс хэтэрсэн. Сахал Эрдэнэбилэг гэж хүн хоёр гартаа энэ хоёр банкийг барьж байна. УИХ-ыг ийм маягаар дарамталсан хүмүүстэй хариуцлага тооцох хатуу байрь суурьтай байгаагаа илэрхийлье.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бусдын өмчийг дээрэмдэж авч байна. Би үнэхээр харамсаж байна. Энэ хуулийг санаатайгаар засаг солигдохоос өмнө хэлэлцүүлээгүй. Тухайн үед чуулган хуралдсан бол үүнийг оруулах байсан. Монголын иргэд янз янзаар бодож байгаа. Ирээдүйд ер нь хувийн хэвшил байх юм уу. Энэ нь өөрөө эргээд эдийн засгийн эрсдлийг авчрах юм биш биз. Би хувийн өмчийг хамгаалахын төлөө хэзээд үгээ хэлнэ. Намайг яллах бол яллаарай.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хувийн хэвшил Эрэнэтийг авах нь буруу биш ээ. Хууль зөрчсөнийг төрийн гурван өндөрлөг тэр үед яагаад Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг хуралдуулаагүй юм бэ. Дубайн гэрээ зэрэг томоохон гэрээг Ч.Сайханбилэг хийсэн. Тэр үед ямар хүмүүс төрийн өндөрлөг байсныг мэдэж байгаа. Тэр хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Томоохон асуудлуудад хэдхэн хүмүүстэй холбоотой байдгийг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Баасанхүү: 2013 онд анх энэ асуудал яригдаж эхэлсэн юм. 2016 онд би Ч.Сайханбилэгийг би мэтгэлцээнд дуудахад хүмүүс намайг шоолж байсан. Зөвхөн хуулиар хувийн өмчийн эрхийг хязгаарлаж болно гэж Үндсэн хуулин дээр байдаг. Энэ тогтоолын төслийг дутуу дулимаг болчихов уу гэж би бодож байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *