-Засгийн газраас оруулж ирж буй концессын гэрээний талаар гишүүд мэдээлэлгүй байна гэж чуулганы хуралдаан дээр та хэлсэн. Засгийн газраас ямар учраас энэ концессын гэрээний асуудлыг оруулж ирж байгаа юм бол?
-Энэ ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж харж байна. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.
-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгон “Цагаан суварга”-ын ордыг олгосон. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төр хийх гэж байгаа нь өөрөө буруу шийдвэр юм биш үү?
-Ер нь бол Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиудаар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани.
-Засгийн газарт хариуцлага тооцох ёстой субъект нь УИХ. Ард түмэн үүнийг хэлэхээс цаашгүй. Та УИХ-ын дэд даргын хувьд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?
-УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүдийн бухимдах нь зөв шүү дээ. ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа бол ар хударгаар нь концессын гэрээг сайдад өгөх, үнийн дүнг нь нэмэх асуудал байж болохгүй. Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүнгнэлт гаргах байх.
-Та хуулийн байгууллагад маш олон жил ажилласан хүн. Гэтэл Тагнуулын газрын дарга байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?
-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад олон жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэрийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан.
Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байна.
-Ж.Баатар генерал яагаад гэнэт гарч ирээд таны талаар ярив?
-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, н.Одонбаатар бид хэд ажиллаж, П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Түүнээс хойш 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед миний бие муудаад, н.Одонбаатарын нь ч гэсэн бие муудаж байсан. Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед нь бас тэгсгээд л өнгөрөөсөн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.
-Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү?
-Миний хүслээр шийдэх асуудал биш. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй. Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна, төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага байна гэдгийг л би хэлж байгаа юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.