Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Зам, тээврийн хөгжлийн яаманд амиа алдсан Т.Гомбосүрэнгийн хэрэгт хэр анхаарал хандуулж байна вэ. Ар гэрийнхэн нь тантай уулзсан гэсэн. Яамны хяналтын камерийн бичлэг алга болсон гээд байгаа?
-Хэргийг прокурор хянаад, цагдаа шалгаж байгаа. Шалгалт дуусах шат руугаа орсон. Хохирогчийн ар гэрийнхэн надтай уулзаж, өргөдөл өгсөн. Би цагдаагийнханд ийм өргөдөл ирлээ, асуудлыг хуулийн хүрээнд прокурортой хамтарч шалгах, анхаарал татсан зүйлс байна гэдгийг хэлсэн. Прокурортой яриад сайн баг гаргаад хэргийг гүйцэд шалгахгүй бол маргаантай асуудал байгаа юм байна гэдгийг хэлсний дараа доод шатанд шалгагдаж байсан хэргийн харьяалал өөрчлөгдөж, хэрэг мөрдөн байцаах хэлтсийн түвшинд ажлын хэсэг байгуулагдан шалгагдаж байна. Хяналтын камерийн бичлэг алга болсон, болоогүй гэдгийг сайн мэдэхгүй.
Эрүүгийн хэрэг дээр бүх зүйлийг нягтлан шалгадаг ганц газар байдаг. Тэр нь прокурор. Хэрэг нээх, хаах, шүүхээр явуулах, хэрэгсэхгүй болгох, ажлын хэсэг гарвал солих, даалгавар өгөх, дутуу зүйл байвал гүйцээж шалгах бүх эрх мэдэл прокурорт бий. Цаашид ийм зүйлийг прокуророос асууж байх хэрэгтэй. Үүнд нэг зовлон байгаа нь мөрдөн байцаалтын нууц. Нууцыг нь алдчихаар шалгаж байсан хүмүүс нь төөрөөд явчихдаг.
-Эрдэнэтийн 49 хувь дээр шүүхийн шийдвэр гарсан. Мөн Цэцийн шийдвэр гарсан. Хоёр шийдвэр хоорондоо зөрчилдөөд байна л даа…
-УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хэвээрээ байгаа. Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх будлиулсан бол Засгийн газар дахин энэ асуудлыг авч хэлэлцэх эрх нь нээлттэй. Сая шүүх дээр болсон гол дургүй хүргээд байгаа зүйл бол ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид анхан шатны шүүхээс эхлээд явсан. Сүүлийн шийдвэрийг ч гэсэн тэгж гаргуулсан. Би олон удаа ярьж байна. Одмаа гэдэг хүүхэн ТӨХ-нд байж байгаад шүүгч болсон. Дарханы төмөрлөг, Хөтөл гэх мэт газруудад 49 хувийнханд очсон. Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад шүүгч болсон. Хоёрхон жил болоод дээд шүүхэд очсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг шийдэж байгаа нь буруу.
Хуулиар хориотой. Сүүлийн шүүх хурлыг тэр Батсуурь даргалсан байна лээ. Шийдвэр нь урьдчилж гарчихаад байгаа шүү дээ. Хуулийн хувьд төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр хүчинтэй байгаа.
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр мөн л хүчинтэй хэвээрээ. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гээд тогтоол гаргасан нь хэвээрээ бий шүү.
-Давж заалдах уу?
-Засгийн газрыг төлөөлж хуралд орсон хүмүүс асуудал тавих ганц боломж байгаа. Энэ дэндүү ойлгомжтой байсан учраас үүнийг яриад байсан юм. Шүүх нөлөөнд автаж байна, замаас нь будилуулах гэж байна гээд ярьсан биз. Их хуралд хууль хүртэл оруулсан чинь над руу баахан дайраа биз дээ. Энэ хуйвалдаан хэзээ нэгэн цагт дуусна. Эцсийн шийдвэр гарчихлаа гээд суртал ухуулга явуулаад байна лээ. УИХ, Цэцийн шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа. Мөнгө нь улсаас гарсан гэдэг нь үнэн. Монголбанкнаас 100 тэрбум төгрөг гарсан. Монголбанкны мөнгө Монголбанкных байдаг. Монголбанкны мөнгө хоёр хоногийн дараа Пүрэвтүвшингийн хувийн дансанд орсон. Ийм зүйлийг шалгуулъя гэхээр шалгаж өгөхгүй байгаад асуудлын гол нь байгаа юм.
-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан асуудлын хүрээнд хүмүүсийг барьж хорьж байна. Процесс гадна талдаа хэрхэн өрнөж байна вэ?
-51 хувийн асуудал гэж угаасаа юу ч байхгүй. Эрдэнэт үйлдвэр “Жаст” Ш.Батхүү гэдэг хүнд баталгаа гаргаж өгсөн асуудал л байгаа. Эрдэнэт үйлдвэрийн гаргаж өгсөн баталгаанаас болоод Эрдэнэт үйлдвэрийг оролдоод байгаа юм. Одоо 51 хувиа мартацгаа. Албан ёсоор Лондонгийн шүүхийн шийдвэр гэдэг юм Засгийн газарт ирээгүй. “Стандарт” банк, Эрдэнэт үйлдвэр хоёрын хооронд процесс ерөнхийдөө дуусах шатандаа орчихсон. Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах хариуцлагын л асуудал. Энэ хүний хөрөнгө хаашаа орчихов, шатахуун түгээх станц, банкийг нь яагаад хураагаад авсан юм бэ. Үүнийг шалга гээд хуулийн байгууллагынхан үүнийг шалгах гэж оролдоод байж байна. Ш.Батхүүгийн хөрөнгийг хураасан процессийн нэг аюултай зүйл нь Лондонгийн арбитрийн шүүх дээр маргаан гарсантай давхцаад байдаг байхгүй юу. Олон жил хамтарч ажиллаад “Стандарт” банкнаас зээл аваад, буцааж өгөөд явдаг процесс явагдаж байсан чинь энд нэг сонин юм болоод эхлэнгүүт найдваргүй боллоо гээд зарга гаргасан дүр зураг харагдаж байгаа. Арбитрийн шүүхэд маргаан дэгдсэн, Ш.Батхүүгийн хө-рөнгө хураасан цаг хугацаа яг давхацдаг. Наадмын да-раа болсон. Үүнийг маш нарийн шалгах ёстой. Яагаад хөрөнгийг нь хураав, яагаад хөрөнгө нь алга болов. Өөрийн хөрөнгөөрөө бүрэн хариуцах өчнөөн хөрөнгөтэй байсан.
-С.Зориг агсан амиа алдаад 20 жил боллоо. Та захиалагчийг зарлана гэсэн. Тэр зарлахыг хүлээсэн хүлээлт их байна. Зарлах болоогүй юм уу?
-Би “Үнэхээр захиалагч байгаа бол зарла” гэдгийг ажил авсан өдрөө л хэлсэн. Одоо болтол тэр ажлыг нь хийлгэхгүй байна.
-Хэн хийлгэхгүй байгаа юм бэ?
-Хянадаг газар нь. Тэр үед бодож байсан миний бодол улам лавширч байгаа. Саяхан Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат хэвлэлийнхэнд юм ярьсан байна лээ. “Ял шийтгүүлсэн энэ гурван хүн алуурчин биш гэдгийг Булган мэдүүлэгтээ хэлсэн” гээд хүлээн зөвшөөрсөн байна лээ шүү дээ. Анх би үүнийг мэддэггүй байсан. Д.Булганыг яагаад шүүх хуралд оруулаагүй юм. Д.Булган хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгсөн учраас шүүх хуралд оролцуулаагүй юм билээ. Цорын ганц гэрчийг нь шүүх хуралд оролцуулалгүй тэр хүний хэлсэн зургаар гурвын гурван хүнд ял халдаана гэж хаашаа харсан юм байдаг юм бэ. Шалгуулах шаардлага тавигдаж байгаа. Өргөдлүүд ирж байгаа. Тэр Амгаланбаатар чинь захиалагч энэ тэрийг нь хэлээд байсан юм билээ. Мөрдөн байцаалт, шүүх хурлын шатанд ч ярьсан. Хэн хэний нэрийг хэлсэн бэ гэдгийг хуулийнхан бүгд мэддэг. Гэхдээ би хэрэг үйлдсэн гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш шүү. Захиалагч гээд хүний нэр хэлсээр байтал тэрийг нь нүүрэлдүүлж, шалгуулалгүйгээр шүүх хурал хийгээд тасалсан.
-Ял эдэлж буй гурван хүний ялын дэглэмийг бууруулсан юм уу?
-Дэглэм буураагүй. 20-25 жилийн ялтай хүмүүсийг шинэ хуулиар хаалттай хорих ангид ял эдлүүлэх ёстой. Хуучнаар чанга гэсэн үг. Гэтэл ял шийтгүүлснээс хойш нэг жилийн хугацаанд хуучнаар гянданд ял эдлүүлээд байсан. Гяндан гэдэг чинь цаазаар авахуулах ял авсан, эсхүл бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийг хорьдог газар л даа. Хууль зөрчигдөж байна гэдэг асуудал нэлээд удаан хугацаанд явж байгаад прокурорт танилцуулагдаж, одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу байх ёстой газар руугаа шилжсэн.
-Олон улсын парламентын холбооны зүгээс албан тоот ирүүлсэн. Мөн жинхэнэ гэмт хэрэгтэн биш гэдэг зүйл яригдаад байгаа л даа. Үүнийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй юм уу?
-Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо ярих шаардлагатай. Хэрэг хийгээгүй бол монгол хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Хийсэн бол нийтийн өмнө нотлох баримттайгаа Нямдорж буруу ярьж байна гээд хэлцгээх хэрэгтэй шүү дээ.
-Та хэргийн материалыг нууцаас гарсан гээд байсан. Одоо болтол ил болж байгаа зүйлс байгаа юм уу?
-Нууцаас гаргаад проку-рорын архивт шилжүүлсэн. Хуучин тагнуулын архивт байсныг хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж нууцаас гарах шийдвэр гаргасан. Прокурорын бай-гууллагаас ил болгох эсэхийг асуух хэрэгтэй.
Надад мэдрэгдсэн нэг зүйл нь энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагаа хийгдэж байгаа.
-Шүүх, прокурор Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай гэж ярьдаг. Ерөнхийлөгч шинэчлэл хийх ёстой гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн шүү дээ?
-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг гэнэт сонссон учраас дүгнэлт хийх болоогүй байна. Цаашдаа парламентын засаглалтай явах уу, Ерөнхийлөгчийн засаглалтай явах уу гэдэг үндсэн нэг л том асуудал бий. Парламентын засаглал хэвээрээ байна. Дарангуйлал бий болно гэж байгаа бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог асуудлыг дахин авч үзэх шаардлагатай. Парламентын засаглал болохгүй байна, Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ гэж байгаа бол үүнийгээ шийдэх хэрэгтэй.
-Та аль байр суурин дээр нь байгаа вэ?
-Би дунд нь завсрын байдалд орчихоод хаашаа ч хөдөлж чадахгүй халиуны зулзага шиг болоод 4-5 жил болж байна. Нэгийг нь гайгүй гээд харахаар нөгөөх нь муу харагдаад хоёр талд ийм л асуудал байгаа юм. Хоёр их гүрний дунд байгаа цөөн хүн амтай, асар уудам нутагтай, байгалийн баялагтай улс дарангуйлалд орохгүй байх эрсдлээ бодвол парламентын засаглал нь арай гайгүй. Парламентын бүтэц, бүрэлдэхүүнээсээ болоод асар их шүүмжлэлд өртөөд амаргүй байдалд оруулчихлаа. Ерөнхийлөгчийн засаглал нь эмх цэгцийн хувьд шуурхай л даа. Гэхдээ нэг овлигогүй этгээд гарч ирээд дуусгачих юм болов уу гэсэн айдас байна. 1990 оны хөдөлгөөн чинь начир дээрээ нэг хүний засаглалаас холдсон шийдэл байсан. 20 гаруй жилийн дараа аль нэг шийдвэрээ гаргах гэхээр аль нэг талд нь орж чадахгүй байгаа юм. Энэ хоёрын аль нэгийг нь сонгох асуудлыг ард түмнээсээ асуух хэрэгтэй. Нэг талдаа гарсан нь зөв. Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг аль нэг талдаа гаръя гэж байна гэж ойлгосон.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэж чадах уу?
-Д.Лүндээжанцан нарын гишүүдийн санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Засгийн газар бусад байгууллагаар яваад санал авсан. Засгийн газар саналаа өгөөд хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Хэзээ өргөн барьж хэлэлцүүлэх вэ гэдэг нь гишүүдийн асуудал.
Э.ЭНХ