УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай төслийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс төслийг боловсруулжээ.
Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлэв. Мөн газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалт болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамааран нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ? Жагсаалт гаргаж баталдаг юм уу? Бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар хийхийг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байна. Харин энэ барааг зарж болно, энийг болохгүй гэдэг зүйлийг тусгасан уу?” гэдгийг тодруулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэдэг нь тодорхой хугацааны турш хэрэглэгдсэн буюу дэлхий нийтээр тухайн бараа бүтээгдэхүүнийг аль компанийнх гэдгийг нь мэддэг болсон тэмдгийг хэлж байгаа. Монгол Улсын хувьд нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг хэрэглэхэд хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчил гарахгүй.
Харин шинээр бүртгүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг дараагийн этгээд өөрийн мэт хэрэглэх тохиолдолд хуулийн зохицуулалт үүсээд явж байна. Барааны тэмдэгтийн тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манайд хандаж тодорхой зөвлөмжүүд өгсөн. Бараа бүтээгдэхүүн, газар зүйн заалтын тухай хуулиудыг олон улсын оюуны өмчийн тухай хэлэлцээрт нийцүүлэх зөвлөмж ирсэн.
Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдэг газар зүйн заалтыг өөрийн эрхийн дагуу хуулиар хамгаалуулах ёстой. Үүнд хуулийн гол заалт чиглэж байгаа. Түгээмэл бараанаас гадна, төрийн далбаа, Засгийн газар хоорондын байгууллагын албан ёсны нэр гэх мэтэд хуулийн зохицуулалт хамаарахгүй” гэв.