Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Энэ хууль батлагдсанаар бүхэлдээ “Хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өглөө

УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийн төслийг ахалж ажилласан УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


УИХын өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Та хуулийн ажлын хэсэгт ажилласан. Хуулийн төсөл батлагдсанаар ямар бодит үр дүн, ач холбогдол гарах тухайд тодруулахгүй юу?

-Өнгөрсөн 30 жилийн практикаас харахад манай улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид маань аюул занал, дарамт шахалт, тэр ч бүү хэл амиа алдах эрсдэлд өртсөөр ирсэн. Тиймээс энэ байдлыг таслан зогсоож, хүний эрх хамгаалагчдыг төр хуулиар хамгаалах шаардлага бий болсон юм. Энэ дагуу НҮБ-ын тунхаглал, загвар хуулийн дагуу Монгол Улсын Их хурлаас Азидаа анхны гэх тодотголтой Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр хүний эрхийн төлөө тэмцэгчид маань Монгол Улсын нутаг дэвсгэрээр үл хязгаарлагдан, хуулиар хамгаалуулж, чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдлээ. Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж байдаггүй. Энэ бол хил хязгааргүй үйл ажиллагаа юм. Нийгмийн болоод бусдын сайн сайхан, шударга ёс, үнэний дуу хоолой болж явдаг хүмүүсээ Монголын төр хамгаалж, эрх зүйн тогтолцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ үүргээ тус хуулийг баталснаар ийнхүү биелүүлж байна. Энэ хууль батлагдсанаар бүхэлдээ “хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өглөө. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалснаар Монгол Улсын хүний эрх хамгаалах тогтолцоо бэхжиж, шинэ шатанд гарч байна гэж ойлгож болно.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хүний эрх зөрчигдсөн маш олон хэргүүд гарч байсан. Тэдгээрээс ямар хэргүүд таны анхаарлыг татаж байна вэ?

-Монгол Улсад шударга бус явдлын эсрэг дуугарсан хүмүүсийг айлгаж ичээх, сүрдүүлж, дарамтлахаас эхлээд амь насанд нь хүртэл халдаж байсан олон жишээг бид мэднэ. Тухайлбал, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэж залуу байна. 2016 онд Хөвсгөл далайд живсэн байдалтай олдсон байдаг.

Байгаль орчныг хамгаалах чиглэлд дуу хоолой болж байсан түүний хэргийг амиа хорлосон хэмээн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Т.Лхагвасүмбэрэл агсан байгаль хамгаалах чиглэлээр дуугарсныхаа төлөө дарамт, шахалтад орж, 2015 оноос эхлээд удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан гэдэг. Ингэхдээ хүмүүс дарамталсан, айлган сүрдүүлсэн гэдэг баримтыг Өмнөговь болон Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас гаргаж байсан байна лээ. Тухайн үед түүнийг хамгаалж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлээгүй учраас энэ золгүй хэрэг гарсан байж болзошгүй. Үүнээс гадна уул, уурхай, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажилладаг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эрх зөрчигдөх асуудал их байдаг юм байна. Мөн сэтгүүлч Л.Болормаа агсны хэрэг байна. Энэ бүхнээс харахад хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага, сэтгүүлчийг хамгаалах шаардлагатай нь харагдаж байгаа юм. Энэ талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд удаа дараа сануулж, хүний эрхийн хамгаалагчдад эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдгийг анхааруулж байсан. Энэ хууль зөвхөн Монгол Улсад хэрэгжинэ гэж газар нутгийн хэмжээгээр хязгаарлагдахгүй. Хилийн чандад байгаа иргэдийнхээ төлөө дуугарч байгаа хүмүүсээ ч мөн хамгаалах юм. Хилийн чандад болсон маш харамсалтай, шийдэгдэхгүй удаж нэг хэргийг бид мэднэ. Энэ бол Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг. Энэ хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрсөн ч хэргийн гол холбогдогч, буруутан этгээд өдийг хүртэл шударга шүүхийн шийтгэл аваагүй байна. Талийгаачийн аав С.Шаарийбуу гуай олон жил тууштай тэмцэж ирсэн. Монголын төрөөс хоёр, гурван удаа эрх зүйн туслалцаа үзүүлсэн ч цаашдаа зөвлөгөө туслалцаа үзүүлэх гэхээр эрх зүйн болон бусад саад бэрхшээл байдаг юм байна. Тухайлбал, Монгол Малайзын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Үүнээс болоод хэрэг удааширч байна. Хоёрдугаарт, манайх Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцэд нэгдсэн байхад Малайз Улс нэгдээгүй гэдэг ч юм уу. Ийм байдлаар хилийн чанадад монгол хүний эрх зөрчигддөг, түүний төлөө дуугарч байгаа хүмүүс ч хуулиар хамгаалуулж чаддаггүй асуудал гарч байна. Тиймээс түүний төлөө тэмцэж байгаа хамгаалагч нарт энэ хууль хүрэх ёстой. Хүний эрхийн төлөө амь нас, аюул заналыг үл тоон олон жил тэмцэж ирсэн хамгаалагчдаа төр “хамгаалах” ёстой.

Хүний эрх хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо хэрхэн ажиллах юм бэ. Хараат бус ажиллаж чадах уу?

-Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо маань ажиллана. Хараат бус гэдгийг хуулиар тодорхой зааж өгсөн. Хорооны ажиллах журмыг Комисс батална. Энэ хороо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаална. Ингэхдээ хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх баримт, нотолгоотой гомдол, мэдээллийг хүлээн авч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Энэ хороонд ямар хүмүүс ажиллах вэ гэхээр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй хараат бус гишүүд ажиллана. Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг ХЭҮК, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Комиссын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, зохион байгуулна. Энэ ажлын хэсэг Хорооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 хоногийн хугацаанд нийтэд мэдээлж, нээлттэй сонсголоор хэлэлцэж, улмаар сонгон шалгаруулж ажиллана.

Хуулийн төсөлд хичнээн байгууллагын төлөөллийг оролцуулж, ямар цар хүрээг хамарсан судалгаа хийгдсэн бэ?

-ХЭҮК-оос мэргэжлийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалж буй шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч, өмгөөлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, хүний эрхийг хамгаалагч иргэд, идэвхтэн зэрэг 1375, аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, идэвхтэн, сонгуульт ажилтан 3662 хүн гээд 5000 орчим хүний дунд судалгаа хийсний үндсэн дээр хүний эрх хамгаалагчийн асуудлыг анхааралдаа авахыг 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын илтгэлдээ онцлож, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ цаг үеэс өнөөг хүртэл хуулийн төслийг олон талуудаар хэлэлцүүлж, дэлхийн улс орнуудын туршлага, сургамж дээр үндэслэн Загвар хуулийг барьж, боловсруулсан учраас хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахуйц хэмжээнд гэж үзэж болно. Тийм ч учраас УИХ уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, баталсан.

Мөн бид хуулийн төсөл дээр ажиллаж байх явцдаа маш олон судалгаатай танилцсан. Хүний эрхийн хамгаалагч, тэмцэгчидтэй ч ярилцаж, тэдний асуудлыг сонссон. 4-5 удаагийн томоохон хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулсан. Манай улсын хувьд зарим төрийн бус байгууллагаас гаргасан “Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүд” 2005 оны судалгаа, “Аюул дундах хүний эрх хамгаалагч” 2017 оны судалгаа, ХЭҮК-ын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” 2014 оны үндэсний хэмжээний судалгаа, мөн НҮБ-ын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн 2018 оны судалгаа, тайлан гээд хэд хэдэн судалгаа бий. Үүний зэрэгцээ ХЭҮК-ын жил бүрийн илтгэл байна.

Эдгээр судалгаанд дурдсанаар хүний эрх хамгаалагчдад сэтгэл зүйн дарамт үзүүлэх, нэр хүндэд нь халдах, айлган сүрдүүлэх, цахим халдлага дайралт хийх, мөрдөж мөшгөх, ажлаас халах, хилс хэрэг хүлээлгэх, бие махбодод нь халдах, сураггүй алга болгох, амь насанд нь халдах гээд бүхий л төрлийн халдлагууд байгааг онцолсон байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны асуудлаар ажиллаж буй эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, утсаар айлган сүрдүүлсэн, бие махбод, эд хөрөнгөд нь халдсан, улмаар амиа хорлоход хүргэсэн гэдэг маш харамсалтай кейсүүдийг иргэний нийгмийн идэвхтнүүд ярьж байлаа. Маш олон жишээг ярьж болох ч цөөн жишээ дурдахад “Ажлын цонх нь байнга хагардаг, цонхоор чулуу орж ирдэг, хаалганых нь цоож руу цавуу цутгачихдаг. Ажилтнуудыг нь хүн дагадаг, утсаар дарамталдаг тул гадагшаа гарахдаа хиймэл үс зүүж, хувцсаа сольж гардаг” гэх мэт тохиолдлууд гарсан байдаг. Тэр ч бүү хэл “Шүүх хуралд ороход өшиглүүлж, чимхүүлээд гарах наад захын асуудал байдгаас маргаашийн нарыг харах уу гэдгээ мэдэхгүй, гэрээслэлээ бичээд сууж байхад амьдрал утгагүй санагдсан” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллагсад ярьсан байдаг. Өнөөдөр Монголд хүний эрхийн хамгаалагчид маань ийм хүнд нөхцөлд, чимээгүй тэмцэж байна. Тиймээс төр үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч болохгүй. Хуулиараа хамгаалах нийгмийн шаардлага үүссэн учраас энэ хуулийг баталлаа.

Манай улсад Хүний эрх хамгаалагчийн хороо болон энэ хуулийн нэр томьёо өөрөө шинэ ойлголт шиг харагдаж байгаа. Харин олон улсад хүний эрхийг хамгаалагчийн хуулиар хэрхэн баталгаажуулж, үйл ажиллагаа нь ямар түвшинд байдаг юм бэ?

-Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжтой. Үүнийг бид судалж үзсэн. Харин манай улс Азидаа анх удаа “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажууллаа. Энэ бол олон улсын хүний эрхийн тогтолцоог нутагшуулж байгаа сайн жишиг. Монгол Улсад буй ардчилал, хүний эрхийн соёлын уламжлалыг эргэж харахаар бид шинэ тутамд хөгжиж байгаа нь харагдаж байна. Харин либерал ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манайд нийтээрээ хүний эрхийг хүндлэх, хамгаалагч нарыг өмөөрөн хамгаалах эрх зүйн соёл дутмаг байгаа. Тиймээс шинээр ардчилсан тогтолцоонд шилжиж буй манайх шиг улсад хүний эрхийг хамгаалагчийг тусгай хуулиар хамгаалдаг. Европын холбоо зэрэг бусад улсын тухайд бүс нутгийн хүний эрхийн тогтолцоо маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Жишээлбэл, эрүүдэн шүүсэн хэргийн гол буруутанг Европын хил рүү нэвтрүүлэхгүй гэх мэт хатуу санкцтай байна. Гэхдээ энд анхаарах зүйл бий. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа нэрээр хагалан бутаргах, үймээн самуунд уруу татах зэрэг “хуурамч тэмцэгч”-ээс ялгах шаардлага байгаа юм. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн.

Хэрхэн яаж ялгах юм бэ?

-Хүний эрх хамгаалагчдад тавигддаг тодорхой шалгуур бий. Тухайлбал, тухайн хүний үйлдэл нь хүний эрхийг хамгаалсан, хөхиүлэн дэмжсэн, түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа байх, уг хамгаалж буй үйлдлээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар явуулдаг байх, хүний эрхийн түгээмэл шинжийг хүлээн зөвшөөрдөг байх гэх мэт. Хүн бүр хүний эрх хамгаалагч байх боломжтой ч харамсалтай нь дээрх шалгуурт тэнцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүний эрх хамгаалагчийг таних нийтлэг дөрвөн шинжийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь тухайн хүний тавьж буй асуудал хүний эрхийн асуудал байх, уг асуудал нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх, үйл ажиллагаа нь бусдыг хүчирхийлэлд турхираагүй байх, тийм шинжийг агуулаагүй байх, тууштай байх юм. Өөрөөр хэлбэл, хуулиар тодорхойлсон энэхүү шалгуураар би хүний эрх хамгаалж байна гэдэг нэрээр бусдын оршихуйг үгүйсгэдэг, бусдад ялгавартай ханддаг, хүчирхийлэлд уриалан дуудаж турхирдаг, мөнгө, хувийн ашиг хонжоо хайгчдыг ялгаж таньдаг болно.

Хүний эрх хамгаалагчдыг хамгаалж буй 40 гаруй орны туршлагыг судалж үзсэн гэж та дээр хэллээ. Тэгэхээр хүний эрхийг хамгаалагчийн хууль үйлчилдэг тэдгээр улсад энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар ахиц дэвшил гарсан байдаг вэ?

– Хүний эрх хамгаалагчдын амь насанд хамгийн их халддаг орнууд болох Колумби, Мексикт анх хүний эрх хамгаалагчийг хамгаалах дагнасан хууль батлагдаж байж. Хуулийн үр нөлөө ямар байгаа талаар тус улсууд үнэлгээ хийсэн байдаг. Уг үнэлгээгээр Колумб улсад л гэхэд хүний эрх хамгаалагчид руу зохион байгуулалттайгаар халддаг байсан нь буурсан, хүний эрх хамгаалагчид нь илүү тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байсан. Мөн Мексик улсын хувьд тус хуулийн үр нөлөөний талаар үнэлгээ хийгдэх үед 45 хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авсан байсан. Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин нь бүрдсэн, тогтолцоотой улсуудын хувьд өөр нэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл хүний эрх хамгаалагчдад халдсан хэргүүдийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцох явдал бусад орнуудтай харьцуулахад харьцангүй өндөр байна. Ингэснээр тийм хэрэг дахин гарах, давтагдахгүй байхад нөлөөлж байгаа зэрэг эерэг өөрчлөлт, ахиц дэвшлүүд байна.

Т.Чимгээ, Содномдаржаа нарын хэрэг олны анхаарлын төвд байна. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, эмэгтэй хүнийг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал яригдаж буй. Энэ хэрэг дээр та юу хэлэх вэ?

-Би УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд Монгол Улсад хэрэгжиж буй хүний эрхийн гол хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсад хүний эрхийн ноцтой зөрчил эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал өнөөг хүртэл байсаар байна. Ер нь олон улсын эрх зүйн ойлголтоор эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх нь геноцид буюу үй олноор нь устгах гэмт хэрэгтэй адил хэмжээний ноцтой зөрчилд тооцогддог. Манайд эрүүдэн шүүлттэй холбоотой нэг л хэрэг ил боллоо. Энэ нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт. Эл асуудал хоёр жилийн өмнө ил болж, тодорхой бичлэгүүд задарсан. Гэвч гэм буруутай хүмүүсийн шүүх хурал маш удаашралтай явсаар эрүүдэн шүүсэн нь өнгөрсөн гуравдугаар сард шүүхээр тогтоогдож, холбогдох хүмүүс ял оноосон. Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцэд шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Иргэн Т.Чимгээгийн асуудал бол С.Зориг агсны хэргээс тусдаа бөгөөд процессын шатанд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж буй тул УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бид хоёр Монгол Улсын төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагад хандахын зэрэгцээ нийтийн сонсгол явуулахыг шаардсан. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарт С.Зориг агсны хэрэгт гэм буруутайд тооцогдож ял эдэлж буй иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нууцын зэргээс гаргаж, олон нийт, хэвлэл мэдээлэлд ил болгох асуудлаар хандсан. Энэ дагуу хэргийг төрийн нууцаас гаргаж, ил болгох Засгийн газрын шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан хавтаст хэргийн материалыг алдагдуулахгүй, бусад нөлөөллөөс хамгаалахын тулд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө тэмцэгчид нээлттэй танилцах боломж олгож, цахим хэлбэрээр байршуулан, нийтэд ил тод болгох хүсэлтийг өнөөдөр /2021.04.08/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн. Эрүүдэн шүүлттэй холбоотой өөр асуудлууд байгаа ч одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтаар ил болгож чадахгүй байна. Тиймээс эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн дагуу эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус үндэсний механизм ажиллах ёстой. Хууль зүйн байнгын хороон дээр ХЭҮК-ын Эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явж байна. Энэ гишүүн эрүүдэн шүүх, урьдчилсан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашлаад эрүүдэн шүүлтийн эсрэг хараат бус механизм буюу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх, үүнтэй төстэй байгууллага бий болгох шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *