Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр: Эх орныхоо төлөө тэмцээд ялтан болж үзлээ, одоо алдах, зорьсон зүйлээсээ ухрах эрхгүй болсон

“Гал үндэстэн”, “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярын хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж энэ сарын эхээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдан хорих төвөөс суллагдсан. Тэрбээр суллагдсан даруйдаа өөрийн төрсөн нутаг болох Дундговь аймгийн Цагаан-Овоо сумыг зорьсон юм. Ц.Мөнхбаяр хоригдож байхдаа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаад байсан юм. Харин түүний гомдлыг өчигдөр Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд хэлэлцэж, нэр төрийг нь сэргээлгэх шийдвэр гарчээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Таныг суллагдсан даруйдаа төрж өссөн нутаг руугаа явсан гэж ойр тойрны чинь хүмүүс хэлж байсан. Цагаан-Овоо сум, Онги голын ай сав газар өвөлжилт ямар байна вэ?

-Тийм ээ. Шууд л нутаг руугаа явсан. Төрж өссөн нутгийнхаа уул ус, газар шороо, ус агаарыг маш их санасан байна. Онги голынхоо хөвөө Харганын гол, Алтантэвш, Жадамба говийнхоо бор толгод дунд очиж цээж дүүрэн амьсгалж зогсмоор санагдаад л нутаг руугаа явлаа. Манай гэр, хэдэн мал минь тэнд бий шүү дээ. Өнөө жил манай нутагт зуншлага сайхан болжээ. Бороо хур элбэгтэй, өвс ногоо сайхан ургасан байна. Өвлийн тэргүүн сар гарчихсан, малын тарга хүч сайтай, сайхан өвөл болж байна. Өвсний сортойг бараадаж отрын айлууд ирж байна даа, манай нутагт.

-Хоёр жил гаруй хугацаанд хоригдоод гарч ирсэн байх шүү. Хоригдож байхдаа шүүхээс оноосон ялын талаар юу гэж бодож байсан бэ?

-Хоёр жил гурван сар орчим хоригдоод Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдлаа. Гурван шатны шүүхээс надад ял оноосон. Давж заалдсан Улсын дээд шүүх дээр ялын хэмжээг хөнгөлсөн асуудал байгаа. Ингээд шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу ялтан Ц.Мөнхбаяр болж хувирсан. Ард түмэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, үнэхээр л гэмт хэрэг үйлдсэн юм байна гэсэн ойлголттой болсон.

Гэтэл шүүхийн шийдвэр худлаа байж болно. Шүүхэд болон шүүгчид шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байж болно. Шүүх худлаа шийдвэр гаргаж болдог юм байна гэдгийг энэ замыг туулсан хүмүүс л мэднэ. Бидний хийсэн үйлдэл болгон хууль ёсны байсан. Яагаад хууль ёсны үйлдэл хууль бус болчихсон юм бэ гэдэг талаар ярих ёстой болно. Энэ бүгдийг эхнээс нь ярих хэрэгтэй болно. 2006 оноос зарим газар нутагт ашигт малтмал хайх олборлох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Тогтоолын төслөө батлуулах гэсэн боловч чадаагүй. Ингээд 2008 онд тогтоолын төслөө хуулийн төсөл болгон өөрчлөөд гол мөрний хамгаалалтын бүс, ойн бүсэд ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай батлуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед сонгуулийн жил байсан. УИХ-ын гишүүдтэй уулзах санал хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хуулийн төслийнхөө талаар танилцуулахаар уулзах санал тавьсан. Биднийг УИХ-ын 35 гишүүн хүлээж авч уулзсан. Хуулийн төсөл, хууль батлагдвал дагаж мөрдөгдөх журам, өөрчлөгдөх хуулийн заалт зэргийг танилцуулж уншуулдаг. Үүний дараа та үүнийг дэмжиж байна уу гэж асуудаг. Бидний уулзсан УИХ-ын гишүүн болгон үүнийг дэмжинэ гэж хариулдаг байсан. УИХ-ын зургаан гишүүн уулзаж амжихгүй байна гэсэн хариу өгсөн. Хуулийн төслөө туслахаар нь дамжуулан өгч танилцуулсан. Бас л “Энэ хуулийн төслийг дэмжиж байна” гэж хариу мэдэгдсэн. Дэмжиж байгаа гарын үсгээ зураад өгсөн. УИХ-д бидний хийсэн хуулийн төслийг хэн өргөн барих вэ гэсэн асуудал гарч ирсэн. УИХ-ын гишүүд уралдаад эхэлсэн. Ингэж байгаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2008 оны арваннэгдүгээр сард өргөн барьсан. Гэтэл бидний хийсэн хуулийн төслийн зарим зүйл заалтад ноцтой өөрчлөлт оруулчихсан байсан. Хуулийг харахаар хэвээрээ юм шиг боловч ноцтой өөрчлөлт хийчихсэн байсан. Тухайлбал, нөхөн сэргээлт хийж мод тарьсан бол дээрх хуулийн заалт хамаарагдахгүй гэх мэт. Бид дотор гэдэг үгийг гадна болгож зассан. Ингээд хууль ч батлагдсан. Төрийн бодлогыг өөрчиллөө, ашигт малтмалыг голын эх, ойн сав газраас олборлохгүй болох нь гэж бодож тайвширсан. Гэтэл нөгөө хууль чинь хэрэгжихгүй байсаар жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хуулийг батлуулах гэж байхад хассан хэд хэдэн заалт бий. Хасагдсан хуулийн заалтаас нэгийг нь заавал эргэж сэргээе гэж шийдвэр гаргаад ажиллаж эхэлсэн юм. Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар иргэн болон төрийн бус байгууллага шүүхэд гомдол гаргаж болно гэдгийг Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулж, тухайн үеийн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ нь хууль хэрэгжүүлэхгүй байгаа бол жирийн иргэн, дурын төрийн бус байгууллага Засгийн газрыг шүүхэд өгөх боломжийг нээж өгсөн юм. Бид ч батлагдсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гээд Засгийн газрыг 2010 онд шүүхэд өгсөн. Шүүх дээр энэ асуудал жил гаруйн хугацаа өнгөрч, 2011 онд Засгийн газрыг бид гурван шатны шүүхээр ялсан. Шүүхийн шийдвэр гарчихсан юм чинь одоо хууль хэрэгжиж эхлэх байх гэж бодсон. Хуулийг Засгийн газраас хэрэгжүүлээгүй. Бидний зүгээс Засгийн газарт болон Ерөнхийлөгчид маш олон удаа хандаж хууль хэрэгжүүлэхийг сануулсан. Тэгсэн УИХ-ын гишүүд бидний санаачилж батлуулсан гол мөрний тухай хуулийг өөрчлөх асуудлыг хурцаар ярьж эхэлсэн. Тэр бүгдийг бид зогсоож чадсан. Алтны компаниудын тоног төхөөрөмж рүү буудсан шүү дээ. Дараа нь Чингисийн талбай дээр морьтой жагсаал хийсэн. Үүний дараа нутаг чөлөөлөх ажиллагаа хийж, янз бүрийн хэл аманд өртсөн. Гол мөрний тухай хуулийг өөрчлөх санаархал гарч, УИХ-ын гишүүд, бүлэглэл төсөл боловсруулаад өргөн барих болгонд бид цаг тухайн үед нь зогсоож байсан юм. Биднийг яагаад ингэж тэмцэл өрнүүлээд байгаа цаад санааг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй өнгөрсөн юм байна лээ.

-Тэмцэл хийчихээд та нутаг руугаа нүүгээд явчихсан биз дээ?

-Хуулийн зүйл заалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй. 2004 онд Цагаан-Овоо сумаасаа гарахдаа нутгийнхаа ард түмэн болон уул усандаа “Би энэ нутгаа бүрэн бүтэн болгоод эргэж ирнэ. Бүтэн болгохоос нааш эргэж ирэхгүй” гэж андгай тангараг өргөөд явж байсан юм. Есөн жилийн дараа бүх зүйлс цэгцэрлээ, хуулиас нь эхлээд бүх талаар нь явсаар нутгаа бүрэн бүтэн авч үлдэж чадлаа гэж бодсон. Ингээд төрж өссөн нутагтаа эргэж очсон. Онги гол минь ирчихсэн, нуурандаа цутгаад жаргалтай тэнүүн болчихсон байсан. Хэдэн малтайгаа нутагтаа сайхан амьдарна гэж бодож байлаа. Долоон сард нүүж очоод хөдөө байж байтал хэрэг бишдээд явчихсан. Найман сарын үед урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахаар ээлжит бус чуулган зарлаж байгаа талаар МҮОНР-гийн мэдээнээс сонссон. Ингээд хүмүүсээс асууж сураглаад байсан үнэн болох нь тодорхой болсон. Хот руу эргэж найман сарын сүүлээр орж ирсэн. УИХ-ын гишүүдтэй уулзсан. Д.Ганхуяг гишүүнтэй уулзтал “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Үүнээс өөр арга байхгүй” гэж хэлсэн. Ингэж болохгүй гэдгийг сануулаад мэдээлэл солилцсон. Шинээр батлагдах хуулийн төслийг бидэнд өгсөн. Бид ч “Дээд шүүхийн шийдвэр бидэнд байгаа, үүнийг өөрчилж болохгүй” гэдгийг хэлсэн. Гэвч хэн ч биднийг хүлээж авч уулзалгүй зугтааж, батлах гэж улайрч эхэлсэн. Бид хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс долоо хоногийн өмнө нэгэн төвөгтэй шийдвэрт ярилцаж байгаад хүрсэн юм.

-Тэр шийдвэр чинь Төрийн ордны хашаанд буудсан асуудал мөн биз дээ?

-2013 оны есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлыг хийе гэсэн шийдвэр гаргасан. Бид аргагүй байдалд орлоо шүү гэдгээ ойлгуулж харуулах ажиллагаа хийе гэж шийдсэн. Буугаа цэнэгтэй байлгая, байгаа хэдэн тэсрэх бөмбөгөө байрлуулъя, гэхдээ цэнэггүй байлгая гэж тохирсон. Тэсрэх бөмбөгөө цэнэггүй байлгах хэрэгтэй, аюулгүй ажиллагаа чухал гэж үзсэн. Тэр үед нэг л зүйлийг шийдсэн байсан. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд буутай нэвтэрсэн болохоор буудах байх. Амь нас хамаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө амиа хайрлахгүй шүү гэж бодож байсан юм. Ингээд л үйл явдал болж өнгөрсөн.

-Та өөрийнхөө Төрийн ордны хашаанд буун дуу гаргасныг хууль зөрчөөгүй гэж ярьж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуулийн 40.1.2 –т заасан байдаг. Тэгэхээр эрүүгийн хуулийн зорилт нь болохоор Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх чөлөө, шударга ёс, байгалийн эсрэг тэмцэл, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гээд заачихсан байдаг. Тэгэхээр урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар өргөн барьж байгаа, УИХ түүнийг хэлэлцэж байгаа зүйл нь өөрөө хууль бус үйлдэл, гэмт хэрэг. Эрүүгийн хуульд байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн, санаатай саад учруулсан үйлдэл юм. Бүр Монгол Улсын эсрэг хийж байгаа гэмт хэрэг. Гадны нөхдүүдийн захиалгаар хуульд өөрчлөлт оруулах гэж байсан зүйл. Бидэнд үүнээс өөр сонголт олдоогүй. Бидний үгийг хэн ч хүлээж аваагүй. Хэн ч тоохгүй байсан шүү дээ.

-Ингээд хорих ялаар шийтгүүлсэн. Та бүхний гаргасан үйлдлийг буруутгах хүн олон байсан?

-Бүх үйл явдал болж өнгөрсөн. Эрх чөлөөгөө хасуулаад шоронд хоригдож байгаа хүн юу эсийг бодох билээ. Болж өнгөрсөн зүйлийг эхнээс нь дуустал нь олон хоног бодож тунгаасан. Энэ үед нэг л зүйл тод бодогдож мэдрэгдэж байсан. Тэр нь юу вэ гэхээр ямар ч байсан амь насаа алдаагүй ч гэсэн хорих ялаар шийтгүүлэн байж хамгаалах ёстой зүйлээ хамгаалж хийх ёстой ажлаа хийж чадлаа гэж бодогдсон. Надад ямар ч эрх ашиг байгаагүй. Зөвхөн Монгол Улсынхаа сайн сайхны төлөө хийсэн зүйл. Түүнээс биш өөрийнхөө эрх ашиг хэн нэгний төлөө ийм зүйл хийгээгүй. Миний бие олон тэмцэл өрнүүлж байхдаа аль болох гэмт хэргийн шинжтэй зүйл хийхгүй юмсан гэж хичээж, хэрэгжүүлж ажиллаж байсан.

-Тантай хамт тэмцэл өрнүүлсэн зарим хүн өвчний улмаас амь насаа харамсалтайгаар алдсан. Энэ бүгдийг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Хамгийн хүнд зүйл нь энэ. Өөрийгөө бодох, миний амь нас дүүрчээ гэж бодох нэг өөр. Яагаад гэвэл би ингээд өнгөрсөн хүн гээд өөрийгөө золионд гаргачихсан байдалтай байсан. Харин мөр зэрэгцээд нэгэн цагт Монголынхоо газар шороог бүрэн бүтэн байлгах гэж зорьж явж байсан, нөхдүүд минь харамсалтайгаар амь насаа алдсан талаар бодохоор одоо ч хэцүү байдаг. Ар гэрийнхний байдал хүндрэх, өвчин зовлон тусах асуудал гарч ирсэн. Энэ бүгдийг харах, сонсч дуулах үнэндээ хэцүү юм байна лээ. Гэхдээ тэмцэл хийсний үр дүн ямар нэгэн төлбөргүйгээр амар амгалан, сайн сайхан болдоггүй. Улс эх орныхоо төлөө тэмцсэн сайн нөхдөө алдах, бусдад гүтгүүлж доромжлуулах, ялтан болж шоронд хоригдож байгаа нь тэмцлийн төлбөрт өгч байгаа зүйл юм байх даа гэж бодож суусан.

-Та бүхний Төрийн ордонд буун дуу гаргасан үйлдлийг Украин, Сирид болж байгаа мөргөлдөөн шиг зүйл рүү турхирсан гэж буруутгаж байсан?

-Бидэнд улс эх орондоо дайн дажин гаргая гэсэн санаа бодол огт байгаагүй. Биднийг ингэж харагдуулах гэсэн гүтгэлэг ар араасаа гарсан. Нэр хүндэд халдаж гутаахын тулд төрийн томоохон албан тушаалтан хүртэл мэдэгдэл хийсэн байдаг. Олон нийтийг төөрөгдүүлсэн маш олон мэдээлэл хийсэн. Буруу зүйл хийсэн гэмтнүүд дандаа айж явдаг. Буруу зүйл хийсэн зүйлдээ хариуцлага хүлээ гээд нүүр тулаад байхаар “Үргэсэн адуу аргал хөдөлгөнө, Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг зүйл болсон.

-Шоронд хоригдож байхад олон хүн эргэж тойрч байв уу. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг?

-Ер нь бол нэгнийгээ муулах хэцүү. Гэхдээ шоронд хоригдож ялтан болсноор алдсан зүйл байгаа. Сайн муугаар сав дүүрдэг. Сайн хүн шиг байсан хүн муу байдаг ч юм уу. Надад муу хандаж байна гэж бодож байсан нь сайхан сэтгэл гаргаад хүрээд ирдэг. Шоронд орсноор найз нөхдийнхөө сайн мууг ялгаад авсан шүү. Энэ нь ч сайн юм болсон. Цаашид хэнтэй яаж хамтрах вэ гэдгээ эрт мэдэж авсан.

-Таныг бусдыг дарамталж их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл их гарсан. Энэ талаараа та шүүхэд хандсан байна лээ. Шүүх таны нэр төрийг сэргээх шийдвэр гаргасан байна лээ?

-Шоронд байхдаа нэг зүйлийг бодсон. Миний араас худал гүтгэсэн мэдээлэл гаргаж олон нийтийг төөрөгдүүлсэн асуудлыг нэг мөр болгоё гэж шийдсэн. Намайг орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж, мөнгө нэхэмжилж авдаг байсан гэх мэдээллийг олон нийтэд зарласан “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж гэдэг хүнийг хариуцагчаар татсан. Намайг гүтгэж, нэр хүндэд халдсан энэ асуудлаар би дөрвөн сард итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд гомдол гаргасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан нэхэмжлэл шүүх дээр ужгирч шүүх, шүүгчид нь өөрчлөгдөж явсаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр ирсэн нь өчигдөр хуралдаж, шийдвэрээ гаргалаа. “Нэр хугарахаар яс хугар, алдар гутахаар амь тасар” гэж үг байдаг. Хувь хүнийхээ хувьд ч тэр хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд ч гэсэн гүтгэсэн худлаа зүйлийг залруулъя гэж бодоод шүүхэд хандсан юм. Шүүх миний талд шийдвэр гаргаж, 80 сая төгрөгийн нөхөн олговор өгөх шийдвэр гаргасан.

-Цаашид та юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Эрх чөлөөгөө хасуулсан хоёр жил гаруйн хугацааг их үр дүнтэй өнгөрөөлөө гэж хэлж болно. Бүх зүйлийг эргүүлэн бодож, дүгнэлт хийсэн. Яавал буруутан болж юу хийвэл аливаа зүйлийг зөвөөр хийж болдог гээд алдаа оноогоо бүгдийг нь цэгцэлж бодож нягталсан. Өөрийгөө дутуу боловсорсон байна шүү гэдгээ мэдэрч өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарсан. Дээдэс маань түүхийг хэрхэн бүтээж байсан тэмцэл яаж хийсэн бэ зэргийг уншиж судалж ойлгож тунгааж авсан. Одоо бүх зүйл ойлгомжтой болсон. Цаашид хийх ажил тодорхой болсон. Юу хийх вэ, яаж ажиллах вэ гэдгийг сайн боловсруулсан. Эх орныхоо сайн сайнхны төлөө тэмцээд ялтан болж шоронд хүртэл хоригдож үзлээ. Энэ миний хувь тавилан юм байна. Одоо алдах эрхгүй, зорьсон зүйлээсээ ухрах эрхгүй болсон. Анх нутгаа бүтэн болгох гэж гурван аймгийн найман сумын иргэдийг цуглуулж эхэлсэн ажил минь одоо хүртэл үргэлжилж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *