Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаатар: Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй пиишин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах магадлал өндөр байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүслээ. Тэрбээр “Энэ долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж гурван дуудлага ирсэн. Тухайн дуудлага өгсөн иргэд маань эмнэлгийн тусламж зөвлөгөөг авсан. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байна. Тиймээс иргэдэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөмөөр байна” гэв.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан нь галлагааны зөвлөмжийг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч олон нийтэд хүргэж ажилласны үр дүн. Нийслэлд өдөрт 300-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Автомашинаас гарч байгаа хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэж судалгаагаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнтэй холбогдуулан зөвлөлийн хурал дээр хар утаа хаяж, агаар орчин бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг чиглэл өгсөн байгаа. Тиймээс хар утаа их хаяж агаар орчны бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг бид “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд авч, яаралтай арга хэмжээ авч ажиллана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *