Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Хүндэт зочныг өнөөдөр /2017.05.08/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Ёслолын дараа талууд хэлэлцээрт орсон юм.
Дараа нь Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Вьетнам улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичиг нь салбарынхаа хамтын ажиллагааг зохицуулахад чиглэж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсад үйлчилж байгаа баримт бичгүүд Вьетнамын баримт бичгүүд харилцан хүлээн зөвшөөрөгдөнө. Хоёр талдаа илгээж байгаа оюутнуудад үзүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээний асуудлыг мөн харилцан тусгасан юм байна.
Хэлэлцээр хийх шатанд хоёр тал ямар салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Монгол Улсад хийж байгаа хоёр өдрийн айлчлалаа өнөөдрөөс эхэлж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Вьетнамын тэргүүлэх 20 гаруй бизнес төлөөлөгчид явж байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны төлөөлөгчид багтсан байгаа.
Нэгдүгээрт, хоёр улсын хоорон дахь цэрэг батлан, хамгаалах тусгай байгууллагууд буюу хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлье гэлээ.
Вьетнам улс 95 сая хүн амтай. Дэлхийд хүн амын тоогоороо 14 дахь улс болсон.
Зүүн өмнөд Азид Вьетнам Монголын гол түнш. 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын хамтын ажиллагаатай явж ирсэн.
Сүүлийн үед Вьетнамын эдийн засгийн өсөлт хурдацтай явж байгаа. Нөмөр нөлөө нь бүс нутагтаа тэлж байна. Тийм учраас Монгол Улс Зүүн өмнөд Азидаа Вьетнамыг түшиц улсаа болгож, хөгжүүлэх сонирхолтой байна.
Вьетнам улсын хувьд энэ жил АПЕК-ийг даргалж байга. Монгол Улс АПЕК-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд Вьетнамыг тусалж, дэмжиж ажиллаач ээ гэдэг хүсэлт тавьж байна.
Хоёр дахь гол асуудал бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх.
Вьетнамтай хийж байгаа Монгол Улсын худалдаа маш бага буюу жилдээ 45 сая доллар байна. Гэтэл бололцоо маш их байна. Вьетнамын талаас ч Монголын талаас ч худалдаагаа нэмэгдүүлэх сонирхол их байдаг.
Тийм учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр улсын хооронд нэг чухал гэрээнд гарын үсэг зурсан. Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэснээр Монголын мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Вьетнамын зах зээлд нийлүүлэх үндэс тавигдсан. Вьетнам улс Монгол Улсаас ямааны мах импортлох сонирхолтой байдаг юм байна, халуун орон учраас.
Ажил ч эхэлсэн. Монголын 4-5 махны үйлдвэрийг Вьетнамын тал Засгийн газрын түвшиндээ хүлээн зөвшөөрч, эхний ачилт хийгдсэн байна. Энэ бол туршилтын ачилтууд. Энэ жил 20 тонн ямааны мах экспортлох зорилт тавьсан байна.
Вьетнам жилдээ 200 тонноос ч илүү ямааны мах, ноолууран бүтээгдэхүүн ч илүү импортолъё гэдэг сонирхолоо илэрхийлж байна.
-Монголын зах зээлд Вьетнам улс ямар бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа юм бол?
-Зөрүүлээд бид Вьетнамаас бэлэн бүтээгдэхүүн түүн дотроо радио электрон, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн авах бололцоотой. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь гүн хөлдөөсөн. Бид эндээс гүн хөлдөөсөн махан бүтээгдэхүүнээ экспортолно.
-Боловсролын салбар дахь харилцаагаа өргөжүүлэх сонирхол байна гэсэн. Энэ талаар сая тодорхой шийдэлд хүрсэн үү?
-Монгол Улс аялал жуулчлал, оюутан солилцоонд их анхаарал хандуулж байна.
Өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд суралцдаг, Вьетнамаас Монголд 30 гаруй оюутан суралцаж байна. Хоёр талдаа тэтгэлэг олгодог.
Хэлэлцээрийн үеэр сая оюутны тоог нэмэгдүүлэхгүй, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлье, салбаруудаа илүү анхааръя гэдэг тохиролцоонд хүрлээ. Хөдөө аж ахуйн салбар дээр онцгой анхаарч хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэсэн тохиролцоонд хүрсэн.
Хуучин олон жилийн сайн түнш харилцаагаа шинэ төвшинд гаргана гэж найдаж байна.