Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил Москва хотод ажиллав

Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны өчигдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ.

Эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 32 хувиар өсч, 561 сая ам.долларт хүрснийг уулзалтын үеэр талууд сайшаан тэмдэглэж, цаашид хими, хар төмөрлөг, машин, тоног төхөөрөмж, нэхмэл эдлэлийн худалдааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын II хагаст зохион байгуулахаар тохиролцож, ЗГХК-ын салбар комиссууд, тухайлбал, хөдөө аж ахуй, газрын хэвлий, хүрээлэн буй орчин, тээвэр, бүс нутгийн дэд комисс болон бусад ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, 21 дүгээр хуралдааныг бодит ажил, хүрсэн үр дүнтэй угтах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. 20 дугаар хуралдааны хэрэгжилт сайн явж байгааг тэмдэглэж, энэ оны IV улиралд багтан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар ярилцаж, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар багтан ажиллахтай холбогдуулан дээрх салбарын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа хэлэлцээг өрнүүлэв. Тухайлбал, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас малын халдварт өвчний эсрэг вакцин нийлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас улаан буудай, өвс тэжээл худалдан авах бэлтгэлийн талаар ярилцав. Түүнчлэн “Төмөр замаар ачааг дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурах боломжийг эрэлхийлж ажиллахаа талууд нотоллоо.

Талууд гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, уг хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Монгол, Орос, Хятад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг байгуулах сонирхолой байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *