Налайхын хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Минжинхүүтэй ярилцлаа.
-Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг дүүргийн иргэд дэмжсэн. Тэр утгаараа захирагчийн сонгууль ням гаригт боллоо. Сонгуулийг та хэр шударга болсон гэж үзэж байгаа вэ?
-Налайх хотын захирагчийн сонгуульд найман хүн нэр дэвшиж сонгууль явагдлаа. Олон хүн нэр дэвшиж байгаа тул хоёр шатны сонгууль явагдах нь тодорхой байсан. Итгэл хүлээлгэж хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх боломж олгосон налайхчууддаа талархал илэрхийлье. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн хоногууд болон санал хураах өдөр бараг ихэнх нэр дэвшигчид Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хороо болон сонгуулийн хэсгийн хороодын шударга бус үйл ажиллагааг эсэргүүцэж өнгөрөөлөө. Түүнчлэн Налайх хотын захирагчийн сонгууль улс төрийн сонгууль биш юм. Харамсалтай нь намуудын гар хөл дэндүү шургалсан сонгууль болж өнгөрсөнийг налайхчууд харлаа.
-Хот байгуулалтын тухай хуулиараа нэр дэвшигч Ш.Хаан, та хоёрын дунд дахин санал хураалт явуулахаар болсныг та хэрхэн харж байна вэ?
-Засаг барьж байгаа энэ том намын шат шатны удирдлагууд, гишүүд дэмжигчид ажиллаж байгаа хүч тэнцвэргүй энэ өрсөлдөөнд налайхчууд маань зөв сонолтоо хийнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Намаас илүү налайхчууд хүчтэй, олуулаа гэдгийг харуулахыг хүсч байна.
-Таныг сонгуулийнхаа үеэр иргэдэд 5-10 мянган төгрөг тараасан гэдэг гомдол сонгуулийн Нэгдсэн хороонд ирсэн гэсэн. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-Сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа, сурталчилгаа хийх явцад миний нэрийг татуулах, өрсөлдөх боломж олгохгүй байх талаар их оролдсон мөн сонгуулийн санал хураах өдөр Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга Манарбек бүх нэр дэвшигчдийн өмнө “Минжинхүү нэр дэвшигч мөнгө тараасан баримт олдсон нэр татуулах болно” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь огт үндэслэлгүй зүйл байсан нь тогтоогдсон тул тэрээр уучлал гуйж ярилцлага өгсөн байгаа. Энэ байдлыг харж байсан нэр дэвшигчид өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуульд өрсөлдөгч болж оролцсон нэр дэвшигчид хүртэл ийм юм ярьж явах ч гэж дээ гэж харамсаж байна лээ. Налайхад хэн мөнгө тарааж хэн сонгогчдын санал худалдаж авч байсныг налайхчууд бүгд мэдэж байгаа. Тэгээд ч хоёр гурван мянган санал худалдаж авах мөнгө надад байхгүй. Энэ том намуудын өөдөөс зөв бодол сэтгэлтэй хэдэн залуучууд яаж ажиллаж байгааг бүгд харж байна. Тав гурван төгрөгтэй нь танилцуулга материал хэвлүүлээд, тав гурван төгрөггүй нь айл хунараар тарааж уулзаж сурталчилгаагаа хийсэн. Нэр дэвшигчийн цаана ажилласан намын нөхөд, төрийн албаны нэр дор алба хашиж байгаа хэсэг нөхөд л дэндүү шударга бус байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Дараагийн сонгууль шударга байгаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.
-Ер нь Налайх хотын захирагч болбол ямар зүйлсийг шийдвэрлэх вэ?
-Налайх хотод хийх зүйл их байгаа. Миний мөрийн хөтөлбөр дээр дэлгэрэнгүй байгаа. Үүнээс гадна төрийн албаны нэр хүндийг орон нутагт унагаж шударга бус хууль бус үйл ажиллагааг дэврээж байгаа үйлдэлтэй нэн тэргүүнд тэмцэх шаардлагатай юм байна. Иргэд өндөр байшин өргөн зам тавиад өг гэж ярихгүй байна. Тэд шударга байдлыг, алагчлахгүй байхыг, ажил хийх боломж олгож өгөхийг л хүсэж байна.
-Налайх хотын захирагч болсон ч эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл нь дүүргийн Засаг даргад байдаг гэсэн яриа гарч байгаа. Хотын захирагч болсноор яг ямар боломж байгаа вэ?
-Хуулиар энэ хоёр субьектийн эрх мэдлийг заагалсан байгаа. Хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллана. Шинээр боловсруулах батлуулах дүрэм журам их бий. Налайхад хүн болж өдий зэрэгтэй явж байгаагийнх хотоо сайхан болгох хүсэл бидэнд их бий.
Э.БОЛД