Categories
мэдээ цаг-үе

Ц.Мэнджаргал: Монгол хоолны стандарт Европынхтой таардаггүй

Олон улсын тогооч нарын 15 дахь удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн “Мико сүши” рестораны захирал Ц.Мэнджаргалтай ярилцлаа.


-Та олон улсын тогооч нарын тэмцээнээс алтан медаль хүртжээ. Ямар хоолоор энэ шагналыг хүртсэн бэ?

– Олон улсын тогооч нарын 15 дахь удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээн Туркийн Истанбул хотноо амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн тогооч нарын холбоо, Туркийн тогооч нарын холбоо хамтарч энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм. Нийт 30 орны 2800 гаруй тогооч 70 гаруй хоолны төрөлд өрсөлдлөө. Би япон хоолоор мэргэшсэн. Тиймдээ ч миний хувьд ази хоолны төрөлд өрсөлдөж алтан медаль хүртсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг гээд Азийн хүчтэй орнуудын тогооч нар оролцсон. Ази хоолоор энэ хүмүүсээс илүү гарахгүй байх даа гэж бодож байлаа. Гэсэн ч тэднээс дутахааргүй байж чадлаа. Ерөнхийдөө япон, солонгосчууд энэ хоолыг ингэж л хийх ёстой гэсэн зарчимтай. Хийдэг жор, горимоороо л хийнэ. Тиймээс миний хувьд япон хоолны уламжлалт хэв маягийг эвдэж европ маяг руу оруулахыг зорьсон. Ямар ч хүн хийгээд идэхэд хялбар болгосон юм.

Би ролл буюу маки сүшигээр өрсөлдсөн. Япончууд бол далайн байцаан дээрээ будаагаа л тавьдаг. Харин би далайн байцааны оронд будаа ашиглаж, сам хорхой дотор нь шарж бэлтгэсэн. Мөн өнгө, үзэмжинд маш их анхаарсан. Европ маяг руу оруулсан энэ хоол маань алтан медаль хүртсэн юм.

-Та энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна. Өөр ямар төрөлд өрсөлдсөн бэ?

-Би энэ тэмцээнд анх удаа оролцлоо. Надаас гадна ази хоолны төрөлд мөнгөн медаль хүртсэн “Монголын мастер тогоочдын холбоо”-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, мастер тогооч Ж.Отгонпүрэв, “South Govi sands” ХХК-ийн ерөнхий тогооч, мастер тогооч Б.Баттулга нар оролцсон. Мөн Олон улсын зэрэгтэй анхны монгол шүүгч Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, мастер тогооч Р.Батбаатар оролцсон. Монгол шүүгч олон улсын тэмцээн шүүсэн нь бидний хувьд том ахиц болсон.

Түүнчлэн манай тогооч нар багийн төрөлд оролцож IV байрт орлоо. Багийн төрөл өрсөлдөгч ихтэй, өрсөлдөөнтэй болдог. Зохион байгуулагчдын зүгээс хайрцган дотор хоорондоо зохицох, зохицохгүй хүнс, ногоонуудыг хийж өгдөг. Бид түүнийг мэдэрч хоол хийнэ гэсэн үг. Зохицохгүй хүнснүүдийг ашиглах юм бол оноо буурдаг. Нийтдээ нэг цаг 30 минутын хугацаанд өгсөн хүнсээр халуун зууш, үндсэн хоол, амттан зэргээ бэлддэг. Мөн сүүлийн таван минут үлдэхэд л таваглах ёстой. Түүнээс өмнө таваглах юм бол мөн л оноо хасагдана. Харин ганцаарчилсан төрөлд 30 минутын л хугацаа өгдөг. Ердөө ус буцлах төдий хугацаанд л хоёр хүний порцоор хоол хийнэ. Ер нь амттай хоол хийхээс гадна хувийн зохион байгуулалт, ур чадвар, ариун цэвэр гээд бүх зүйл ном журмын дагуу байхыг шаарддаг.

-Та хичнээн жил тогооч хийж байна вэ?

-Би 18 жилийн турш тогооч хийж байна. Өмнө нь арав гаруй жил АНУ-д тогоочоор ажилласан. Монголд ирснээсээ хойш сүшиний ресторан ажиллуулж байгаа.

-Олон улсын чанартай тогоочийн тэмцээнүүдэд монгол хоолоор өрсөлдөх боломж байдаг уу?

– Урьд нь манай тогооч нар монгол хоолны төрлүүдээр өрсөлдөж байсан. Гэхдээ монгол хоолны стандарт Европынхтой таардаггүй.

-Яагаад таардаггүй юм бол. Мах их хэрэглэдэгтэй холбоотой юу?

-Одоохондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэддэггүй юм шиг санагдсан. Ерөнхийдөө монгол хоолны талаар дэлхий дахин нэгдсэн ойлголт муутай байдаг. Тэр нь тогооч бид үндэсний хоолоо сайн сурталчилдаггүйтэй л холбоотой. Тийм учраас л монгол хоолыг ойлгож хүлээн зөвшөөрдөггүй байх. Тэгэхээр яг ч махтай холбож ойлгож болохгүй л дээ. Монгол малын мах 300 гаруй шим тэжээлийг агуулж байдаг. Бусад орны мал тийм биш шүү дээ. Гэхдээ монголчууд малын махаа боловсруулж, хадгалж идэхдээ тааруу юм шиг санагддаг. Удахгүй цагаан сар болох гэж байна. Айл бүхэн бууз, банш чимхдэг. Махандаа элдэв янзын перец, амтлагч хийнэ. Гэтэл амталсан мах маань удалгүй л өнгөө хувиргаад эхэлдэг. Тэгэхээр монгол малын мах маань амталгаа даахдаа муу юм болов уу гэж би бодоод байгаа юм. Ядаж л наад захын ийм зүйлсийг ажиглаж, махныхаа онцлогт тааруулж хэрэглэж сурах нь зүйтэй. Мөн дараа нь чимхсэн буузаа тагтан дээрээ гаргачихдаг. Агаарт буй олон төрлийн химийн бодис өнөөх буузанд нь наалдах аюултай. Ийм энгийн зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Миний хувьд буузандаа янз бүрийн амтлагч хийдэггүй. Жамц давс, гоньд, сонгино, хонины сүүл хийдэг. Хонины сүүл холестерин бага байхаас гадна, нүдний хараа, ой тогтоолтод маш сайн. Харин жамц давс элдэв химийн найрлагүй учир мах улайж, өнгө нь хувирахгүй. Ерөнхийдөө монгол амтаараа байлгах нь чухал юм даа.

-Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хөнгөн хоолонд хуушуур, бууз яалт ч үгүй ордог. Энэ нь хөнгөн хоол гэж хэлэхэд бас асуудалтай шүү дээ. Тэгэхээр малын махаа ашиглаад арай хөнгөн чанарын хоол хийж болох уу. Түүнийгээ сүлжээ түргэн хоолны газар болгон өргөжүүлэх боломж бий юү?

-Мэдээж гадны “KFC”, “Piz­zаhut”, “Burger king” гэх мэт сүлжээ түргэн хоолны газрууд Монголд үйл ажиллагаагаа явуулахаас өмнө судалсан байдаг юм. Тэгэхэд монголчуудын хамгийн их иддэг түргэн хоолонд яалт ч үгүй хуушуур, бууз багтдаг. Бидний зүгээс эдгээр түргэн хоолны сүлжээнүүдтэй өрсөлдөхийн тулд хуушуур буузан дээрээ л “тоглолт” хийж өгөх хэрэгтэй байгаа юм. Яагаад заавал буруу халаасан ботгирсон тосонд хуушуураа чанаж, буузаа олон дахин халааж, сайн муу нь мэдэгдэхгүй мах чихэх ёстой гэж. Энэ бол хөнгөн хоол болж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр багахан л сэтгэл гаргачих хэрэгтэй. Гурилаа өнгө оруулж, хүний биед хэрэгтэй зүйлсийг оруулж болно. Би туршиж үзэж байсан л даа.

Хуушуурынхаа махыг гараар татаад, хонины сүүл, өрөм бяслаг багцалж хийгээд хийж үзсэн. Маш сайхан амттай болдог. Шингэцийн хувьд ч тэр. Мэдээж малын махаа ашиглаад монгол хүнд тохирсон хөнгөн хоол хийж болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Ер нь тэгээд манай тогооч нар энэ тал дээр сүүлийн үед их анхаардаг болсон. Одоо бол япон, франц, америк хүнд тохирсон өглөөний цай гээд л гарах болж. Тэгэхээр монгол хүнд тохирсон өглөөний цай гэж байх ёстой юм байна гэх мэт асуудлыг хөндөж байна. Мөн монголчуудад 180 гаруй төрлийн цай байдаг юм билээ. Нутаг нутгийн онцлогоороо шүү дээ. Тэгэхээр цайг ч мөн ялгаагүй амт, шимт онцлогийг нь гаргаж тухайн зочиндоо зориулж чанадаг болох хэрэгтэй. Би өнгөрсөн оны аравдугаар сард “Дэлхийн ногоон цай”-ны өдөрт яваад ирсэн. Японы ногоон цайг хүмүүс сэтгэлээсээ ямар гоё хийдэг гээч. Тэд жил бүр шилдэг ногоон цай хийж буй хүмүүсээ шалгаруулдаг юм байна. Долоон удаагийн аварга болсон хүний цайг нь амслаа. Маш сайхан амттай байсан шүү. Амт чанар нь тариалалт болоод бүс нутгаараа янз бүр байдаг юм билээ. Мөн 100 грамм нь 120 мянган иений үнэтэй цай ч байдаг юм байна. Маш сайхан санагдаж байлаа. Монголчууд ч энэ жишгээр цайгаа урлаг болгож болно шүү дээ.

-Монголын тогооч нарын салбарын холбоод нэгджээ. Зорилго, зорилтынхоо тухай яриач?

-“Монгол Улсын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор салбарын мэргэжлийн мэргэшсэн холбоод нэгдэн “Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо” болж байна. Нийтдээ 20 гаруй мэргэжлийн холбоо нэгдэж байгаа бөгөөд салбарын мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн гарцыг тодорхойлох үүрэг, хариуцлага хүлээн ажиллахаар болж байна. Мөн монгол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэх, ажилтан ажиллагсдын ур чадварыг сайжруулж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилготой юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *