–Э.ОЮУНБОЛДЫН ДЭМЖИГЧИД, МӨН НАМАЙГ ШҮҮМЖЛЭГЧИД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ХАРДААД БАЙГАА 38 БӨХИЙН НЭРИЙГ ПРОКУРОРООС ГАРГУУЛААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЧИХ Л ДАА-
МҮБХ–ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж гаргав уу. Үндэслэл нь юу байв?
-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав болон зургадугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Үндэслэл нь энэ.
-Улсын арслан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байна, МҮБХ-ны зүгээс захиалгаар ийм шийтгэл оногдууллаа гэх шүүмжлэл их явж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё. Ер нь Ц.Магалжав Э.Оюунболдыг хэлмэгдүүллээ гэх байр суурийг олон хүн илэрхийлж байна шүү дээ.
-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.
Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл ихтэй, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Сарын 20 сая төгрөгийн цалин байтугай хольцгүй талх идээд, бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр хийгээд, хотын захын гэр хороололд амьдраад бөхөөр хичээллэж байгаа мянга, мянган залуучууд байна. Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн хоёр удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу? Надад ч, бусад олон бөхөд ч энэ дөрвөн залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож, бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргалаа. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж, бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтий” аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш, ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв байх.
-Э.Оюунболд улсын аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасууллаа. Нөгөө талд ижил асуудалд холбогдсон Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулж, нөхөж даян аварга цол хүртсэн. Хүмүүс үүнд эгдүүцэж, бухимдаад байх шиг…
-Бухимдаад байгаа нөхөд нь бичиг үсэг мэдэх бол бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсоныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр газар болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух хэрэгтэй. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод янз бүрийн шийдвэр гаргаад харин бухимдагсдыг бий болгоод байгаа нь эргээд төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай. Өөр хийх ажил их байгаа байх даа.
-АТГ-ын зүгээс 2009-2019 оны хооронд 38 бөх допингийн зөрчил гаргасан. өөрөөр хэлбэл, авлига өгч нуун дарагдуулж байсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Эмч, албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийг нийтэд ил болгохыг МҮБХ-ноос шаардсан байна лээ.
-Шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан, эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо Э.Оюунболдын дэмжигчид мөн намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш, Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад хоорондоо мэдээлэл, хов яриа, таамгаа хөөрөлддөг олон нийтийн сүлжээндээ гаргаад тавьчих. Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал. Угаас монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын дийлэнх нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа. Түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.
-Энэ удаа Э.Оюунболд нарын дөрвөн хүний эрхийг хассанаар допингийн асуудал цэгцэрнэ гэдэгт эргэлзэж байна. Явцын шинжилгээ тогтмол авах талаар МҮБХ-ны зүгээс мэдэгдсэн байна лээ. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс долоон бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авснаас үндэсний бөхийн хоёр бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ хоёр жилээр, чөлөөт бөхийн холбоо нэг жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.
-Допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдийн шинжилгээний хариуг удаадаг асуудал бий. Үүнд мөн л МҮБХ, Ц.Магалжавыг буруутгадаг.
-Допингийн эсрэг байгууллага допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдаанд улсаас, бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна аа л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсдыг олон шалгасан байх. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг даан ч мэдэх аргагүй. Шалгалтын үр дүнг манай холбоонд мэдээж тэд өгөхгүй. Харин одоо арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас МҮБХ, БТСУХ, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон зүйлд энэ уулзалтаар мэдээлэл авч болох байх гэж бодож байна.
-Допингийн асуудалд хариуцлага тооцохдоо цолыг хураагаад барилдуулдаг жишиг байж болох уу. Сумо бөхөд озеки цолтой бөх л хамгийн доод зиндаа хүртэл унаад л дээшээ гараад ирдэг жишиг байдаг шүү дээ. Тод жишээ нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байна.
-Яг одоо энэ талаар тодорхой зүйл хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л шийдсэн асуудал.
-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгоог халаад хагас жил орчмын хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав?
-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин хоёр бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг нэг талдаа хүчээр ч гэх юмуу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.
-Сүүлд нь нэг зүйл тодруулахад Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөлд онцгой цаг үед наадам хэрхэн зохион байгуулах талаар заалт орсон байна лээ. Энэ төсөл батлагдвал МЗХ-ны 100 жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох боломж бий юү?
-Хуулийн төсөлд тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ХЗДХЯ руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байна.