Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Ц.Магалжав: МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол, чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна

-ЦЭЦИЙН ЗҮГЭЭС ДАХИН БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч АВАРГА Э.ОЮУНБОЛД ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛААД ЯВЧИХСАН НЬ АНХААРАЛ ТАТСАН-

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МҮБХ долоон худагт 512 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгууллаа. Барилдааны онцлог юу байв?

-Засгийн газраас долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар задгай талбайд спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Үүний дагуу МҮБХ гишүүд болох бөхчүүдийн эрх ашгийн үүднээс УОК, НОК, бусад хариуцсан байгууллагуудад удаа дараа хүсэлт санал өгч зөвшөөрлийг авч зохион байгууллаа.

Хууль журмын хүрээнд зөвшөөрлийг өгсөн УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Тусгаар улсын баталгаа нь үндэсний гол онцлог зүйлс байдаг. Үүний нэг нь дэлхийд ганц эрийн гурван наадам. Үүний дагуу бөхийн барилдаанаа тасалдуулахгүй зохион байгуулсандаа таатай байна.

-Бөхийн барилдааны үеэр бөхчүүдийн хооронд үл ойлголцол гарлаа. Тодруулбал, барилдааны гурвын даваа 9:00 цагт эхлэх байсан ч бөхчүүд ам авахдаа асуудал үүсгэснээс шалтгаалж түр хойшилсон. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-МҮБХ энэхүү наадмыг зохион байгуулахад туйлын хичээж ажилласан. Үүний үр дүнд зохиогдсон. Сүүлийн жилүүдэд бөхийн нэр хүндийг хамгийн их унагаж байгаа допингийн асуудлаас болж аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд допингтой холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, түүнээс шалтгаалж ам авах эрэмбэ дарааллын талаар хэсэг ярилцаж саатсан. Шийдлийг яг тухайн үед гаргах боломжгүй байсан л даа. Бөхийн холбооноос хүчин чармайлт гаргаж барилдаан зохион байгуулж байна. Бөхчүүд ч хариуцлагатайгаар ч хандаж барилдаж байгаа. Түүнчлэн бөх сонирхогч үзэгч олон орон даяар бөх үзэхийг хүлээж байна.

ТВ-ийн эфирийн цаг зэрэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ярилцаад ам авч барилдаан үргэлжилсэн. Энэ нь допингийн асуудлыг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол хойшид наадам яаж саатахыг харуулсан үйлдэл боллоо.

-Бөхийн барилдааны гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдлаа. Энэ үеэр мөн л допингийн асуудал хөндөгдөнө лээ…

-Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амласан үйлдэл нь нөгөө л допингийн маргаан.Тэгээд хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд барилдааныхаа дараа допингийн шинжилгээ өгье гэж шийдвэрлэсэн. Энэ барилдаан МҮБХ-ноос зохион байгуулж байгаа барилдаан. Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан, мөн бүртгүүлсэн 680 бөхтэй миний бие “Хариуцлагын гэрээ”-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул хоёр бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.

-Барилдааны өмнө шөвгөрсөн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах тухай мэдээлэл гаргасан байсан. Гэтэл тавын даваанд аварга, арслангууд бүгд өвдөг шороодсон. Дээрх үйлдэл нь том цолтнууд допингийн шинжилгээнээс зугтааж байна гэх хардлага төрүүлээд байна л даа.

-Бөхийн амжилт гэдэг бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаална. Залуу бөхчүүдийн бэлтгэл илүү сайн байна. Баяр наадмын үеэр улсын цолгүй бөхчүүд эмээдэг, барилдаанаа гүйцэд гаргаж чадахгүй байх тохиолдол бий. Харин сая тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдаж байна. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд маш сайн барилдаж давцгаасан.

-Баяр наадмын барилдааны үеэр улсын аварга Э.Оюунболд допингийн шинжилгээнээс татгалзсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Допингийн шинжилгээ өгсөн. Допингийн шинжилгээнд хамрагдахаас татгалзвал хэрэглэсэнд тооцно гэж хэлээд гаргасан.

-Бөхийн барилдааны тавын даваанд Өмнөговийн Э.Нямаа гэх залуу улсын аварга Э.Оюунболдын араас нь дайраад унагаачихна лээ. Энэ асуудал дээр МҮБХ-ны тэргүүний хувьд үзэл бодлоо илэрхийлэхгүй юү?

-Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх хоёр бөхийн хувьд бол нэг нь санаачилга авч түрж талбайн захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа.

Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад яваад өгнө лээ. Энэ үйлдэл анхаарал татсан шүү.

-Энэхүү баяр наадмын онцлог нь МҮБХ-ноос шинэчлэн баталсан дүрмээр зохион байгуулагдлаа. Барилдааны үед нэг ч удаа барьц сонгосонгүй шүү дээ.

-Бөхчүүд маань барилдааны дүрмээ өөрчлөөд барьц сонголт, цагийг арай багасгасанд дасан зохицсон үр дүнтэй байна. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд нягт барилдаантай юм. Бидний арай өмнөх үеийн, бүр дээр үеийн ахмад бөхчүүдийн сайхан буйр суурьтай зан, бөх хүний ухаантай байдал Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун нараас харагдаж байлаа. Бөхийн торгон ногоон дэвжээ их учиртай гэж ахмадууд хэлдэг юм. Энэ залуучууд цаашдаа улам их амжилт гаргана гэдэг эргэлзэхгүй байна.

-Монгол Үндэсний бөхөөр олон жил тууштай сайн барилдсан бөхчүүд шөвгөрлөө. Өнөөх найраа гэх зүйл ил цагаан анзаарагдсангүй. Шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох ямар боломж байна вэ. Үүнийг маш олон хүн сонирхож асууж байна л даа.

-МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол, чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна.

-Барилдааныг олон сувгаар шууд нэвтрүүллээ. Хоёр хоногийн хугацаанд манайхан бөхөөр амьсгаллаа шүү дээ. Дараагийн барилдааныг хэзээ явуулахаар төлөвлөөд байна вэ?

-Ойрын хугацаанд бөхийн барилдаан явагдаагүй, наадам ч өнжөөд байсан учраас олон хүн үзсэн болов уу. Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ удаагийн 512 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Хажуугаар нь аймгуудад 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг гаргаж ажилласан. Үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Төр засгаасаа төсөв зардал авч хүндрүүлэхгүй наадмын бөхийн барилдаанаа хийж болохыг өнгөрсөн зургадугаар сард хэлж байсны дагуу бид 512 бөхийн барилдааныг амжилттай хийж гүйцэтгэлээ. Барилдааны талаар сайн зүйл олон, саар зүйл ч гарлаа. Товчоор хэлбэл, энэ барилдааныг олон хүн анхаарч үзсэн бол бидний амьдарч байгаа одоогийн нийгмийн тусгал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс байна, хууль шүүхийн байдал, нэгэнтэйгээ харьцах байдал, хар хор гээд бүх л зүйл харагдана. Тэгэхээр бүгд л үүнийгээ засаж сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болох нь. Дараагийн барилдаан хэзээ болох нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална.

Сүүлд нь онцлоход, барилдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн УОК, НОК мөн хяналт тавин ажилласан Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Биеийн Тамир спортын хороо, Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, оролцогчдоос шинжилгээг хоёр өдөр авч ажилласан СХД-ийн Эрүүл мэндийн төвийн ажиллагсдад дахин талархал илэрхийлье. Мөн хамтран ажилласан Монголын Залуучуудын Холбооны хамт олон, удирдлагууд, ерөнхийлөгч О.Гэрэлт-Оддоо талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд их амжилт хүсье.

-Орон нутгууд аймгийн цол чимэг олгох бөхийн барилдаанаа зохион байгуулаад эхэлсэн байна. Дорнод болон Сэлэнгэ наадамд шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй гэх мэдэгдлийг МҮБХ-ноос гаргасан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аймгуудын наадмын тухайд хэд хэдэн зөрчил гаргасан. Дорнод аймаг бөхийн оноолтыг заасан хугацаанд ирүүлээгүй. Мөн бүртгэл болон эрэмбэ хийлгээгүй. Үүнээс гадна барилдааны дүрэм зөрчиж, бөхийг барьц сонгож унагаж хохироосон зэрэг зөрчлүүд гаргасан. Хөвсгөл аймаг ч оноолт бүрэн хийлгэлгүй бөхийн барилдааны оноолтыг санаатайгаар зөрүүлж, зарим бөхчүүдийг хохироосон. Оноолтын зориулалтын программыг хоёрын даваанаас цааш ашиглаагүй. Өөр нэг ноцтой зөрчил байгаа нь өөрөө хандаагүй бөхчүүдийг бүртгэж, хий даваа гаргасан байна лээ.

Сэлэнгэ аймгийн тухайд Аймгийн Онцгой комисс, Засаг дарга нь барилдаан хийх захирамж гаргаагүй юм билээ. Засаг дарга нь хууль журмын дагуу барилдаанаа хийнэ гэж МҮБХ-нд хандаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *