Categories
мэдээ цаг-үе

Ц.Магалжав: Бөхийн өргөө түгжээтэй байх нь Л.Чинбатын холбооныхонд ашигтай

МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжавтай ярилцлаа.


-Бөхийн холбоод эвлэрнэ гээд комисс хүртэл байгуулаад явж байсан. Үр дүн гараагүй юу?

-Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудлаар маргалдаж буй талууд дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлээд олон удаа уулзаж эвлэрлийн комисс хүртэл байгуулж ажилласан. Харамсалтай нь хэрэгжүүлсэн зүйлс ажил хэрэг болоогүй. Анх дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж асуудлын хамгийн зөв гарц нь маргаан эхлэхээс өмнөх буюу 2002 оны Цэцдийн зөвлөлөөр хурлаа зарлуулж хуралдаж тавдугаар сарын 5-нд 21 аймгийн төлөөлөлтэй уулзаж нэг талдаа гарахаар тохирсон. Дараахан нь тавдугаар сарын 3-нд хуралдаж эсрэг талын гол төлөөлөгч улсын заан Ж.Ганболд хурал удирдаж явуулахдаа тавдугаар сарын 5-нд хуралдаж амжихгүй гэж 18 хүртэл хойшлуулсан. 18-ндаа “ИхЭе” хийх гээд хүлээж байхад өмнөх өдөр нь дархан аварга Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нар хэвлэлийн хурал зарлаж маргааш “Их Эе” болохгүй ээ. Зохион байгуулбал шүүхээр заргалдана “Ж.Ганболд биднийг төлөөлөхгүй гэсэн зүйл яриад эхний эвлэрлийн асуудал өндөрлөсөн. Дараагийн эвлэрэх тухай асуудал зургадугаар сарын 10-наас 15-ны хооронд яригдсан. Энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаяр, Л.Чинбат захиралтай удаа дараа уулзсан. Хамгийн сүүлд зургадугаар сарын 15-нд уулзаж манай тал “Эвлэрье, хурлаа зарлая” гэсэн шаардлага тавьсан бол нөгөө талын нөхөд “Хурал хийхгүйгээр МҮБХ-ны бүтэц зохион байгуулалтад хүмүүсээ томилоод явах санал гаргасан. Хамгийн гол зөвшилцөлд хүрээгүй шалтгаан нь нөгөө талаас “Л.Чинбатыг баяр наадмын зохион байгуулах коммист оруулж өгөөч гэсэн хүсэлт байсан л даа. Баяр наадмын комисс хуралдаад маргалдагч талуудын аль ч талаас төлөөлөл оруулаагүй. Бөхийн салбар хорооны даргаар Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан, Бөхийн салбар хорооны орлогч даргаар БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Жанчивдорж нарыг томилсон. Ингээд талууд тарсан даа. Манай зүгээс олон удаа эвлэрье, нэг талдаа гаръя гэсэн санал хүргүүлсэн ч тухай бүрт нөгөө нөхдүүд буруу харсан.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд намрын улирлын нээлтийн барилдааны тов зарлагдсан ч цуцлагдлаа. Бөхийн өргөөг дахиад л цагдаагийн хамгаалалтад авлаа?

-Есдүгээр сарын 29-нд 20 дахь удаагийн нээлтийн барилдаан хийхээр төлөвлөж бүх бэлтгэл ажлыг хангаад байсан ч дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар нэр зүс нь үл мэдэгдэх 30 орчим залуусыг дагуулж Бөхийн өргөөрүү нэвтэрч үймээн дэгдээлээ. Өмнө ч дөрөвдүгээр сарын 14, зургадугаар сарын 14-ний өдрүүдэд хаалга цонхыг нь хагалж дайрч орсон. Тухай бүрт нь цагдаа хэв журмыг сахиулах үүднээс хамгаалалтад авч байсныг бөх сонирхогчид мэднэ. Үүний дагуу нээлтийн барилдаан цуцлагдлаа.

-Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дархан аварга Б.Бат-Эрдэнийг Монголын Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх эрхгүй учраас барилдаан цуцлагдлаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ярихгүй юу?

-Худлаа гүтгэлэг л дээ. Энэ бол шүүхийн шатанд явагдаж байгаа асуудал. Манай зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн бүртгэгч Оюумаагийн энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсон, түүнд бүртгэл хийж шинээр гэрчилгээ олгосон явдлыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг хэлэлцэх шүүх хурлыг нөхдүүд таван удаа хойшлуулсан байдаг. Улмаар долдугаар сарын 24-нд хурал болоход улсын бүртгэгчийн гаргасан шийдвэрийг нэг сар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд бүртгэлийг зохих ёсоор хийлгэхгүй бол гэрчилгээг хүчингүй болгох шийд гарсан. Заасан хугацаанд юу ч хийгдээгүй. Хуулийн дагуу Л.Чинбатад олгосон гэрчилгээ хүчингүй болсон л доо. Энэ шийдвэрт гуравдагч этгээдээр Л.Чинбат давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс есдүгээр сарын 26-ны өдөр “Л.Чинбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож, зарим дутуу хийгдсэн ажиллагааг нөхөн хийлгэхээр шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал удахгүй гараад ирэх байх. Магадлал гарч ирэхэд талууд 14 хоногийн дотор гомдол гаргаж Дээд шүүхэд хянуулах боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа. Анхан шатны шүүх рүү буцаж байгаа асуудлыг нөхдүүд “Шүүхийн шийдвэр Б.Бат-Эрдэнийг хүчингүй” гэж гарсан гэж яриад явж байгаа юм.

-Маргааныг шүүхийн шатанд хэлэлцээд явж л байг. Аль нэг холбоо нь бөхийн барилдаанаа зохион байгуулаад явж болдоггүй юм уу?

-Энэ нөхдүүд тамга тэмдэгний асуудал их яриад явж байна. Яг бөхийн хөгжлийн төлөө юу хийх, барилдааныг яаж өөрчлөх юм, ямар шинэчлэл хийх нь нэг ч зүйл яриагүй. Сэдэл нь буруу учраас явцгүй л дээ. Тиймээс барилдаан сайхан зохион байгуулах нь эд нарт хэрэгцээгүй зүйл. Бөхийн өргөө цоожтой байвал Л.Чинбат захирлын талын хүмүүст ашигтай. Иймээс л 30 орчим тооны залуусыг аваачиж үймээн гаргаж байгаа. Цөөхүүлээ ирээд зөвшилцвөл бөхийн өргөөг цагдаа хамгаалалтад авахгүй шүү дээ. Үймээн гаргаж байгаа нь барилдааныг цуцлах нэг төрлийн арга юм даа.

-Саяхан баяр наадмын допингийн шинжилгээний хариу гарлаа. Том цолтой бөхийн ч нэр дуулдаж байна. Албан ёсоор допингийн шинжилгээний хариуг хаанаас зарлах вэ?

-Наадмын допингтой холбоотой асуудлыг 100 хувь Допингийн эсрэг үндэсний төв, баяр наадмын зохин байгуулах комисс хоёр шийднэ. Манайд наадмаар шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариу удаж ирдэг гэсэн асуудал яригддаг. Долдугаар сарын 12-нд хамрагдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу 17-20 хоногийн дараа ирдэг юм билээ. Энэ жилийн тухайд 13 бөхийн хариу сөрөг буюу допинг хэрэглээгүй гэсэн хариу гарсан. Үүнийг нь долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний хооронд бөхчүүд рүү утасдаж хэлсэн юм билээ. Үлдсэн гурван бөх нь “Б” шинжилгээнд хамрагдах бүрэн эрхтэй байхад энэ 13 хүн илрээгүй байна гэвэл үлдсэн гурав нь тодорхой болчихно шүү дээ. Хүний эрхийг зөрчсөн асуудал болно. Тэгэхээр “Б” шинжилгээний хариу иртэл зарлахгүй байхад хугацаа алддаг юм билээ. “Б” сорьцын хариу илэрсэн үед нь Баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж допинг хэрэглэсэн бөхөд хуулийн дагуу хариуцлага тооцно. Баяр наадмын бус үед допинг илэрвэл МҮБХ-оо хариуцлага тооцно.

-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж найман аймгийн цолыг эрэмбэд багтаагаагүй байсан. Ямар зөрчил гарсан юм бэ?

-Үндэсний бөхийг ёс зүйтэй байлгахын төлөө хийж буй нэг ажил нь энэ л дээ. Орон нутгийн Үндэсний бөхийн холбоод дураараа авирлаж эрэмбэ зөрчиж оноолт хийдэг болсон. Үүнийг цэгцлэхийн тулд аймгийн баяр наадмын оноолтоо есдүгээр сарын 10-ны дотор явуул гэсэн шаардлага тавьсан ч зарим нь ирүүлээгүй. Мөн тойргийн цолоор барилдуулсан допингтой бөхчүүдийг барилдуулсан зэрэг зөрчил илэрсэн. Аймгуудаас эргэж холбогдож хүсэлтээ ирүүлж байгаа. Зарим тохиолдолд ганц нэгхэн хүний алдаанаас шалтгаалж олон залуусын хөлс, хүч үнэгүйдэх асуудал гарч байгаа. Тухайн асуудал дээр алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа гэсэн. Тухайн наадмыг зохион байгуулж байгаа хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудал шүү дээ. Үүнийг шийдэхэд амархан л даа.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулсан Чойр, Говь-Алтай, Налайх дүүрэг гээд газруудын аймгийн наадмын цол чимгийг яах вэ?

-Улсын заан Б.Соронзонболд Говь-Алтайд, аймгийн арслан Б.Гончигтавхай Говьсүмбэрт барилдсан. Энэ хоёр бөх МҮБХ-ны зохион байгуулж байсан барилдаанд барилдаж байхад нь допингийн шинжилгээнд хамруулаагүй. Чөлөөт улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Б.Гончигтавхайгаас Допингийн төрөлд багтах бодис илэрсэн, Б.Соронзонболд шинжилгээнд хамрагдаагүй асуудал үүсгэсэн. Үүнийг чөлөөт бөхийн холбоо хариуцлага тооцож допингийн эсрэг үндэсний төв мэдэгдэх асуудал байгаа. Чөлөөт бөхийн холбоо наадмын дараа хариуцлага тооцож нэг жилээр эрхийг хассан. Тухайн аймгуудад наадмаас өмнө очоогүй болохоор ээдрээтэй байдал үүсч байгаа юм. Чөлөөт бөхийн холбооны өмнөөс бид хариуцлага тооцож болохгүй тэднийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ бол цэгцлээд явахаас өөр арга байхгүй. Залуучууд ухамсарлаж өөрсдөө барилдахгүй байх хэрэгтэй.

-Ерөнхйлөгч Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Эрх зүйн талаас ийм чадамж байгаа юу?

-Ерөнхийлөгч өөрөө бөх хүн. Энэ маргааныг анхааралтай ажиглаж байгаа. Эд нар бөхийн өргөөнөөсөө болж маргаад байдаг юм уу гэж үзсэн ч байж болох юм. Удаан ажиглаж байгаа. Энэ үүднээс Ерөнхий сайдад бөхийн өргөөг төр авах талаар санал хүргүүлсэн. Энэ саналыг төрийн эрх бүхий байгууллагууд судалж үзээд шийдвэрээ гаргана биз. Энэ дээр нэмж тодруулахад Монгол бөхийн өргөө 1992 оны зургадугаар сарын 4-ний өдөр шаваа тавиад баригдаж эхэлсэн. Энд бөхөд элэгтэй ард түмний хандив, зөв зохион байгуулалттай баг хамт олны нөр их хөдөлмөрийн дүнд өргөө боссон. Шав тавьсанаас хойш зургаан жилийн дотор буюу 1998 оны хоёрдугаар сар гэхэд ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн байсан юм байна. Улмаар 1998 оны хоёрдугаар сард Засгийн газарт “Бөхийн өргөөний 70 хувийг босгочихлоо, та бүхэн шаардлагатай байгаа нэг тэрбум нэг зуун хорин хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлээчээ” гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүнийг тухайн үеийн засгийн газар хэлэлцээд 800 сая төгрөг олгоё 322 саяыг нь хандив туслалцаа, нэр төрийн арилжаа, сугалаа зэрэг ажлуудаа дахин хийгээд ол гэсэн байна. Дараа сард нь энэ хөрөнгө, санхүүжилт шийдэгдээд 9 сарын дараа буюу 1998 оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын комисст хүлээлгэж өгсөн. Ингэхэд улсын комисс тухайн барилгыг хоёр тэрбум гурван зуун хорин зургаан сая төгрөгөөр боссон гэсэн акт гаргасан. Үүнээс 800 саяыг нь төрөөс олгосон.

-Цаашдаа МҮБХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд яах вэ. Гарц гаргалгаа нь юу байна?

-Энэ асуудал дээр хоёр гарц бий. Нэг нь шүүхийн асуудлуудыг дуустал хараад явна. Үүнийг хүлээвэл нэгээс хоёр жил болно. Нөгөөх нь шүүхийн асуудлаа хаяад бөхчүүд өөрсдөө асуудлаа шийдэх боломж байх болов уу. Бөхийн өргөө хаалттай байснаар ид барилдаж байгаа бөхчүүдэд их хор хохиролтой. МҮБХ тасралтгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байж цолны хишгээ өгнө шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *