Гадаад харилцааны яамны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Мэдээж хэрэг дөрвөн жил тухайн парламент зүгээр сууна гэж байхгүй. Зөндөө зүйл хийсэн. Энэ парламентын хийсэн нэг чухал ажил нь Үндсэн хуульд өнөөгийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Үүнийг энэ парламентын чухал ололт гэж би хувьдаа үзэж байгаа. 1992 оноос хойш нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарсан. Угтаа бол Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх шаардлага гараагүй л дээ. Гэхдээ тодруулах, янзлах олон зүйлс байсан. Тэр бүхнийг овоо цэгцэлсэн. Бидний будлиад явдаг нэг зүйл бий. Гүйцэтгэх засаглал нь хоёр толгойтой юм шиг. Тэр байдлыг олигтой засч чадаагүй нь тиймэрхүү зүйл болсон. Яван суун учир нь олдох байх гэж бодъё. Товчдоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ирэх хэдэн арван жилд нийгмийн амьдралыг зохицуулахад их чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна хийж бүтээсэн томоохон үйл хэрэг энэ парламентад байна уу?
-Манайхан улс орноо хөгжүүлэх нэгдмэл бодлогыг нэг бус удаа боловсруулж ирсэн. Бараг гарын таван хуруунд багтахгүй байх. Тэр бүх туршлагад суурилсан Алсын хараа гэх бодлогын баримт бичгийг сая баталлаа. Үүнийг ширхэгчилж, нарийвчилж үзээгүй л дээ. Хар ухаанаар бодоход түрүүчийн хэдэн ном судрын ололтыг бататгаж, дутууг нь гүйцээж, овоо цэгцтэй бодлого гаргасан болов уу гэж найдаж байна. Ер нь өнгөрсөн 30 жилээс бидний хийх нэг дүгнэлт юу байсан гэхээр хуучин социалист үед улс орноо хөгжүүлэх бодлогыг тав таван жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг зарчмаа хаяад зах зээл гэгчийг задгай, зоргонд нь тавиад туучихсан. Үүнээс зохисгүй олон зүйл үүдсэн. Манайхан түүний уршгийг нүдээр үзэж биеэр туулж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт, Алсын хараа бодлого энэ тэр маний тэр зовлонг нимгэлж цаашид алга болгоход эрх зүйн чухал суурь болно гэж бодож байна.
Харин цэгцэлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга механизмаа зөв олох нь бодлого боловсруулахаасаа дутуугүй, бараг илүү ач холбогдолтой. Үүнтэй уялдуулж хэлэхэд Үндэсний хөгжлийн яам гэж хуучин төлөвлөгөөний комиссорхуу нэг тийм газар бий болгохоор шийдсэн нь их чухал. За ингээд Үндсэн хуулиа шинэчилчихлээ. Алс хэтийнхээ зорилгыг арай оновчтой болгочихлоо.
Үүнийг хэрэгжүүлэх арга зам механизм гэх үү, төрийн институци гэх үү тийм зүйлтэй болохоор шийдчихлээ. Энэ дөрвөн жилийн гол ололт энэ байх гэж бодож байна. Нарийн яривал өөр бишгүй л юм байгаа байх. Гэхдээ энэ бол дутагдал байгаагүй гэж хэлж байгаа юм биш.
-Өнгөрсөн 30 жилийг дандаа харлуулаад байх шиг санагддаг. Тэр тусмаа аль нэг намыг сонгохгүй байх нь зөв гэх зүйл нийгэмд яригдаж байна…
-Өнгөрсөн хугацаанд бугшиж ирсэн муу зүйлсийн зарим нь энэ дөрвөн жилд тод томруун харагдаж, нүгэл буяны дэнсэн дээр олон зүйл тавигдсан. Биднийгээ хөтөлж яваа улс төрийн намуудыг буруушаах сэтгэл зүй олон түмний дунд нэлээд түгээмэл болсон. Үүн дээр үндэслэн төр барьдаг намаа шинэчилье ч гэх үзэл бодол газар авч байна. Ялангуяа “МАНАН” гэгч нэг юмнаас салах ёстой гэцгээх болсон. Үүний зэрэгцээ энэ нэр томьёонд хамааруулдаг хоёр нам ч, тухайлбал, өөрсдийн боловсон хүчний бодлогын тухайд дүгнэлт хийж, бугшсан муу юмнаасаа салахыг эрмэлзэж байх шиг. Энэ ажилд нь одоо сонгууль зохих дүн тавина.Энэ нэг талаас сайн хэрэг. Нөгөө талаас, ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давлагаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ. Арай тэгэхгүй биз. Гэхдээ баахан бие даагч олонх болоод гараад ирвэл, тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна, бид шинэ зовлон амсна. Би тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтөлнө. Бодлогыг нь барина. Сайн, муу нь жич асуудал. Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой. Одоогийн сонин сэтгэл зүй газар авч, манайхан туйлшрах дуртай юм чинь нэг мэдсэн чинь баахан бие даагчдыг сонгочихвол баларна аа гэж хувьдаа санаа зовж суугаа.
-Та Электорат хөдөлгөөний гишүүн. Энэ хөдөлгөөний зорилго нь юу юм бэ. Нам гэдэг зохион байгуулалттай бүтцийн өөдөөс хүч үзэхээр байгуулагдсан юм уу?
-Энэ хөдөлгөөн нүгэлгүй, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, зөв хүмүүсийг сонгогдоход дөхөм үзүүлэх зорилготой. Түүний цаана жижиг намуудын болон бие даагчдыг дэмжих бодлогоос гадна сайн муу хэлэгдэж 30 жил эрх барьж байгаа хоёр намын боловсон хүчний бодлогод нөлөөлөх санаа бас байгаа. МАН-ын дарга ёс зүйтэй мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, хувийнхаа эрх ашгийг том эрх ашгийнхаа дээгүүр тавьдаггүй хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэсэн. Сая улсуудаа дэвшүүллээ. Нэлээд засал авсан байх гэж бодож байна. Ер нь МАН нэр дэвшигчдийнхээ 40-50 хувь, АН 70 хувь шинэчиллээ гэсэн. Тэр тоонууд нэг юм хэлж байгаа ч юм шиг. Гэхдээ нөгөө талаар тэр нэг их юм хэлэхгүй л дээ. Яагаад гэхээр тэд нь бүгд гарч ирнэ гэсэн үг биш, тэгж итгэхэд бэрх. Ямартаа ч нэр дэвших хүмүүсийн бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдлөө. Энэ нь Электорат хөдөлгөөний зорилттой нийцэж байгаа гэж хэлж болно.
-Электорат хөдөлгөөн ХҮН-ыг дэмжиж байгаа юм уу. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой, УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм бэ?
-Бид нам биш, хөдөлгөөн. Бид ХҮН-ын юмуу түүнтэй нийлсэн намыг дэмжиж байгаа асуудал огт биш. Бид бас МАН, АН, МАХН-ыг ч эсрэг байгаа юм биш. ХҮН-ыг тойрсон, эвсэл Электорат гэдэг нэрийг авсан байна лээ. Энэ бол манай хөдөлгөөний ивээлд орсон гэсэн үг огт биш. Бид 76 хүн дэмжихээ илэрхийлнэ. Үүнд МАН, АН, бас бус намын ч нөхөд бий. Бие даагчид ч байгаа. ХҮН-ын цөөн хэдэн хүн байх болно. Бид бол нийгмийн дотор буй түгээмэл уур амьсгалыг илэрхийлэх тухайд санаа нийлсэн хэсэг хүмүүс. Тойрог бүрт бидний дэмжиж байгаа хүн нь энэ шүү гэсэн дохиог бид сонгогчдод өгнө. Тэр нэрсийг бид өөрсдөө зохиогоогүй, олон түмнээс гаргаж ирсэн нэрс. Сонгох эсэх нь мэдээж сонгогчдын эрхийн асуудал…
-Энэ жилийн хувьд 208 бие даагч нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнд төр түшилцэж явсан эрхмүүд ч байна. Бие даагчдыг та хэрхэн харж байна?
-Баахан бие даагчид гарч ирээд олонх болчихгүй болов уу гэж бодож байгаагаа түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэд бодлого тодорхойлох хүчний хэмжээнд хүрэхгүй биз. Бодлогод шинэ амьсгал, шинэ санаа оруулах бол жич асуудал. Үндсэн хуулийн шинэчлэл, Алсын хараа бодлого энэ тэрээс үүдээд ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт болох ёстой гэж би бодож байна. Тийм учраас шинэ парламентад муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлахаар болбол бид сайнаа үзэхгүй.
-Коронавирус цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал дэлхийд төдийгүй манай улсад хүндхэн байна шүү дээ. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Өнөөдөр бид нэг зүйлийг онцолж ярихгүй бол болохгүй. Энэ цар тахал цаг зуурын юм огт биш бололтой. Энэ жилээр тогтохгүй уршиг нь үргэлжлэх юм яригдаад байна. Өнөөдөр гэхэд л эдийн засаг яаж хумигдаж байгааг бид харж байна. ДНБ-ий өсөлт энэ жил хасах ч гарч магадгүй. Бид 6,7 хувь өсгөнө гэж төлөвлөж байсан. Өнөөдөртөө нэг хувь гэсэн төлөг тавьж байгаа байх. Би бол нойлолчихож ч магадгүй гэж үзэж байна. Ийм зүйл болохгүй бол сайн хэрэг. Их тусгүй зүйлтэй учирчихлаа. Энэ тусгүй зүйлийн уршгийг арилгах үүднээс өнөөгийн Засгийн газар хоёр чиглэлд тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэг нь хүн ардаа харж үзэх, нөгөө нь эдийн засгийн суурийг нураачихгүйн тулд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих гэсэн хоёр чиглэлээр чадах ядахаараа арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүлийг хамгаалах талынх нь их ажлыг би ярихгүй байна.Энэ жил хоёр их наядын алдагдалтай төсөв баталсан. Одоо засаг их наядаар ярихаар илүү зардлыг арга буюу гаргаж байгаа. Цар тахлаас үүдэлтэй зовлон цаашид даамжирч магадгүй. Тэгэхээр өнөөгийн энэ “авралын” бодлого бас оновчтой үргэлжлэх учиртай. Шинэ төр засагт тийм том үүрэг ноогдох нь шиг байна. Энд бас бодлогын залгамж чанарын асуудал байна. Товчоор хэлбэл, энэ цар тахал бидэнд цоо шинэ улс төрийн нөхцөл байдлыг бий болгож байна. Олон нийт, сонгогч түмэнд энэ байдлыг сайтар ойлгуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эцэст нь хэлэххэд улс төрийн тогтвортой байдал, ард түмний нэгдмэл санаа бодол хэзээ хэзээнээс илүү амин чухал учир холбогдолтой цаг үе тохиогоод байна. Өнөөгийн улстөрийн байдлын тухай үзэж харж байгаа төсөөлөл ердөө энэ.