УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
-Таны хувьд дараагийн УИХ-ын даргыг ямар хүн байгаасай гэж бодож байгаа вэ?
-Парламентын ардчилсан ёсыг хөгжүүлдэг, нийгмийн тогтолцоог шударга, хөгжлийн төлөө зөв чиглүүлдэг тийм л хүн хэрэгтэй байна.
-УИХ-ын хурлын даргад албан ёсоор нэрээ дэвшүүлье гэсэн хүн байгаа юу?
-Одоогоор сонсогдоогүй байна. Хэвлэлээр янз бүрийн хүмүүсийн таамаг байх шиг л байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ гишүүний нэр дуулдаж байна лээ.
-Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн нэрээ дэвшүүлбэл та дэмжих үү?
-Дэмжинэ.
-УИХ-ын үйл ажиллагаа хэсэг доголдсон, эрх баригч нам дотороо хагаралдаж буй энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Аливаа улс орны төрийн тогтолцоо шинэчлэгдэх олон арга байдаг л даа. Хувьсгалт тэмцэл, дайн дажины замаар гэх мэт. Ардчилсан улс орнуудын хувьд удирдлага, удирдах төв аппарат, спикерээ шинэчлэх зэрэг олон арга бий. Манай улсын хөгжил 1990 оноос хойш буюу сүүлийн 30 жилийн хугацаанд сайжрах учиртай байсан. Яахав ардчилал, хүний эрх чөлөө, нийгмийн тогтолцооны эрх чөлөө нэмэгдсэн. Гэсэн ч эдийн засаг, ард түмний амьжиргааны түвшин, иргэдийн амьдралдаа ханах сэтгэл ханамж дордсоор байгаа. Бид ардчилсан тогтолцоог хэрэгжүүлэхээр өмчийн харилцаан дээр суурилсан нийгмийг байгуулъя гээд шийдчихсэн. Тийм байтал өмчийн харилцаагаа зөвөөр шийдэж чадахгүй байна. Шударга бус аргаар, хүч эвсэн, тэр нь мафийн бүлэглэлийн шинж чанартай болж байна. Тэр шударга бус бүлэглэлийн дундуур ард түмэн маань хүчгүйдэж, шударгаар ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд хоморгонд нь хэлмэгдэх, бүр дампуурах байдал ч ажиглагдаж байгаа. Үүний хажуугаар улс эх орны эдийн засгийн байдал улам доройтож, ард иргэд улс эх орноосоо дайжих, Монголд байхаас ч айдастай болж ирж байна. Энэ бүгд шударга бус бүлэглэлүүд нийгмийн тогтолцоог эвдэж эхэлсэнтэй холбоотой. Үүнийг зөв зохицуулах, удирдах эрх нь төрийн удирдлагууд, парламентыг даргалах хүмүүст бий. Тиймдээ ч бид удирдлагаа сольё, өөрчилье, эх оронч, ард түмэндээ хайртай, тэр удирдагчдыг олъё гэж зорьсон юм. Түүнээс бид хувь хүн рүү дайраад байгаа юм биш, хэн нэгэн таалагдахгүй байгаа ч юм биш. Бүхэл бүтэн нэг улс орныг зөв удирдах хариуцлагын асуудлыг яриад байгаа юм.
Ер нь улс орны хөгжил удирдагчаасаа маш их шалтгаалж байгаа нь харагдаж байна. Үүнийг бослого хөдөлгөөн гараад байгаа Венесуэль зэрэг бусад улсын жишээнээс ч харж болно. Мөн БНХАУ, Казахстан зэрэг улсын удирдагчид өмчийн харилцааг хөгжүүлж, улсаа хэрхэн сайхан авч явж болохыг харуулж байна.
Үнэхээр ардчилсан нийгэм тэнд хөгжиж байна. Хүн болгон хөдөлмөрлөж байж тэр өмчийг олж байгаа. Тэр өмч нь улс эх орны ч бай, хувь хүнийх ч бай тэгш эрхтэйгээр хөгжиж байгаа юм. Ард иргэд нь ч мөн тэгш эрхтэйгээр түүнийг бий болгож байна. Улс орноос нь дэмжиж байгаа хэрэг шүү дээ.
Түүнээс тэнд нэг хэсэг бүлэглэл гарч ирээд улс орны бүх баялгийг ховх сороод, бусдыгаа ядууруулж, өмчийн тэгш бус байдал үүсгэхгүй байна. Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь ядуурвал улс оронд гүн гүнзгий зөрчилдөөн үүсдэг. Үүнээс үүдэн янз бүрийн тэмцэл эхэлдэг. Дээр хэлсэнчлэн манай улсын нэг сайн тал нь ардчилсан парламентын тогтолцоотой. Мөн монголчууд маань ухаалаг юм. Төрийн тогтолцоог тайван замаар хэрэгжүүлж, мөн сольж байна. Бие биедээ ухамсартайгаар шаардлага тавьж шинэчлэлийг хийж байгаа нь сайн юм.
-Нэг хүнийг огцруулснаар бүх зүйл сайхан болж, илтэд өөрчлөлт гарах уу?
-Мэдээж хэрэг ганцхан хүн бүх зүйлийг буруу хийгээгүй, бүхнийг муу, муухай болгочихоогүй л дээ. Тэгвэл яагаад өнгөрсөн 30 жил ард түмэн маань дуугүй яваад байсан юм бэ. Энэ урт хугацаанд яагаад доройтож байгаа бүхэнтэйгээ эвлэрсээр ирсэн юм. Энэ бүхэнд бид бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Бүгд хамтдаа нийгмийн тогтолцоогоо сайжруулах, солих, улам эрүүлжүүлэх, зөв хөгжлийн зам дээр гаргахын төлөө хичээх учиртай. Үүнийг ард иргэд, мөн УИХ-ын гишүүд нэн тэргүүнд уриалах хэрэгтэйюм. Нийгмийнхээ сайн сайхны төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэх цаг ирж байна.
-Та УИХ тарахыг дэмжих үү?
-Тарахад амархан шүү дээ. Гишүүдийн 1/3 нь тараая гэвэл тэгээд л тарчихна. Хуулинд заачихсан л байгаа. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх дуусахад жил гаруйн хугацаа л үлдчихлээ. Энэ хооронд тараад, дараагийн 76-г сонгох гэсэээр байтал ээлжит сонгуулийн хугацаа болчихно. Тэр их зардал, хөрөнгө оруулалтыг хэрэггүй үйл ажиллагаанд зориулсан нь дээр үү, эсвэл одоо нийгмийн тогтолцоог шинэчлэх, эрүүлжүүлэх ажлыг явуулах нь зөв үү гэдгийг бодох ёстой. Энэ хугацаандаа хууль тогтоомжоо шийдээд УИХ-ын ээлжит сонгуулийн ажилдаа орсон нь дээр байх гэж бодож байна. Үргүй зардал, хайран цаг хугацаа өнгөрнө л гэж харж байгаа. Тэгэхээр одоогийн УИХ хугацаанаасаа өмнө тарах ямар ч шаардлага алга. Түүний оронд эрхэлж байгаа ажлуудаа үргэлжлүүлээд бусад хариуцлага хүлээлгэх, сайжруулах, зөв хөгжлийнхөө зам руу эргэлт буцалтгүй орох алхмыг хиймээр байна.
-Зарим орд газруудыг төр мэдэлдээ авч байгаа. Энэ салбарыг сайн мэдэх хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг шалгах хэрэгтэй. Би өөрөө уул уурхайн салбарын хүн. Тиймдээ ч лиценз олгодог Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яаман дээр байгаа хууль бус үйлдлүүдийг мэднэ. Юу болдгийг сайн мэднэ. Хууль бус зүйлүүд маш их бий. Энэ бүхнийг сайжруулж, өөрчлөх хэрэгтэй. Хууль бусаар ашиглах эрх авсан бол хариуцлага хүлээх л хэрэгтэй гэж бодож байна.