“Чингис
лэнд девелопмент” группын гүйцэтгэх захирал Ц.Гантулгатай ярилцлаа.
-Ази, Европыг
холбосон хурдны замын төсөл тойрсон гэгээтэй мэдээний нэг нь саяхан Орост
зурагдсан гэрээ байлаа. Монголын компани ОХУ-д баригдах хурдны замын ажлын
хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад ажиллах нь ээ?
-УИХ-ын даргын
ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд” Чингис лэнд девелопмент” групп
ОХУ-ын “Дальстроймеханизация” компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг
зурсан юм. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн “Чингис”-ийн хурдны зам маань зөвхөн
Монголд баригдах 1000 километрээр дуусахгүй л дээ. Хойшоо ОХУ-ын нутагт
Улаан-Үүд, Иркутск хотуудын чиглэлд тавигдана. Эдийн засгийн бүс рүүгээ холбогдоно гэсэн үг.
Урагшаагаа ч ялгаагүй. Бээжин хүртэл баригдах учиртай. Бээжингээс цаашаагаа
Тяньжин руу хурдны зам үргэлжилнэ. Ингэснээр манай улс далайд гарцтай болох
том боломж нээгдэж байгаа. Хоёр хөршийн нутаг дэвсгэр дээр ийм маршрутуудаар
барьж байж хурдны зам маань цогц болох
юм. Тодруулж хэлбэл эдийн засгийн үр өгөөжөө жинхэнэ утгаар нь өгнө гэсэн үг.
Манай групп хойд хөршийн нутаг дэвсгэр дээр баригдах хэсгийн зам байгууламжийн
ажил, Алтанбулагийн дамжин өнгөрүүлэх боомтын барилгын ажил дээр хамтран
ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.ОХУ-ын компанийн хувьд ч гэсэн Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр баригдах замын ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэнэ.
-Хурдны замын
эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд шийдвэр гаргах түвшний хувьд хийж амжуулах
ажлууд байгаа гэж дуулдсан…?
-Энэ төслийн
хувьд Засгийн газар санхүүгийн болон хөрөнгийн баталгаа гаргаж өгөөгүй.
Гэрээгээр хүлээсэн Засгийн газрын үүрэг бол эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөд
чиглэж байгаа. Газар чөлөөлж өгөхөөс эхлээд хэд хэдэн ажил бий. Хурдны зам бол
Монголд шинэ зүйл л дээ. Монголын Замын хөдөлгөөний дүрмэнд орон нутгийн зам дээр 80 км/цагийн хурдтай
явна гэсэн заалт бий. Харин 120-130 км/цаг хурдтай явна гэсэн заалт байхгүй. Энэ мэт зайлшгүй хийх ёстой
эрх зүйн шийдлүүд бий. Замын цагдаагийн хувьд гэхэд л аймаг, дүүргийн
цагдаагийн хэлтэс гэж байгаа. Манай группын хөрөнгө оруулж барих хурдны зам
зургаан аймгийн 24 сум, хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрнө. Наад зах
нь нэг сумын нутаг дэвсгэр дээгүүр тав юм уу хорин километр давхиад өнгөрч
таарна. 120 км/цагийн хурдтай явж байгаа жолооч осол гаргалаа гэхэд хэн
хариуцаж мөрдөн шалгах вэ гэдэг асуудал бий. Төмөр замын, нисэхийн цагдаагийн
хэлтэс гэдэг шиг Хурдны замын цагдаагийн хэлтэс ч гэдэг юм уу хариуцсан газар
байх шаардлага гарч ирнэ. Засгийн газраас хамаарах энэ мэт асуудлууд бий.
-УИХ-ын даргын
айлчлалын хүрээнд гэрээнд гарын үсэг зурсныг оросууд Монголын төрөөс хурдны замын бүтээн байгуулалтад анхаарч
байна гэж харцгаасан нь тодорхой. Хурдны замын газар шорооны ажил мөдхөн
эхлэх нь ээ дээ?
-З.Энхболд даргын
айлчлалын хүрээнд гэрээнд гарын үсэг зурсан нь төрийн зүгээс дэмжиж байгаагийн
тод илрэл л дээ. Замын газар шорооны ажил мөдхөн эхэлнэ. Хөрөнгө оруулалт болон
замаа барих ажлыг манай групп хариуцан гүйцэтгэж байгаа. Манайхан зам барилгын
ажил гэхээр хэзээ хөрсөө хуулаад замаа бариад эхлэх нь вэ гэдгийг хараад байх
шиг санагддаг. Зам барилгын ажилд нэг онцлог бий. Инженерийн шийдэл, хөрөнгө
оруулалтын систем гэх мэт ажлууд их чухал. Эдгээр шийдлийг гүйцэтгэсний дараа
зам барина гэдэг бол харьцангуй амар ажил. Тодорхой хувийг нь өөрсдөө барина.
Тодорхой хувийг нь нээлттэй тендер зарлаад гүйцэтгэгч компаниуд хийчихдэг
учраас тийм хэцүү биш л дээ.
-Хөрөнгө
оруулалт босгоход дэлхий даяараа хэцүүхэн боллоо гэцгээгээд эхэллээ. Хурдны
замын хөрөнгө оруулалт дээр иймэрхүү гадаад шалтгаан эрсдэл учруулахаар
байна уу?
-Дэлхийн эдийн
засаг гэж буруугаа өөр зүгээс хайх утгагүй л дээ. Дэлхийн улсуудын хувьд эдийн засаг нь дажгүй яваа орнууд бий. Эдийн
засаг уруудах газраа уруудаж, өгсөх улсдаа өгсөөд явж байгаа. Энэ бол эрүүл
тогтолцоо. Манайх ч гэсэн ийм жишгээр л явах учиртай. Манай эдийн засгийн хувьд
хэт жижиг учраас нэг зүйлээс хамаараад огцом өсдөг. Эсвэл эсрэгээрээ огцом
унадаг. Эдийн засгийн голдирлоороо, энгийн утгаараа бол өгсч, уруудах нь байдаг
л зүйл. Эрх зүйн хүрээндээ амжуулах учиртай зүйлээ хийгээд өгөх нь л бидний
хувьд том дэмжлэг болно.
-Энэ зам
баригдсанаар эдийн засгийн шууд болон шууд бус өгөөж ямар байх талаар таамаг
тооцоо гарсан уу?
-Шинэ суурьшлын
бүс, эдийн засгийн чөлөөт бүсүүд тодорхой эд хөрөнгө зарцуулна. Ингэж байж
хурдны зам маань үр ашигтай болно. Зам дагасан амьдралыг өөрчилнө гэдэг өөр
хэрэг. Хоёр хөршийг холбосон хурдны зам эдийн засгийн хувьд монголчуудад үр
өгөөжөө өгнө. Америкаар жишээлье л дээ. 1956 онд Эйзенхауэрийн үед эхлүүлсэн
хурдны замын сүлжээ Америкийн амьдралыг өөрчилсөн. Хурдны зам баригдсанаас
хойш нэг цаг түгжирч явдаг байсан газарт аравхан минутын дотор оччихдог болсон.
Ингээд ирэхээр заавал түгжрэл дунд амьдраад байх шаардлагагүй болчихож байгаа
юм. Өнөөдөр америкчуудын 90-ээс дээш хувь
нь хурдны замаас арван километр дотор амьдарч байна.
-Зам дагасан
дэд бүтэц аймаг, сумын хөгжилд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж яриад байгаа.
Буудаллаж амрах цогцолбороос гадна өөр ямар зүйлүүд барихаар төлөвлөөд байна
вэ?
-Зам дагасан дэд
бүтэц гэхээр таны сая хэлсэнчлэн аюулгүй амрах бүсүүдийг бий болгож,
цогцолборууд барина. Ийм цогцолбор 50-70 км тутамд нэг байхаар төлөвлөж байгаа.
Цогцолбор нь хоолны газартай, дэн буудалтай,
дэлгүүр үйлчилгээний газруудтай. Гүүрэн байгууламжууд бий. Орхон, Туул голын
гүүрүүд 2.5 км урттай байх юм. Гүүрэн байгууламжийн хувьд өвөрмөц шийдэлтэй,
үндэсний шинж агуулсан дизайнтай барина гэж төлөвлөж байна.
-Амралт
үйлчилгээний цогцолбор зам дагуу баригдахаар аймаг, тэр дундаа алслагдсан
сумдын амьжиргаа, ахуйд нэмэр болох байх. Жишээ нь нэг суманд ажлын байр
хэчнээнээр нэмэгдэх бол?
-Нэг цогцолбор
дээр чамлахааргүй ажлын байр гарч ирнэ. Одоогоор яг таг тоо хэлэх боломжгүй
байна. Сумын төв дээр захиргаа, сургууль, эмнэлгийн ажилтнууд гэсхийгээд ажлын
байр нь болчихдог. Хувийн бизнес гэхээр ганц, нэг дэлгүүр л байгаа. Сумын төвд
амьдардаг бусад улс тэтгэвэр тэтгэмжээр амьжиргаагаа залгуулж байна л даа. Ажиллаж байгаа хэсгийнх нь цалин
хөлс тийм ч сайн биш. Хурдны зам дагуух амралтын цогцолборууд ажиллаад эхлэхээр
30-40 мянган ажлын байр бий болно. Сумынхны орлого, амьжиргаа ч тэр хэрээр сайжраад ирэх нь тодорхой.
Үүнээс гадна Алтанбулаг, Дархан, Улаанбаатар, Хөшигтийн хөндий, Чойр, Замын-Үүд
зэрэг тодорхой цэгүүд дээр шинэ суурьшлын бүсүүдийг бий болгохоор төлөвлөж байна.
Ганц салбараас хамааралтай эдийн засаг өөрчлөгдөж өсөн дэвжих боломж хурдны зам
тавигдсанаар гарч ирнэ.
Ази,
Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт ирэх хавраас эхэлнэ гэсэн
мэдээллийг тус төслийн зүгээс өмнө нь өгч байсан. Замын газар шорооны ажил ирэх
хавраас эхлэх төлөвлөгөө өөрчлөгдөөгүй байгаа юм билээ. Хурдны замын 97 км-ын
трассын асуудал эцэслэн шийдэгдвэл хөрөнгө оруулалт нь асуудалгүй гэсэн
мэдээлэл ч байгаа юм.