Categories
мэдээ цаг-үе

Ц.Ерөө: Зарим өглөө аавын маань марш цонхоор айлчлаад ороод ирдэг юм

Төгсгөл. Түрүүч нь №227(6070) дугаарт


ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь энэ сарын 17-ны өдөр чуулганы хуралдааны танхимд УИХ-ыг тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл энэ сарын 17-18-нд шилжих шөнө түүний хэвлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг гэртээ орох гэж явахад нь үл таних хоёр этгээд зодсон талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн цахим хуудсаараа мэдээлж, тагнуул, цагдаагийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлжээ.

Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн, дуурийн дуучин, гавьяат багш Ц.Ерөөтэй ярилцлаа.


-Та дуурийн театрт бараг гучаад жил дуулсан байх аа?

-1963 оноос ярих юм бол 1993, 1994 он хүртэл дуурийн театртай амьдралаа холбосон. Хамаг залуу нас минь Дуурийн театр гэсэн тэр сайхан сүм дотор өнгөрсөн дөө. Би дуурийн театраа хоёр дахь гэр шигээ боддог. 1993 онд Хөгжим, бүжгийн коллежид дуулаачийн анги нээхэд би анхны багшаар нь очиж байлаа. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, ХХ зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж гуай маань намайг өөрийнхөө хажууд СУИС-д 1991 онд ассент багшаар ажилд авчихсан байсан юм. Сүүлд нь Ц.Пүрэвдорж гуай, Г.Хайдав багш маань намайг “СУИС-д хэрэгтэй байна” гээд. Тэгээд Хөгжим, бүжгийн коллежийн шавь нарынхаа заримыг Б.Жавзандуламдаа өгч, Жавыгаа багш болгож (Ардын жүжигчин Б.Жавзандуламыг хэлэв.сурв) тэндээ цагаар, эндээ орон тооны багш болж ирж байсан түүхтэй. Ц.Пүрэвдорж гуай маань намайг ирэхэд “Чи надтай л ээлжил дээ, миний хүү” гэж билээ. Түүнийг яван явтал нь энэ өрөөндөө байж, одоо болтол өрөөг нь сахиад сууж байна. Одоо ардын жүжигчин А.Долгортойгоо ээлжлээд шавь нартаа хичээлээ зааж байна.

-Шавь нар тань эхнээсээ олон улсын нэр хүндтэй тайзнаа уригдаад эхэллээ?

-Э.Амартүвшин маань дэлхийн дуучин болчихсон байна.

-Та саяхан гадагшаа яваад ирсэн гэв үү?

-Итали яваад ирлээ шүү дээ. Би Италийн талаар нэг их сайн ойлголтгүй байжээ. Багш нь ийм байхад улс нь ямар байх вэ дээ (инээв). Өнгөрсөн сарын 11-нд яваад 31-нд ирсэн. Ирээд арваад хонож байна. Нойрын зөрүү гэж нэг юм байдаг юм байна. Би тэнд хүүгээ (МУГЖ Э.Амартүвшинг хэлэв.сурв) ямаршуу дуулж байгааг нь мэдээгүй байсан. Хүү маань утас шөрмөсөөр ярина. Ирэх болгондоо манайд ирнэ. Манай тэр чинь их сонин хүн шүү дээ. “Би тэгээд, ингээд” гэж ярихгүй. Тэнд л дуулдаг юм байх даа гэсэн богино ойлголттой л очсон. Очсон чинь мань хүн үнэхээрийн дэлхийн дуучин болчихсон байна. Сая намайг очиход хүмүүс намайг дуулсан юм шиг л баяр хүргэхээр нь л мэдэрлээ шүү дээ. Хүүг минь дуулж байхад дуурийн дунд хүртэл дахиулах юм. Дуурь чинь дахидаг юм байна. Дээр үед “Чио чио сан”-д М.Найдалмаа бид хоёрын дуэтыг нэг удаа дахиулж байсан юм. Бид хоёр тэгэхэд гайхаж билээ. Ямар ч учиртай байсан юм. Тэрэн шиг чинь гадаадад дахидаг юм байна. Дахиулж дуулах юм. Уриулаад очсондоо хүүхдээ магтах гэж байгаа юм биш л дээ. Үнэндээ Итали, баруун Европын орон чинь опера орнууд юм байна. Дуурийн театрууд нь орон тооны дуучингүй юм байна. Агентлаг гэж нэг газар байна. Тэр агентлаг нь дэлхийн том том дуучдыг өөртөө татчихсан. Энд тэндээс залгаж “Танай тэр тенорыг чинь төдөн сарын төдөнд тийм улсын тийм хотын тэр театрт тийм дуурьт дуулуулъя” гэж захиалга өгнө. Манай хүүхдийн захиалга 2022 он хүртэл дүүрчихсэн юм шиг байна лээ.

-Дуурийг их хүчтэй, чанга хоолойтой хүн дуулдаг гэж эндүүрэх нь бий. Хэрвээ дуурийн дуучнаас дуулахад тийм их хүч гардаг байсан бол тайзан дээр удаан дуулахгүй дээ?

-Тэгнэ шүү дээ. Хүн болгоны төрсөн бие махбод их нөлөөлнө л дөө. Хүч гарах газраа гаргаж, гаргахгүй газраа гаргахгүй гэдэг нь хөгжимлөг гэдэг талаасаа л байхгүй юу. Өчигдөр малчны хотонд байснаа өнөөдөр дуучин болно гэж орж ирээд анх удаа төгөлдөр хуур харж шинэ оюутнууд чанга дуулбал болох байх гэдэг ойлголттой байдаг. Тийм биш байхгүй юу. Үгний хаана нь өргөц өгч, хаана нь зөөлхөн хэлэх вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. “Би чамд хайртай” гэхийг хашгичаад хэлбэл хэцүү биз дээ. “Би чамд хайртай” гээд зөөлөн аядуу хэлнэ биз дээ. Тэр мэтчилэнгээр дууны үгүүдийг яаж хэлэх вэ гэдэг нь бас чухал.

-Төрсөн газар, нутаг усныхаа нэрээр нэрлэгдэнэ гэдэг бас гоё байдаг байх даа?

-Миний шавь нар манай нутагт очиж тоглохоороо “Миний багш Ерөө” гэдэг гэсэн. Соёлын төв нь аавын маань нэрэмжит болчихсон байгаа. Хүн хөгшрөхөөрөө их егзөр болчихдог юм байна. Сум нь хөдөлж өгөхгүй болохоор “Миний аав тэгж ярих юм бол “Монгол маршийн хаан” хүн. Үлгэр жишээ хөгжим миний аавын нэрэмжит байх болохоос биш, тэр нэг сумын Соёлын төв байсан ч яалаа, байгаагүй ч яалаа” гэж бодогдож байгаа юм. Би бол яахав нэг хаяг аваачиж хадаад, дотор талд нь баримал тавьчихъя гэсэн бодол байгаа байхгүй юу. Гэтэл Ерөө сумынхан хөдлөхгүй бол би тэгж гүйгээд яах юм. Ингэж бодоод хоёр жил өнгөрөөд байна. Аймгийн Засаг дарга нь над руу нэг ярихаар нь үүнийгээ л хэлсэн. Тэгж яривал Соёлын төв нь аавын нэрэмжит байсан ч яалаа, байхгүй байсан ч яалаа. Миний аав тэртэй тэргүй нэртэй төртэй хүн. Сум нь ойлгохгүй, болгохгүй гэж байгаа бол болгодог хүнээрээ болгоно биз гэсэн. Тийм биз дээ. Би Сэлэнгийн Ерөөд төрснөөс цаашгүй юм л даа. Тэнд ах дүү нар маань ч байхгүй. Аавын маань ах дүү нарын ихэнх нь Зүүнхараа руу шилжчихсэн.

-Таны аавыг 120 гаруй, 115 орчим марш бичсэн гээд байдаг. Чухам хэд юм бэ?

-110-аад. Цэргийн хөгжимд бол арав нь байнга явж байна.

-Одоо бол наадмаар л ард түмэнд хүрэх юм даа. дээр үед бол марш их ч болдог байлаа. Майн баяр, Октьябрын баярын марш гээд сүртэй жагсаал болно. Тэр болгонд таны аавын марш эгшиглэдэг байсан биз дээ?

-Ингэх юм. Манайх “Чингис” зочид буудлын эсрэг талын байранд байдаг байхгүй юу. Тэр байр чинь аавын самбартай. Би тэр байрандаа байдаг юм. Хүүхдүүд яахав тусдаа гарч байна. Би бол яах вэ эндээ байж байгаад л, тэгээд л…

Манайх хуучин “Туул” рестораны урдах байшингийн нэгдүгээр давхарт байсан юм. тэндээсээ нүүж одоогийн энэ байранд ирсэн. Энэ байранд анх байр өгөхдөө тавдугаар давхарт байр өгсөн юм билээ. Би чинь нэг их гоё дээд давхарт амьдраад балконы хашлага дээр гараа тавиад хавь орчноо их дээрээс ажаад л зогсох юм байна ухааны юм бодож байлаа. Залуу хүн аргагүй юм. Тэгтэл аав шинэ өгсөн байранд нэгдүгээр давхарт байр сонгочихож. Хүний эцэг, эх гэдэг чинь үр хүүхэд, ач зээ нараа л боддог хойно доо. Би ч аавдаа юу хэлэх вэ дээ, дотроо л “Аав одоо яаж байгаа юм бэ дээ. Балконтой байранд орчихгүй. Тэгсэн бол балкон дээр гараад л зогсоод л…” гээд бодоод байдаг. Нэг удаа аавдаа хэллээ. “Аав аа, балконтой байр авч болоогүй юм уу” гэлээ. Тэгтэл аав “Энэ хэд чинь балкон дээрээс уначихвал төвөг” гээд миний хүүхдүүд рүү эрүүгээрээ заагаад “Тэгээд л аав нь нэг давхарт байр авсан юм аа” гэж билээ. Нисэхэд ажилладаг хүү, охин хоёр маань гарчихсан байсан үе л дээ. Би эмээ болсон хойноо л аавынхаа тэр ухааныг ойлгож байгаа шүү дээ. Тэгтэл одоо яаж байна, их амар. Шатаар бараг мацахгүй.

Аавын минь 80 насны ойгоор уг байрны маань хананд самбарыг нь байршуулсан юм. Тийм болохоор би тэр байрандаа л байдаг. Эмээ болсон хойноо л тэр бүхнийг ойлгосноос биш, залуудаа ойлгодоггүй юм байна шүү дээ. Балкон дээр л гоёх гээд байдаг. Энэ бүхнийг яагаад ярих болов гэхээр зарим өглөө унтаж байхад аавын маань марш цангинаад явчихдаг юм. Эхэндээ “Би аавынхаа маршийг зүүдлэв үү дээ” гээд боддог байсан. Харин одоо тэгж бодохоо больсон. Сурчихсан.

-Юу сурсан гэж?

-Яагаад вэвэл “Чингис” зочид буудал дээр янз бүрийн арга хэмжээ болдог юм. Тэгэхээр цэргийн хөгжим цангинаад л аавын минь марш цонхоор цангинаад л айлчлаад ороод ирнэ дээ. Шагнал, урамшуулал гардуулахаар л цэргийн хөгжим оччихсон аавын маршийг тоглоно. Эхлээд би, анх удаа сонсоод “Би зүүдлэв үү дээ” гэж хичнээн их гайхсан гэж санана. Одоо бол мэддэг болчихсон.

-Аав тань бурхан болоод хэдийгээр дөчин жил болсон ч бүтээл нь одоо ч эгшиглэсээр, түүнийг нь охин нь өглөөдөө сонсч байна гэхээр сайхан юм шүү?

-Тийм шүү дээ. Манай ээжийн эгч нь хөдөөнөөс ирээд “Манай хүргэн чинь зав гарвал загасанд яваад, нойроо хүрэхгүй бол нот бичдэг хүн юм аа даа” гэж билээ. Аав маань өнөө л маршаа бичнэ. Анд их дуртай. Бас загасчилна. Дамдинсүрэн гуай, Намсрайжав гуай, аав эд нар чинь нийлээд л Ерөөд очно. Аав маань Ерөөгийн Бэрлэг, Ялбагт отогтой. Тэндээ ан гөрөө хийнэ. Энгийн цагтаа загасанд явна. Харин өөрөө загасаа идэхгүй. Баахан загас барьж ирнэ. Би тэр загаснуудыг дуурийн чаатрын (театрын) зөвлөлтийн мэргэжилтнүүдэд аваачиж өгч оноо авдаг байлаа шүү дээ (инээв). Би яахав ганц хоёрыг шарж иднэ. Хойно зургаа, долоон жил сурсан юм болохоор.

Анх би борцтой хоол хийлээ.

-Хэзээ тэр вэ?

-Орост оо. Гурван орос охинтой нэг өрөөнд байдаг байлаа. Борцтой хоол хийсэн чинь салхивч онгойлгоод “Өмхий үнэртээд байна” гэж байна. Миний дургүй их хүрч байна аа, их шартай байж. Тэгсэн өнөөдүүлийн чинь гэрээс давсалж хатаасан загас ирнэ.1959, 1960 он чинь бол эх орны дайны дараахь хүнд он жилүүд байлаа шүү дээ, Орост. Их ядуу байсан. Нөгөөдүүлд чинь жижиг хайрцагтай загас ирнэ. Тэгэхээр нь би цонх, салхивчаа онгойлгож “Өмхий үнэртээд байна” гэж яг өөрсдөдтэй нь адилхан хамраа зангидаж дургүйлхсэн дүр үзүүлж хариугаа авч байгаа юм. Тэгдэг байсан чинь сүүлдээ яасан гээч. Би загасанд нь ороод нөгөөдүүл чинь борцонд минь ороод намайг зун харихад “Чи нөгөө хатсан махаа авчраарай. Ахиухан шиг авчраарай” гэж захицгаана. Нөгөөдүүл чинь борщондоо хүртэл хийгээд “Сайхан амттай байна” гэж магтана. Би чинь тэднийхээ гэрт нь очно. Оросууд их сайхан сэтгэлтэй, сайхан улсууд ш дээ. Найзуудтайгаа захидлаар харилцдаг байсан. Сүүлийн арваад жил холбоо тасарлаа. Болгарт мэргэжил дээшлүүлж байхдаа америк охинтой хамт сурдаг байлаа. Бид хоёр их харилцдаг байсан. Одоо байхгүй, холдчих юм. Сая бол Италид үзээгүйгээ л үзлээ. Миний хүү ч ухаантай юм аа. Намайг баярлуулсан, баярлуулсан. Ярих юм байхгүй. Э.Амартүвшингийн эхнэр Д.Туяа гэдэг хүн чинь алт байхгүй юу. Д.Туяагийн хүчинд миний Амраа явж байна шүү. Өөрөө дуучин байсан хүн бүхнийг ойлгож байна. Өөрийгөө хойш тавиад мань эрийг дагаад явж байгаа байхгүй юу. Түүнээс биш дуулбал дуулж л байх шүү дээ. Дуулдаггүй юм аа гэхэд багшлах л хүн. Сурсан эрдэм ихтэй. Мань эрийн бүх юмыг бэлдээд явж байна. Амраа маань одоогоор итали хэл овоо сурч байна. Гэхдээ Д.Туяагаа яаж гүйцэхэв. Уг нь надтай хамт нааш ирцгээх байсан чинь энд тэнд дуулах ёстой болоод Франц руу явчихсан. Гэхдээ удахгүй ирнэ гэсэн. Бараг ирчихсэн байх аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *