Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв.
Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тайлбарлав.
ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны 1 дүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь нэр төрөл бүр дээр үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 2020 оны 4 дүгээр сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан 2020 оны 5 дугаар сараас он дуустал Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулан Улаанбаатар хотын хэмжээнд 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.
А-80 81 хоног, АИ92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж болно. Төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авч ажиллахыг зорьж, импортлогч томоохон ААН-үүдтэй уулзалт хийж байгаа. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байна. Гэхдээ өргөн хэрэглээний АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч байна. Одоогийн үнэ болох 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана. Бусад дизель түлшний хувьд гадаад зах зээлээ дагаад үнийн өсөлт явагдана. Мэдээж зарим газар зүйн байршлаас шалтгаалан 10 гаруй төгрөгийн үнийн өсөлттэй байхыг үгүйсгэхгүй. АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байна” хэмээлээ.