Categories
мэдээ цаг-үе

Ц.Эрдэнэбат: Бид үндэсний сошиал сүлжээг бий болгохоор ажиллаж байна

“Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Монголд цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.


-Манайд Хаан банкны “qPay”, Худалдаа хөгжлийн банкны “TDB Pay” зэрэг цахим төлбөрийн систем хэдийнэ нэвтэрсэн. Хүмүүс ч хэрэглээд дадчихсан гэж болно. Танай “Гэрэгэ пэй” төлбөрийн систем бусдаас ялгарах ямар онцлог давуу талтай вэ?

-Үүнийг бол гар утасны пэймэнт систем гэдэг. Бүх банкууд үүнийг хэрэглэж эхлээд удаж байна. “Кью пэй”, “Сошаил пэй” зэргийг дурдаж болно. Одоо “ЛэндМН” ХХК өөрийн гэсэн системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр системүүд юу хийгээд байна гэхээр банкны данс хоорондын шилжүүлгийг л хийгээд байгаа юм. Гэхдээ нэг данснаас нөгөө данс руу шилжүүлэг хийхээс биш, хэрэглэгчидэд хэрэгтэй үйлчилгээг нэвтрүүлээгүй. Жишээ нь, автобусны тасалбар, гар утасны нэгж худалдан авч болж байгаа ч данснаас дансанд шилжүүлж байгаа урчаас чирэгдэл ихтэй. Ингэж гүйлгээ хийснийхээ төлөө авдаг төлбөрийг булаацалддаг. Энэ төлбөрийг хоорондоо хуваалцана, эсвэл нэмж төлбөр авдаг ч юм уу банкны гүйлгээн дээр ажиллаад байна. Харин бидний хувьд банкны гүйлгээ биш, хэрэглэгчдэдээ үйлчилж байгаа юм. Банкны гүйлгээний ашигаас бид хуваалцахгүй. “Гэрэгэ пэй” шиг хэрэглэгчдэд зориулсан систем одоогоор гарч ирээгүй байна.

-Гар утасны аппликейшн хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?

-Энэ сардаа багтаан Play store, App Store-т байршуулснаар хүмүүс ухаалаг утсандаа татан суулгах боломжтой. Ирэх сарын дундуур албан ёсны нээлтээ хийнэ.

-Хятадын “Вичат”-ын Монгол хувилбар гэсэн яриа сонсогдсон. Энэ санаагаа хэрхэн гаргасан бэ?

-Цоо шинэ зүйл биш шүү дээ. Үүнийг хийхээр сэдсэн миний хувийн сэдэл гэвэл би олон улсаар явж, зарим оронд амьдарч байсан мөртлөө Хятадад ерөөсөө очиж үзээгүй байсан юм билээ. Хоёр жилийн өмнө анх удаа Хятадад очоод “Вичат” гэдэг юмаар яаж төлбөр тооцоо хийж, хоорондоо харилцаж байгааг нь хараад шууд шоконд орчихсон. Үүнийг Монголд хийж болдоггүй юм байх даа гэсэн бодол тухайн үед төрсөн юм. Тэгээд судалж үзэхэд хийж болмоор санагдсан. Энэ системийн аппликейшнийг харахад их энгийн хэрнээ маш их технологийн шийдлийг агуулсан байгаа. Энгийн юмны ард хэцүү зүйл нуугдаж байдаг шүү дээ. Харагдах байдлаасаа хүнд хамгийн ойлгомжтой, энгийнээр хүргэхийг бид зорьсон. Хоёр хүн хоорондоо мөнгөн гүйлгээ хийх үйлдлийн ард бүхэл бүтэн банкны системийн кодыг бичиж бүтээсэн байх жишээтэй. Хэрэглэгч болгонд данс үүсгэх учраас тэр л дээ.

-Манай орны бизнес эрхлэгчид урд хөрштэй худалдаа, наймаа хийхдээ “Вичат”-ыг ашиглах болсон. Тэгвэл“Гэрэгэ пэй”-ийг хэрэглээд хоёр улсын энгийн иргэд харилцан гүйлгээ хийх боломжтой юу?

Энэ бол биднээс хамаарах асуудал биш. “Вичат”-тай эхлээд тохиролцож байж шийдэгдэнэ. Бид алсын хараандаа энэ талаар тусгасан байгаа. Ямар ч байсан Монголдоо “Гэрэгэ” төлбөрийн системээ нэвтрүүлж, хэрэглэдэг болсны дараа “Вичат”-тай холбогдохоор төлөвлөсөн. Удирлагын түвшинд харилцан тохиролцоно гэсэн үг л дээ. Ингэж тохирсноор нэг хүн Хятадаас бараа худалдан авлаа гэхэд “Гэрэгэ пэй”-ийн дансандаа мөнгөө хийгээд, “Вичат” тэндээсээ өөрийн хэрэглэгчдээ гаргаж өгнө. Тэгэхээр дээд түвшинд харилцан тохиролцох байх.

-Хятад улс дотооддоо Фэйсбүүк хэрэглэхийг хориглож, үүний оронд “Вичат”-ыг нэвтрүүлсэн. Энэ нь олон талын ач холбогдолтой юм билээ. Харин манай орны хувьд Фэйсбүүкийг хэрэглэснээр жилд дунджаар 23 тэрбумыг гадагшаа алддаг гэсэн судалгаа бий. “Гэрэгэ” Фэйсбүүкийн хэмжээнд хүртлээ хөгжиж чадах уу?

-Их зөв асуулт байна. Бид өөрсдийн системээ Фэйсбүүкийн хэмжээнд хүртэл хөгжүүлнэ гэж зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, үндэсний сошиал сүлжээг бий болгоно гэсэн үг. Үүний тулд бид “Найзууд” гэсэн функцийн цэсийг аппликейшндээ оруулсан. Нийгмийн сүлжээний сул талууд гарч ирсээр байна. Ялангуяа ямар ч улсын Засгийн газарт байхгүй нууц мэдээлэл Фэйсбүүкт оччихсон байдаг. Өнөө Засгийн газрууд нь иргэдийнхээ мэдээллийг гуйж, худалдаж авдаг болчихлоо. Ингээд эхлэхээр энэ улсууд чинь тэнэг биш, үүний эсрэг юмнуудаа бодоод эхэлсэн л дээ. Хятад, Орос хоёр ухаантай улсууд учраас өөрсдийн сүлжээг бүтээж, Фэйсбүүкийг оруулахгүй хаасан. Ингэж өөрсдийнхөө иргэдийн мэдээллийг гадагш алдахаас сэргийлж чадсан юм. Цаашдын төлөвийг ажиглаад байхад томоохон сошиал сүлжээнүүд задрах тийшээ хандаж байна. Улс болгон өөрсдийн нийгмийн сүлжээтэй болох хандлага руу явж эхэлсэн. Тэгэхээр бид ч гэсэн энэ чиг хандлага руу зорьж байгаа. Одоо манай “Гэрэгэ” зөвхөн төлбөр, тооцооны үйлдэл хийж байгаа. Энэ ажил тодорхой хугацаанд хийгээд дуусдаг юм биш. Анхны суурь үндсэн функцүүдээ хийгээд гаргана. Тэгээд дараа нь нэг бүрчлэн сайжруулаад, тасралтгүй хөгжүүлээд явна.

-Тэгвэл олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаар нэвтэрч бусдыг доромжлох, гүтгэх, тэр бүү хэл худал мэдээлэл тараах явдал цөөнгүй гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Бид энэ системийг хөгжүүлэхийн тулд 4-5 жилийн турш ажиллахаар төлөвлөсөн. Ингэж сошиал сүлжээ бүтээхдээ иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг баталгаажуулан бүртгэж байгаа нь цаанаа их учиртай. Нэг хүн нэг л хаяг нээх эрхтэй гэсэн үг. Ингэснээр хуурамч хаяг нээхээс сэргийлж, бусдын нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах явдлыг таслан зогсоох юм. Улс орон, төр засгийн мэдээлэл Фэйсбүүкээр дамжин Америк руу яваад байдаг. Үүнийг таслан зогсоох нь зөв. Гэхдээ ямар ч улсад Фэйсбүүк шиг нийгмийн сүлжээ хэрэгтэй байдаг. Тиймээс өөрсдийн гэсэн платформтой болох хэрэгтэй.

-Гар утасны нэгж, автобус, галт тэрэгний тасалбар, машины татвар, үзвэр үйлчилгээ, цахилгаан, кабелийн төлбөр, онлайн худалдаа гээд 22 төрлийн төлбөрийн цэс танай аппликейшнд байршсан байна. Эдгээр цэсүүд бүгд ашиглалтад орсон уу?

-Одоогийн байдлаар манайд 3-4 байгууллагын төлбөрийг хийх эрх үүсээд байна. Тухайлбал, Мобикомын нэгжийг манай аппликейшнийг ашилан авч болно. Мөн машиныхаа торгуулийг төлөх боломжтой. Энэ бүх компаниудтай гэрээ байгуулж, технологийн холболтоо хийхэд цаг их орно. Энэ бүхэнд байгууллагын нууцлал зэргээс эхлээд маш олон зүйл яригдана. Санаан зоргоор зуун үйлчилгээ нэвтрүүлж болохгүй юм даа. Нэг бүрчлэн хөөцөлдөх учраас олон жил шаардлагатай.

-Байгууллагуудтай хамтарч ажиллахад ямар бэрхшээл учирч байна вэ?

Бидний хувьд бэрхшээл тоочоод байх дургүй. Цаг хугацааны эрхээр хүссэн, хүсээгүй манай систем ажиллана. Гэхдээ алхам тутамд бэрхшээл учирч байна. Жишээ нь, банктай хийх холболтоо тохирч чадахгүй жил хагас боллоо. Анх компаниа эхлүүлэхдээ л энэ талаар ярилцаж эхэлсэн ч өнөөг хүртэл бүтээгүй. Нэгдүгээрт, банкуудын хөдөлгөөн удаан, хоёрдугаарт хүсэл сонирхол нь алга. Мэдээж төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Төрийн байгууллагын хувьд харьцангуй идэвхтэй байгаа. Татварын ерөнхий газар гэхэд л НӨАТ-ын н тал дээр бидэнтэй хамтрахаар болсон. НӨАТ-ийн системтэй холбосноор аль ч газарт и-баримт олгох боломжтой болно. Одоогийн байдлаар супермаркетуудад НӨАТ-ийн баримт олгож, бусад жижиглэн худалдаа эрхэлж байгаа ТҮЦ, худалдааны захуудын наймаачид олгохгүй байгаа. Эдгээр хүмүүст хоёр, гурван саяар компьютер авахад бэрхшээлтэй учраас татварын системд холбогдоогүй хэрэг л дээ. Харин ухаалаг гар утсандаа “Гэрэгэ” аппликейшнийг суулган НӨАТ-ын баримт өгөх боломжтой. Ингэснээр НӨАТ-ын баримтыг 100 хувь нэвтрүүлж чадна.

-Сүүлийн үед оюун ухаан дээр суурилсан технологийн компаниуд байгуулагдах боллоо. Таны хувьд энэ салбарын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Үүнийг Монгол гэлтгүй томоор нь харчих ёстой. Дэлхийн бизнесийн оргилд Apple, Samsung, Micro­soft, Google гээд дандаа технологийн компаниуд эхний аравт жагсаж байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр технологийн бизнес дэлхийн ирээдүй болсон гээд байгаа юм. Уул уурхай, газрын тос хоцрогдож эхэлж байна. Хүссэн хүсээгүй технологийн салбар луу дэлхий нийтээрээ явна. Монголд бид хүсэж хөгжүүлээд байгаа юм биш, урсгалаараа л явж байна. Энэ өөрчлөлтөд бид бэлэн байж, өөрсдийн технологийг бий болгох ёстой. Үгүй бол бид гадны технологийн боол болоод үлдэнэ.

-Танай ажилчдыг хараад байхад бүгд Монгол залуучууд байна. Технологи, IT инженер гэхээр гадаад хүнээр төсөөлдөг цаг ард хоцорчээ. Технологийн компаний хувьд баг, ажилчид нь амин сүнс нь болдог. Танайх хүний нөөцөө хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Ямар баг бүрдүүлнэ, тийм л үр дүн гарна. Тэгэхээр дээд түвшний баг бүрдүүлж байж сайн бүтээл төрдөг. Би өөрөө МУИС-ийн Программ хангамжийн тэнхимд багшилж байсан. Тухайн үед мэдээлэл зүйн улсын олимпиадад оролцож, сүүлдээ өөрөө зохион байгуулж явсан. Олимпиадын чиглэлийг сонирхож, дараа дараачийн хүүхдүүддээ сургаж, бэлтгэж ирсэн. Одоо хүртэл компанийнхаа залуучуудаас олимпиадад бэлтгээд сууж байна. Миний хобби гэх үү дээ. Улсын мэдээлэл зүйн олимпиадын нийт медалын 60 гаруй хувийг манай ажилчид авсан байна. Энэ байгалийн авьяас чинь шинэ шийдлүүдийг гаргадаг юм. Түүнээс хүчээр ч юм уу, мөнгөөр хийдэг ажил биш. Apple, Google зэрэг дэлхийн технологийн компанид ажиллаж байгаа монгол залуус зөндөө байна. Эдгээр компаниуд монголчуудыг ажилд авахдаа таатай байх болсон. Ялангуяа Америкийн компаниуд. Ингэж дэлхийн томоохон салбарт ажиллана гэхээр нэг талдаа сайн зүйл боловч нөгөө талдаа бидэнд хохиролтой.

-Уншигчдад маань сонирхолтой байж магадгүй гэсэн үүднээс асууж байна. Танай “Гэрэгэ” Хятадын “Вичат”-тай ижил зарчимтай. Тэгэхээр үүн дээр патентын маргаан үүсэх магадлалтай юу?

“Вичат” бидэнтэй патентын маргаан хийвэл бидэнд л сайн биз. Бид од болно шүү дээ /инээв/. Үндсэндээ хэрэглэгчийн интерфэйс дээр энэ систем явагддаг. Micro­soft, Apple хоёр хэрэглэгчийн интерфэйсийн патент дээр 10 жил маргасны дараа харилцан тохиролцож чадсан. Apple анх удаа график дэлгэцийг бүтээсэн. Гэтэл Microsoft Windows-ийг хийхдээ энэ графикийг дуурайсан. Тэгэхээр графикийн интерфэйсийг патентлах хэцүү. Харин үүний цаана байгаа программчлалыг патентлах ёстой. Яагаад гэвэл бид өөрсдийн гараараа энэ программыг бичсэн. Дүрсний хувьд манай аппликейшн “Вичат”-ынхаас шал өөрөөр хийгдсэн. Технологийн хувьд “Вичат”-аас юу ч аваагүй. Угаасаа өгөх ч үгүй шүү дээ. Тиймээс ямар ч патентын маргаан гарахгүй. Монгол оюуны өмчийн асуудал сүүлий үед яригдах болсон. Урлаг соёлынхны дуу хөгжим, зураг зэргийг оюуны өмчөөр хамгаалж байна. Гэтэл манай “Гэрэгэ киоск” гэсэн орон нутгийн автобусны тасалбар худалдаалах ТҮЦ машины патент алдагдсан. Бид өөрсдийнхөө бүтээлийг алдаад зогсохгүй, оюуны өмчийн эрхээ давхар алдсан юм. Энэ байдлаас болж бүтэн жилийг шүүхийн хаалга татан өнгөрөөлөө. Шүүхийн байгууллага ч гэсэн оюуны өмчийн талаар хангалттай мэдлэггүй юм билээ.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *