Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ц.Энгүүн: ”The Voice of Mongolia” шоунд анх аавыгаа бүртгүүлэх гэж очоод өөрөө орчихсон DNN.mn

“The Voice of Mongolia” шоуны анхны ялагч Ц.Энгүүнтэй ярилцлаа.


-Өвлийн богинохон, хүйтэн өдрүүдийг хэрхэн завгүй бас дулаахан өнгөрүүлж байна?

-Би өвөл дан даашинзтай яваад найзууддаа жаахан зэмлүүлчихээд байдаг юм. Тоглолтууд, шинэ жилийн уур амьсгал, хүмүүсийн аура намайг хангалттай дулаахан өвөлжүүлчихдэг. СУИС-ийн Уртын дуулаачийн хоёрдугаар курсийн оюутан болохоор ажлын хажуугаар хичээлээ амжуулах гэж нэлээн л завгүй байна. Энэ өвөл нүд ирмэхийн зуур л өнгөрч байна. Fantasya studio-ийн тоглолт, “Инээмсэглэл” хамтлагийн тоглолт, тэгээд шинэ жилийн тоглолтууд эхэлчихсэн болохоор даарах завгүй л өнгөрөөж байна.

-Таван жилийн өмнөх Энгүүн өнөөдрийн Энгүүнээс хэр их өөрчлөгдсөн бэ. Мөн таван жилийн дараах Энгүүнийг та яаж төсөөлж байна?

-Миний бодлоор хүмүүс энэ таван жилийн хугацаанд намайг сайнаар эсвэл муугаар өөрчлөгдсөн гэж бодоод байдаг юм билээ. Яг үнэндээ би урлагийн хүний амьдралаар амьдраад арван найман жил болж байна. Таван настайгаасаа л урлагийн хүний авах ёстой бүх сайхан муухай мэдрэмжүүдийг мэдэрсээр, сурсаар ирсэн юм шиг санагддаг. Хийлч Энгүүний амьдрал, дуучин Энгүүний амьдрал хоёр яг л түвшин ахих тусам даалгаврууд нь арай сонирхолтой болдог тоглоом шиг л санагддаг. Таван жилийн өмнөөс хийхийг хүсч бэлдсээр ирсэн бүх зүйлээ одоо хийгээд эхэлчихсэн. Сурч байсан зүйлсээ ашиглаж сурсан байна. Би ирээдүйгээ жаахан даруухан төсөөлөөд байдаг юм. Эргээд харахад төсөөлж чадахаасаа илүү том хөдөлчихсөн байдаг. Тэгэхээр таван жилийн дараа одоо төсөөлж байгаагаасаа хамаагүй их зүйл хийчихсэн байна байх аа.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Арван нэгэн дуутай цомог маань бэлэн болчихсон байгаа. Эхнээс нь клипжүүлээд нэг нэгээр нь цацна. Дуугаа өөрөө зохиож, хөгжмөө ч бас өөрөө хийлцэж байгаа болохоор дуу маань хурдан бэлэн болчихдог юм. Клипний ажил артистаас гадна сайн менежер хүний хийх ажил шиг санагдсан. Дуунууд маань бэлэн болчихсон болохоор он гараад клипний ажилдаа орох байх. Аль дуугаа түрүүлж цацахаа бол нууцалмаар байна.

-Дуугаараа юу илэрхийлэхийг бас ямар мэдрэмж хуваалцахыг зорьж байна?

-Энгүүн гэх хүнийг л танилцуулмаар байна. Тэмцээнд сонгож дуулсан дуунуудаар минь бүх хүн намайг төсөөлдөг юм. Гэхдээ тэр дуунууд нь өөр хүний өөрийн мэдрэмжээ шингээсэн дуу шүү дээ. Миний хувьд шууд коверлох биш нэлээн өөриймшүүлж өөр гормон ашиглаж анхнаасаа миний дуу байсан бол ийм байх байсан даа гэж төсөөлж ажиллаж дуулдаг байсан. Ихэвчлэн баллад поп дуу сонгож дуулж байсан болохоор хүмүүс намайг яг л тийм хүн гэж бодсон байх. Өөр зохиогчоос дуу авч дуулахад үгийн сонголт, аялгуу гээд л насны ялгаа надад тод мэдрэгддэг байсан. Дуулж байгаа дуу минь миний мэдрэмжээс зөрөөд Энгүүнийг мэдрүүлж чадсангүй дээ гэдэг бодол нэг хэсэг их хэцүү байдаг байсан. Одоо гарах дуунууд минь яг л миний дотроос гарсан мөн мэргэжлийн чанарыг илүү анхаарсан бүтээлүүд байх болохоор урьд нь байгаагүйгээрээ илүү их жаргалтай байгаа.

-Хэзээ ч сонсоогүйгээрээ нэг дууг дахин анх удаа сонсох боломж өгвөл тэр ямар дуу байх вэ?

-Ийм асуулт ирэхээр л зовчихдог. Би жааханаасаа л өдөр, шөнөгүй дуу сонсож хайрлаж өссөн хүүхэд болохоор аль нэгийг нь сонгох хэцүү байдаг. Бүгд өөрөөр мэдрэмжийн үүрэгтэй хэрэглэгддэг дуунууд байдаг. Анх сонсож үзэж гайхширч байсан мэдрэмжээ ойлгохгүй насан дээрээ үзсэн, санадаггүй юм. Daft Punk-Interstella 5555 гээд бүрэн хэмжээний цомог анимэйшнийг сонгоно.

-Дуртай уух зүйл тань юу вэ. Тэр уух зүйлтэй төгс хорших дууны нэр?

-Би кофе ууж чаддаггүй юм. Жимстэй цай уудаг төрлийн хүн. Тохирох дуу гэвэл Wave to earth-ийн бүх дуу зохицох байх.

-Ерээд оны нэг дуучинтай уулзах боломж олдвол хэн байх вэ. Яагаад?

-Michael Jackson. Би багаасаа хайртай байсан юм. Ээжээсээ хүртэл би Мichael jacksonтой гэрлэж болох уу гэж асууж байсан гэсэн. Хайр ч яахав уран бүтээлүүдийг нь ажиглахаар үнэхээр л гоц хүн шүү дээ. Potential-аа бүрэн дүүрэн ашиглаж чадсан хүн шиг санагддаг.

-Анх “The Voice of Mongolia” шоунд орох нь хэний санаа байсан бэ?

-Аавыгаа бүртгүүлэх гэж очоод өөрөө бүртгүүлсэн.

-Шоунд огт ороогүй Энгүүн энэ өвөл юу хийж байх байсан бол?

-Солонгост байх байсан байх аа. The Voice of Mongolia”-д ордог жил арваннэгдүгээр анги байсан. Хэрвээ тэнцэхгүй бол арванхоёрдугаар ангидаа хийлээрээ улсын шалгалттай, шалгалтын бичлэгээ Korean art руу явуулаад очиж сурангаа дуугаараа trainer болно гэж бодож байсан. Бас л хийлээ давтаад дуулж бүжиглээд явж байх байсан байх.

-Ука дасгалжуулагчтай байх ямар байсан бэ. Мэдрэмж, уур амьсгалын хувьд?

-Би тэр үед Ука эгчийгээ сонгосондоо үнэхээр баярладаг.Тухайн үед нүүрээ ч буддаггүй хүүхэд байсан. Уулзах бүрд л гоо зүйн мастеркласс авж байгаа юм шиг санагддаг байсан. Одоо Ука эгч бид хоёр сайн найз, эгч дүүс болцгоосон. “The Voice of Mongolia- 3” дээр хамтдаа ажиллаад жил гаруй өдөр шөнөгүй хамт байсан. Voice дуусаад Dance with me тоглолт дээр гээд л… Ука эгч байж болох хамгийн эерэг зөөлөн таатай уур амьсгалыг алхам тутамдаа бүрдүүлчихээд байдаг хүн шиг санагддаг байсан, одоо ч хэвээрээ.

Н.Нарванчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *