Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах өндөр дээд хэмжээний хэлэлцүүлэгт илтгэл тавив

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын ээлжит чуулганаас манай сурвалжлагч Э.Энэрэл мэдээлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Салбар хуралдаан, өндөр дээд хэмжээний хэлэлцүүлгээр эхэлж, улмаар төрийн тэргүүнүүд ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын индэр дээрээс үгээ хэлж, байр сууриа илэрхийлж байна. Энэ удаагийн чуулганы хэлэлцэх гол асуудал Сирийн химийн зэвсэг хэрэглэсэн тухай, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Украины асуудал, Ойрхи Дорнодын хэрэг явдал, эбола вирусийн улмаас үүссэн нөлөөллүүд, Мянганы хөгжлийн зорилгоо дүгнэх зэрэг юм. Түүнчлэн цаашдын зорилгоо тодорхойлох тухай мөн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх явдал байв.

Уур амьсгалын өөрчлөл­тийн асуудлаар дээд хэмжээний уулзалтад зөвхөн өндөр дээд албан тушаалтнууд үгээ хэлээгүй юм. Энгийн иргэдийн төлөөлөл болгож 544 нэр дэвшигчээс дөрвөн хүнийг сонгож санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ. Маршаллын арлуудын залуу найрагч бүсгүй Кэти Жетнил Кижинер нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлтийг “хүн төрөлхтнийг аврах тэмцэл” гэж онцолсон. Түүний хэлсэн үг тэнд цугларсан хүмүүсийн анхаарлыг татаж, дэлхийн хэвлэлүүдээр улс гүрнүүдийн лидерүүдийг ичээсэн залуу бүсгүй гээд бичээд эхэлсэн. Дэлхийн хэвлэлүүдээр гэж бидэнтэй нэг танхимд сууж байгаа, цаг наргүй гүйцгээж, дээшээ доошоо тонголзсон нөхөд бичсэн хэрэг. Жигтэйхэн уран цэцэн ярьдаг 26 настай энэ бүсгүй арлын орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эхний золиос болж байгааг хэлсэн юм. “Далайн салхи шуурга бидний гэр орныг сүйтгэсээр ирлээ. Бас биднээс бидний арлаас өдөр бүр алга болж байгаа өв уламжлалгүй үр хүүхэд минь цаашид яаж өсч том болно гэж аргаа барж сууна” хэмээн НҮБ-ын хуралд мэдэгдэв. Тэрбээр Хавай, Калифорнид сургууль төгсөөд уугуул аралдаа очсон бөгөөд цаг уурын өөрчлөлтийн талаар хүмүүс тэр дундаа хүүхдүүдэд ойлгуулж мэдлэг өгөхөөр төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа ажээ. Тэр бас өөрийн уран бүтээл шүлгээрээ далайн түвшин нэмэгдэж байгаа тухай, цөмийн хог хаягдлын хөнөөлийн тухай гээд олон сэдэв хөнддөг гэнэ. Энэ мэт сонирхолтой хүмүүс маш олон харагдаж байна. Монгол Улс бол уламжлал түүхээрээ цаг уурын өөрчлөлтөд сөргөөр хувь нэмрээ оруулж ирсэн орны тоонд багтдаггүй. Тэгсэн атлаа цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй бүс нутагт тооцогдож байгаа. Энд яригдаж байгаа дулаарал нь цельсийн хоёр С-аас дээш нэмэгдсэн бол ноцтойд тооцогдож байна. Тэгвэл Монгол Улсад 1940 оноос хойш гэхэд 2.1 градусаар нэмэгдээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд хэмжээний уулзалтад үгээ хэлж мөн энэ уулзалтын хүрээнд “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргалсан.

Мөн тэрбээр НҮБ-ын ерөнхий санал шүүмжлэлд өөрийн орны байр сууриа илэрхийлэхдээ “Хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явуулга, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг олон төрлийн хямрал хүн төрөлхтөнд тулгараад байна. Энэхүү ороо бусгаа цаг үед олон улсын хамтын нийгэмлэг олон талт хамтын ажиллагааны цөм – Нэгдсэн Үндэстний Байгууллагыг дэмжин хүрээлж, түүний Дүрэм, олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг дээдлэх шаардлагатай байна. Бид бүхэнд амар амгалан, хөгжил дэвшил юунаас ч илүү эрхэм байна. Монгол Улсын санаачилгаар 30 жилийн тэртээд баталсан Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд хүч чармайлтаа дайчлах цаг ирлээ” гэж яриагаа эхлүүлсэн. Бас Украины тухайд “Украин дахь нөхцөл байдлыг хүчирхийллийн аргаар бус гагцхүү улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх учиртай”-г тодотгож байв.

Түүний дараагийн өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазаар авах ялыг хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ хуралдаанд гурван улсын Ерөнхийлөгч үндсэн илтгэл тавьсны нэг нь Монголын Ерөнхийлөгч байв. Бусад улсын төрийн удирдлага түшээд ч хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцаж байсан бөгөөд цаазаар авах ялыг халахын тулд улс төрийн эр зориг гаргаж, манлайлал гаргах ёстойн дээр тэд санал нэгдэж байв. НҮБ-ын албаны хүмүүсийн зүгээс цаазаар авах ялыг XXI зуунд байж боломгүй хоцрогдсон ял шийтгэл гээд үүнийг зогсоохын тулд нэгдэж ажиллах, бусдадаа шахалт үзүүлж ажиллахыг уриаллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд Гадаад хэргийн сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын хүмүүс оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *