Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн билээ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн шагнал Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулагдаж явж байсан. Монголын түүхэнд Төрийн шагналтай холбоотой асуудлыг цогцоор нь хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа анхны санаачлага гэж хэлж болно. Гол зорилго нь Үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой. Одоо олгогдож байгаа төрийн шагналууд дээр хуучин төрийн сүлд байгаа. Үүнийг өөрчилж Үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Төрийн шагналын эрэмбэ шалгуурыг дээшлүүлж, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажилласан” гэсэн юм.
Одон, медалиудын төрөл болоод олгох хүмүүсийн тоог багасгасан байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэлх хүнд олгохоор төлөвлөжээ. Эрдэнийн очир одонг жилд 100 хүртэл хүнд олгохоор тусгасан бол “Алтан гадас” одонг жилд 1000 хүртэл хүнд олгох аж. Харин цэргийн гавьяа одонг жилд 500 албан хаагчид олгох юм байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаас товчлон хүргэе.
–Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулахдаа зарим одон медалийг хассан гэсэн?
-Бид хуулийн төслийг боловсруулахдаа уламжлал, залгамж чанараа хадгалахыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медаль байна.
Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа. Нэгдүгээрт, амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт, ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт, эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт, хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Манай алдар цуутай хүмүүс олон. Бүгдийг нь одон болгож хувиргаад байж болохгүй юм билээ. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэж очиж магадгүй гэж харж байгаа. Эрдэнийн очир одонг гаргаж ирсэн. Эрдэнийн очир одонгийн хувьд олон одонг төлөөлөх боломжтой. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон гэж байдаг. Онцгой тохиолдолд энэ одонгуудыг төлөөлж Эрдэнийн очир одонг олгох нь зөв юм гэж үзэж байгаа.
-“Шагналд тодорхойлуулсан боловч олон жил боллоо. Мөнгө өгвөл авч болдог юм байна” гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг?
-Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Хууль байхгүй, маш ойлгомжтой шалгуур байхгүй учраас тодорхойлж байгаа улсуудыг буруутгах аргагүй. Одоогоор гавьяат цол хүссэн, тодорхойлогдсон цолоо аваагүй хүмүүсийн тоо 8000 гаруй байгаа шүү дээ. Миний Ерөнхийлөгч болоод баримталсан зарчим бол төрийн одон медалийг шалгуурт нь нийцүүлж өгөх ёстой. Худалддаг, зардаг, зуучилдаг баримттай асуудал байгаа бол шууд Тамгын газарт авчирч өг гэдгийг байнга хэлж байгаа. Шууд хуулийн байгууллагаар шалгуулах болно. Гараагүй зарлигийг гаргасан болгоод, зарлигийн дугаарыг өөрчлөөд, одон медалиа хаясан барьсан нэрийн дор завших гэж оролдсон, журмын бус хандлага ганц нэг тохиолдол гарч байсан. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад хариуцлагаа үүрсэн. Одоо энд нээлттэй хэлчихье. Одон медалийг дамладаг, зуучилдаг, үнэлдэг юм байх юм бол ёстой “толгойг чинь авна” шүү, энд шагналын тасгийнхан сууж байна. Хуульд ямар хариуцлага заасан байна, тэрний дагуу явна. Энд ямар ч өмгөөлөл байхгүй.
–Хамгийн ихдээ ямар одон, медаль олгодог вэ. Ер нь жилд хичнээн хүнд одон медаль өгдөг юм бол?
-Нийт насанд хүрсэн хүмүүсийн нэр усыг оруулаад цахим бүртгэлтэй болсон. Амжилт бүтээл, хугацаа, ажилласан жил байна гээд шалгуур тавих гээд явж байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон их олгогддог. Тоо тавихдаа ч энэ бүхнийг баримталсан. Тоо хэмжээний хувьд 3-5 дахин буурч байгаа.
–Улс төрийн намуудын тухай хуулийг сонгуулиас өмнө батлуулах боломжтой юу?
-Улс төрийн намын хуулийг би батлагдаасай гэж бодож байгаа. Намын удирдлага намын улсуудтай ярьсан. Мэдээж дургүй, эрс эсэргүүцдэг ганц нэг зүйл бий. Энэ бүхнийг ярилцаад УИХ дээр шийдэх бүрэн боломжтой. Энэ хуульд оруулах ёстой харилцаанууд, хүн бүхний яриад байдаг зүйлүүдийг оруулсан. “Нам муу байна. Болохгүй байна, энэ буруу байна” гээд шүүмжлээд байдаг. Яг үүнийг засъя гээд хуулийн төсөл болгоод оруулна гэдэг амаргүй ажил шүү. Энэ бол үнэхээр хэрийн албан тушаалтнаас гардаг алхам биш. Гарч ч байгаагүй. Тийм учраас үүнийг зөв болгоё. Цаашаагаа сайжруулаад, бүх орох ёстой харилцааг нь оруулаад явъя гэсэн. Үнэхээр нам нь муу болохоор ажил явахгүй байна. Нам дотор янз бүрийн муу юм байгаа учраас түүгээр дамжаад төр рүү тэр муу бүхэн орж ирээд байгаа. Үүнийг та бүхэн мэдэж байгаа учраас тайлбарлаад яахав. Батлагдана, батлагдаад Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гээд хажууд нь оруулаад явж байгаа. Ямар харилцаа нь батлагдангуут шууд хэрэгжээд, ямар нь тодорхой хугацаанд хэрэгжээд явах вэ гэдгийг тэр журмын тухай хуульд заагаад өгчихсөн. Улс төрийн намын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулиуд president.mn дээр бий. Түүнийг татаж аваад, уншаад, тэр бүү хэл саналаа явуулах бүрэн боломжтой шүү.
–Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөхөд мөнгөний эх үүсвэр хаанаас гарах юм бэ?
-Маш товчхон хариулъя гэж бодож байна. Олон хүн надад хандсан. Хүмүүс янз бүрээр л харж байгаа байх. Айл өрхүүдэд 1-20 хүртэлх гээд шатлал тавиад явсан. Энэ шалгуур хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ үүн дээр гурван зүйл гарч ирээд байгаа. Тэртэй тэргүй хүүхдийн мөнгөө авдаггүй. Өөрөө очиж хүүхдийн мөнгөө бүртгүүлээгүй хүнд тэр хүүхдийн мөнгийг өгдөггүй журам одоо ч хэвээрээ байгаа. Бүх хүүхдэд мөнгө гаргаж байгаа. Харин аваагүй үлдсэн мөнгө нь төсөвт үлдээд бусад зүйлд зарцуулагддаг. Одоогийн судалгаагаар 18 хүртэлх насны хүүхдийн 86 хувь нь мөнгөө авч байгаа. 14 хувь нь авдаггүй гэсэн судалгаа бий. Би жишээлбэл өөрийнхөө насанд хүрээгүй хоёр хүүхдийнхээ мөнгийг авдаггүй. Асарч явдаг хүүхдүүдийнхээ мөнгийг аваад хадгалаад явдаг. Хуримтлал хүүхдэдээ үүсгээд явах ёстой гэж боддог. Ийм харилцаанууд байгаа. Өөрөө очоод хүүхдэдээ авна гээд авч байгаа бол авах боломжтой. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн шалгуур тавих нь илүү. Бүртгэлийн тал дээр сайн ажил болсон байж магадгүй. Гэхдээ миний сонссоноор гэрт нь очоод “Танайх хөргөгчтэй юм уу, зурагттай юм уу. Машин чинь зээлийн юм уу” гэдэг. Ямар ч хүнд амьдралтай айл бай тэр зурагт орчин үеийн техник технологийн зүйлүүд байгаа шүү дээ. Мэдээж би нийгмийн даатгалын хүмүүс бүгд шударга хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ дээр нь би шийдэж байгаа. Би мэднэ, би танай хүүхдийг оруулж чадна, хасаж ч чадна гээд тодорхой албан тушаалтан дээр ийм асуудал үүсээд байгаа байхгүй юу. Миний эхнээс нь хүүхдийн мөнгөн дээр барьсан зарчим бол ийм юм хэрэггүй юм даа. Яг иргэнд нь л эрхийг нь өгчихье. Авна гээд бүртгүүлээд авч байгаа бол боломжийг нь олгоё гэдэг байр суурьтай байсан. Улсуудын яриад байгаа нь эргээд өгөх байсан бол яах гэж судалгаа хийсэн юм гэдэг. Яахав төсөв хүрэхгүй байна гээд УИХ ярьж байгаад тогтоолоо гаргаад явсан. Тогтоолд нь өөрчлөлт оруулах л асуудал байгаа юм билээ. Засгийн газар ч энэ асуудлыг дотроо яриад ер нь энэ өөрчлөлтийн асуудлыг тавиад шийдүүлье гэж байгаа юм билээ. Нөгөө үндэслэл бол нийгмийн халамжийн мөнгө гэхээсээ илүүтэй ер нь Монголын хойч үе эрүүл өсч торних бодлогын асуудал юм гэдэг байр суурийг би барьж байгаа. Энэ ялгавартай олгох хүрээнд үнэхээр хүүхдийн мөнгө шаардлагатай байгаа хүмүүс хасагдчих нөхцөл харагдаад байгаа юм. Тийм учраас үүн дээр санаачилга гаргаж байгаа.
–Сонгуулийн тухай хуулийн талаар таны байр суурь ямар байгаа бол?
-Сонгуулийн хуулийн хувьд эцсийн редактороо УИХ сонсоогүй байгаа юм билээ. Ингээд хэлчихээр “Ерөнхийлөгч эцсийн редакторын дараа хориг тавих гэж байгаа юм шиг байна. Тавих гэж байгаа юм байна, харна барина гэсэн” гэсэн ийм яриа битгий гаргаарай. Сонгуулийн хуулийн талаар миний баримталж ирсэн байр суурь, намуудтай, УИХ-тай ярьдаг юм бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрвээ шаардлагатай бол сонгуулийн дараа жилийн дотор л оруулчихмаар байгаа юм. Одоо явсаар байгаад сонгууль, шинэ он дөхүүлээд гурав дөрөв хоногт баталж байгаа нь янз бүрийн хардлага, шүүмжлэлд ордог. Сонгуулиа хийлээ ямар сургамж байна жилийн дотор хуулиа өөрчлөөд зарлачих юм бол дахиад гурван жил тэр нам, бүх хүн мэдээлэлтэй болно. Энэ улс төрд олон жил явсан хүний хувьд ийм байх ёстой гэж боддог. Үүн дээр олон хүн санал нийлдэг боловч хэрэгжүүлж чадахгүй явж байгаа. Олон удаа, олон жил яриад баталж байгаа хууль дээр онцгой нөхцөл байдал байхгүй бол хориг тавих тухай асуудал байхгүй. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавихгүй юм байна гээд зарлачихаж болохгүй. Энэ шийдвэрийг би л өөрөө гаргадаг. Ингээд хэлэхээр тавих гэж байгаа юм байна гээд байж болохгүй. Элдэв сул яриа бол хэрэггүй шүү.
–Төвийг сахих бодлогын талаар?
-Хүмүүс их тойруулаад шуугиан болгоод байгаа. Энэ хуульд маш тодорхой бий. Монгол Улс энхийн цагт ямар нэгэн цэрэг дайны эвсэлд оролцохгүй. Одоо энэ хөрш орнууддаа ямар нэгэн аюул учруулахгүй гэсэн байр суурь шүү дээ. Дайны үед өөр лүү нь довтлоогүй бол ямар нэгэн аюул бусдад учруулахгүй гэсэн л үг. Ганцхан юм л хэлье. Ярилцлагууд, хэлэлцүүлгүүд яваад л байгаа. Энэ бол маш том зүйлийг асар шахаж багтаасан, хэдхэн заалттай маш ойлгомжтой хууль. Монгол Улсын бие даасан, тусгаар тогтносон байдал үеийн үед тасралтгүй үргэлжлээсэй гэж хүн бүхэн боддог. Яг энэ уяа бол явж явж энэ бодлого юм. Энэ тухай 100 жилийн өмнө ч ярьж байсан. Одоо нөхцөл бүрэн бүрэлдэж байна гэж үзэж байгаа. Энэ бол бүс нутаг, хөрш орнуудын хувьд зөв бодлого. Монгол Улс өөрөө тууштай, тогтвортой нэг бодлоготой байна гэдэг бол бидэнтэй харилцаж байгаа бүх улс орнуудад сайн зүйл юм.
Ж.БАЯРСАЙХАН
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН