“Монголын медиа корпороци”-ас зохион байгуулж буй АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд дүн тавих аян яг одоо МҮЭСТО-нд болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн ирлээ.
Тэрээр “Шүүхийн шинэчлэлийг хүн ардын, нийгмийн төлөө хийсэн ажил. Сайхан амьдарна гэдэг хуулийн дагуу амьдрахыг хэлж байгаа юм. Хуулийн дагуу амьдрах, хүн болж төрсөндөө заяандаа эзэн болох, бие дааж амьдрах ёстой. Монголчууд хуулиар төрийг засдаг юм байна гэдгийг дэлхийд таниулж явсан орон. Бидний өнөөгийн зорьж байгаа байгуулах гэж явж буй нийгэмд янз бүрийн нэр өгөөд хэрэггүй. Би ажлаа авсныхаа дараа гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай байсан. Шүүхээр явж танилцаж байхад бүх зүйл хаалттай байсан. Жилийн өмнө Германы судалгааны байгууллага “Монголын шүүх 64 хувиар шинэчлэгдсэн байна. Өмнөхөөсөө илүү нээлттэй болсон” гэх дүгнэлтийг хийсэн. Шүүгчид шийдвэр гаргасан бол яллах дүгнэлтээ нээлттэй болго гэдгээс ажлыг нь эхлүүлсэн. 2010 оноос энэ шаардлагыг тавьж, 2012 оноос шүүх.мн сайтад байршуулдаг болсон. Жилд энэ сайтад гурван сая хүн ханддаг болсон байна. Асар өндөр тоо шүү. Өдөрт 15 мянган хүн тогтмол орж, 150 мянган шийдвэрийг иргэд татаж авсан байна. Энэ бол шүүх нээлттэй болсны илрэл. Аливаа нийгэм, хүн аз жаргалтай явъя гэвэл харьцаа сайтай байх хэрэгтэй. Өмнө нь шүүхээр орж шийдэгддэг байсан хэргүүдийн 20 хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна. Энэ бол гайхалтай шинэчлэл. Иргэдийнхээ төлөө хийсэн шинэчлэл юм. Амжилттай эвлэрүүлэн зуучлуулсан тохиолдолд маш олон бий. Ингэж явах нь ололт учраас харьцааг чухалчлаад байгаа юм. Хэн бүхэнд нээлттэй, шударга хандах ёстой. Үүнийг шударга ёс гээд байгаа хэрэг. Төр гэдэг бол шүүх. УИХ хууль тогтоодог байгууллага. Тэнд байгаа хүмүүс асуудал гаргасан бол шүүхээр шийдүүлдэг. Шүүхэд хүн ажиллаж байгаа учир алдаа дутагдал бий. Гэхдээ шинэчлэлийг маш богино хугацаанд хийж чадлаа” гэсэн юм.
Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо илэрхийлж байна.
Г.Баасан: Хүн өвдөхөөрөө хамгийн түрүүнд эмнэлэгт очдог шиг ямар нэг асуудал болохоор шүүхэд ханддаг. Шүүх засаглал үнэхээр шинэчлэгдсэн. Ямар шүүх хурал болж байгаа нь самбар дээр урсдаг болсон. Энэ бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж ажлаа тайлагнаж байгаагүй. Энэ бол маш сайн жишиг боллоо. Цаашид төрийн өндөр дээд албан тушаалтнууд ийм жишигт суралцмаар юм байна. Шүүхийн шинэчлэл бүх шатанд эхлүүлэхийг хүсч байна.
Бат: Би 2011 оноос хойш иргэний хэргээр маргаантай явдаг байгууллагын захирал юм. Энэ хугацаанд сайн, муу олон зүйл болсон. Анхан шат болон нийслэлийн шүүх харилцан адилгүй шийдвэр гаргадаг нь иргэдэд эргэлзээ төрүүлж байна. Таван шүүгч шийдлээ гэхэд буруу зөв шийдсэнийг нь шалгуулах боломж байдаггүй. Хүн алдаа гаргаж болно. Ерөнхий шүүгч иргэдийн үгийг сонсоход хойрго байна.
Ц.Элбэгдорж: Аль ч оронд нийгмийн байгуулалт нь төгс төгөлдөр болоогүй байна. Манайд сонгуулийн үеэр гардаг маргаан, шүүмжлэл аль ч оронд бий. Хүний нийгэм асуудлаа төгс төгөлдөр шийдэж чаддаггүй юм байна. Шүүх байгууллагын хувьд өөрийнхөө уламжлалыг бодох ёстой. Өмнө нь Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын алба давхар хашдаг байсан. Үүнийг салгах ёстой гэж олон хүн хэлдэг байсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл хараат байгууллага байх ёстой гэж үзэн тусад нь байгуулсан. Өнөөдөр Монголд 470 орчим шүүгч ажиллаж байгаагийн 145 нь шинээр ажилд орсон. Маш их нээлттэй, асар их өрсөлдөөнтэй. Шүүхүүдэд ёсзүйн хороо гэж бий. Энэ хороонд гомдол гаргаж болно. Мэргэжлийн хороо гэж бас бий. Шүүгч байх эрхийг нь хасах эрхтэй хороо юм. Дээд шүүхийн шүүгчид алдаа гаргах эрхгүй. Шүүхийн зохион байгуулалт бол хүн төрөлхтний үнэт зүйл. Шүүгч хараат бусаар ажиллах нөхцөлийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллана гэж заасан байдаг. Аливаа хэрэгт Ерөнхй шүүгч, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. 100 хувь бидний зөв байхаар шийдсэнгүй гэх ямар ч боломжгүй. Өмнө нь шүүх дээр хэрэг очихоор буцаадаг байсныг болиулсан. Нэг шүүгчийн шийдэж байгаа хэрэг хэр олон удаа давж заалдах руу явж байгаа вэ гэдгийг хараад тухайн шүүгчийн ажлыг үнэлдэг.
Баянгол дүүргийн иргэн С.Баатар: Та өнгөрсөн найман жилийн хугацаанд маш их ажил хийсэн байна. Таньд амжилт хүсье.
Ховд аймгийн иргэн Нарантуяа: Юуны өмнө баярласнаа илэрхийлэх гэсэн юм. Шүүхийн байгууллагын шинэчлэл надад маш их мэдрэгдэж байгаа. Одоо энэ шинэчлэлийн хүрээнд прокурор, өмгөөлөллийн байгууллагад шинэчлэл хийж өгөөч гэх хүсэлт тавьмаар байна.