Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өнөөдөр уулзах нь. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш уулзана.
АХАИББХ хуралдуулах санаачилгыг Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр анх дэвшүүлж байсан юм. Азийн 24 улс гишүүнээр нь ажиллаж байна. АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Казахстаны Алматы хотод байрладаг аж. Манай улс уг бага хурлын анхны уулзалтаас эхлэн оролцож байна. 2001 оны зургадугаар сард гишүүнээр нэгдэн орж байжээ.