Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: ХБНГУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг хүсч байна

ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Богино хугацаанд шахуу хөтөлбөртэй уг айлчлалаар Ерөнхийлөгч өчигдөр ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел, Ерөнхийлөгч Иохим Гаук нартай уулзсан юм. Төрийн тэргүүн эхлээд Канцлер Ангела Меркелтай уулзаж үдийн зоог барив. Дараагаар н тэд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Берлин хотноо зохион байгуулагдаж буй “ITB-2015″ олон улсын үзэсгэлэн яармагт түнш орноор оролцож буй Монгол Улсын Төрийн тэргүүн манай оронд айлчилж байгааг онцлоход таатай байна. Манай хоёр улс түүхэн харилцаатай. Монгол Улсын иргэдийн нэг хувь нь Герман хэл мэддэг явдал бол хоёр улсын харилцааны бас нэг гол гүүр болох юм.

Монгол Герман улсын хооронд Ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээг 2011 онд байгуулсан. Уг гэрээний хүрээнд тухайн чиглэлийн дээд сургуулийг Монголд байгуулсан. Гэхдээ энэ гэрээнд тусгагдсан эдийн засгийн, ашигт малтмалын харилцаа дорвитой явагдахгүй байна. Иймд гэрээнд тусгагдсан бусад зорилтуудыг ажил хэрэг болгох тал дээр аль аль талаасаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Герман Монголын харилцаа тун онцлогтой. Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй байгаа ч эдийн засгийн харилцаа удаашралтай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс эдийн засгийн хамтарсан төслийг хүссэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монгол Улсын хувьд Германыг Европ тивд байгаа хамгийн гол түнш улсаа гэж үздэг. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэнд түнш орноор оролцож миний бие энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх гэж буйдаа туйлын баяртай байна. Энэ үеэр эрхэм хатагтай Канцлер Ангела Меркел биднийг хүлээж авч уулзаж, хоёр орны харилцааны талаар, мөн бүс нутгийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцах зав гарсанд туйлын таатай байна. 2011 онд Канцлер манай улсад айлчилж байсан. 2012 онд бид мөн ХБНГУ-д айлчлан ирж байсан.Монгол Улсын хувьд Герман улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг. Мөн хамтарч зурсан хоёр талын баримт бичгүүдийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд маш идэвхтэй хамтарч ажиллах болно гэдгээ хэлье. Ингээд та бүхэнтэй уулзах сайхан боломж гарсанд баярлалаа.

Ийнхүү хоёр талаас мэдэгдэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та сая хийсэн мэдэгдэлдээ хоёр улсын хоорондох эдийн засгийн салбар, ялангуяа ашигт малтмалын салбар дахь түншлэлийн салбар хангалтгүй байна гэдгийг дурдлаа. Манай улс байгалийн асар их нөөцтэй. Бид яг энэ давуу боломжоо ашиглаад Герман болон Европын зах зээлд газрын ховор элемент болон бусад танайд шаардлагатай байгаа ховор элементийг бид экспортод гаргахыг хүсч байна. Тиймээс газар зүйн хол байршлыг илүү ойртуулах бодлогын талаар нэн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Үүнийг гатлах гурван зам байна. Нэгдүгээрт, дэд бүтцийн төсөл байвал нэн түрүүнд анхны хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэрэгтэй. Тогтоосон тэр төслүүдийг санхүүжүүлэхэд төвөг тулгараад байна. Хоёрдугаарт, энэ ашигт малмалыг олборлохын тулд дэд бүтцүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь тэр ордууд захын аймгуудад, хотоос зайдуу байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын хоёр том хөрш өөрийн гэсэн санаа бодолтой.Энэ асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрийн байр суурьтай. Мөн зам тээвэр харилцааны тал дээр ч өөрийн гэсэн санал бодолтой.Хэрвээ Монгол Улстай харилцъя гэвэл тэдэнтэй харилцах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Бид ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээгээ цаашид нэг бүрчлэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Цаашлаад эдийн засгийн иж бүрэн харилцаатай улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг Монгол Германы хооронд байгуулж болох уу гэдгийг манай талаас дэвшүүлж байгаа. Энэ гэрээг байгуулж, парламентаар батлуулж чадах юм бол хоёр талынхаа харилцааг цаашид аваад явах сайхан боломж байна. Энэ тал дээр цаашид хамтарч ажиллах боломж гарч ирнэ гэдэгт найдаж байгаа.Мөн манай улсын дэд бүтцийн гол салбар болох төмөр зам бол ОХУ-тай тавь тавин хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай салбар. Үүнээс гадна шинэ төмөр зам байгуулах бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. Хятадын дарга өнгөрсөн жил манай улсад ирэхэд Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх транзит тээврийн асуудалд хоёр улсын Засгийн газар маш сайн гэрээ байгуулж чадсан. Хятадын талаас тодорхой хэмжээний хөнгөлөлт, ямар чиглэлээр, ямар боомтоор Монголын талаас гаргах ёстой вэ зэргийг тэр гэрээнд тодорхой тусгасан. Хятад улстай хийсэн ийм гэрээг ОХУ-тай хийх боломжтой.

-Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэгдэж байгаагаас өөрөөр дэд бүтцийн салбарт шууд оролцоо хангалттай биш байна. Дэд бүтцийн харилцааг сайжруулснаар бусад хамтын ажиллагааг хөгжүүлэх хөрс бүрдэнэ. Тиймээс Германы талаас дэд бүтцийн салбарт шууд оролцоог нэмэгдүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Агаарын орон зайн харилцааны хувьд хоёр улсын агаарын тээврийн компани хоорондын харилцаа байгаа. Тэдний харилцааг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монгол Улсын хувьд далайд гарцгүй учраас агаарын харилцаанд ач холбогдол өгдөг. Ялангуяа Европ руу гарч байгаа агаарын харилцаанд түлхүү ач холбогдол өгдөг. Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-ын хооронд хуурай газрын болон агаарын хааб байх боломжтой. Тийм ч учраас бид шинээр нисэх онгоцны буудал барьж байгаа. Энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд, Германы талтай хамтарч ажиллахад маш их таатай байх болно.Энэ дашрамд хэлэхэд Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийг 1990 оны долдугаар сард зохион байгуулсан.Ардчилсан төрт засаг үүссэний 25 жилийн ой тохиож байгаа. Монгол Улс хүний эрх, хуулийн засаглал, нээлттэй байдлаараа бүс нутагтаа үлгэр жишээ орон байхын төлөө ажилладаг. Монголчуудын сонгож авсан замыг хоёр хөрш маань хүндэтгэж үздэгээ үргэлж илэрхийлдэг.Монголчуудын хувьд 25 жилийн өмнө шинээр сонгосон сонголтдоо эргэлздэггүй.Энэ сонголтоо цаашид улам бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллана. Энэ тал дээр Германы талаас дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтарч ажилласаар ирсэнийг онцолж байна гэв.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иохим Гаук манай улсад айлчлах урилгыг таатай хүлээж авлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелтай албан ёсны уулзалт хийснийхээ дараа Бэлльвю ордныг зорилоо. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иохим Гаук манай улсын Төрийн тэргүүнийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын туулж ирсэн ардчиллын замыг хүндэтгэн сайшааж байдаг. Манай хоёр орны харилцаа дээр үеэс эхтэй, энэ сайхан харилцаагаа улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Улс төрийн түвшинд идэвхтэй хөгжиж буй харилцааг эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгаар баяжуулан хөгжүүлэх бүрэн боломжтойг ч дурдлаа. Монголд байгуулагдсан Герман Монголын хамтарсан Технологийн дээд сургууль нь боловсролын салбарт хийгдсэн үр дүнтэй ажил гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр И.Гаук Герман Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараахан анхны төрийн зочноороо өөрийг нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсныг дурсахад таатай байна гээд Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү арга хэмжээнд Европын орнуудаас ирэх гол зочин нь Ерөнхийлөгч Гаук байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ нь Монгол, Германы харилцааны ач холбогдлыг тодотгох төдийгүй манай бүс нутагт ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, түгээхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Герман Улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйг тэмдэглэв.Монгол Улс, ХБНГУ нь олон улсын харилцааны асуудлаар ижил төстэй байр суурь баримталж, бие биенээ харилцан дэмжин, хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултандаа хариулт авч, Монгол Улсад урьсан урилгыг нь баяртайгаар хүлээн авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *