УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Та МАН-д орох гэж байгаа юм уу. Гадуур ийм яриа тарсан байна…
-Одоогоор аль нэг намд орох тухай бодсон зүйл алга. Энэ бүрэн эрхийн хугацаанд ямар ч гэсэн бие даагчийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэнэ. УИХ-д бие даан нэр дэвших нь хувь иргэн хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдлэх боломжийг олгодог. Тиймээс цаашид энэхүү боломжийг нь баталгаажуулж үлдээх нь бид гуравт ноогдож буй үүрэг, хариуцлага гэж ойлгож болно. Харин чиний асуугаад байгаа яриа чинь миний нэг удаа хэвлэлд өгсөн хариулттай холбоотой юм болов уу. Сэтгүүлч энэ талаар надаас асуухад нь “МАН-ын тухайд бол би жирийн гишүүд, дэмжигчдэд нь хүндэтгэлтэй ханддаг. Анх удаа УИХ-д сонгогдоход нэг баг болж, дэмжиж байсан хүмүүс. Харин намыг өөрсдийн улс төрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх бүтэц болгон ашиглаж, намаа сонгуульд ялагдуулчихаад хариуцлага хүлээдэггүй зарим удирдлагад нь бол шүүмжлэлтэй ханддаг. Ялагдвал толгойгоороо хариуцна гэж байсан, намаа сонгуульд авч орох үүрэг хүлээж байсан хүмүүс хариуцлага хүлээхгүй, том том юм яриад сууж байна. Намаа шинэчлэхэд оролцох нэг хувилбар байж болно. Энэ үнэхээр боломжгүй зүйл бол хүсэл эрмэлзлэл нэг байгаа нөхөдтэйгээ нийлээд шинэ нам байгуулна. Харин өөр намд орох бодол алга гэсэн юм. Үүнээс л гаралтай яриа байх. Ер нь энэ хоёр намд олон түмний итгэл алдраад та бүхэн гурав дахь сонголтыг бий болго гэвэл нэн тэргүүнд энэ тал дээр нь зогсох ёстой гэж бие даагчид ярьж байгаа.
-МАН таныг хөөж байсан. Харин одоо буцаж ирэхийг гуйгаад байгаа ч юм бил үү. Эсвэл та орохыг хүсээд байгаа ч байж болох юм..
-Намд орох бус гишүүнчлэлээ сэргээх асуудал юм уу. Яагаад гэвэл би гарах өргөдөл өгөөд хаяад яваагүй, харин нэг хэсэг нөхдүүд тухайн үед УИХ-ын гурван гишүүн МАН-аас гарч МАХН-д элсэхэд намайгаа гүтгэж, хоморголоод хөөчихсөн. Намаа сэргээх асуудлыг намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс нэлээд тавьдаг юм. Энэ асуудал дээр хүндэтгэлтэй ханддаг талаар дээр хэлсэн. Харин миний зүгээс намаа сэргээх гэж хүссэн, гуйсан зүйл байхгүй. Би нам шүтэж амьдардаггүй. Улс орноо, олон түмнээ гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй, зарчимтай, хариуцлагатай улс төрийн нам байхыг үгүйсгэдэггүй. Тодруулбал, 1990 оноос өмнөх МАХН шиг улс орноо авч явах юм бол болно. Ер нь нэг нам нь дан сайн хүмүүстэй, нөгөөдөх нь дан муу хүмүүсээр бүрдэнэ гэж юу байх вэ. Аль алинд л зөв хүмүүс байгаа. Харин аль нам нь зөв хүмүүсээ удирдлагадаа гаргаж байна гэдэг л гол асуудал юм. Тиймээс жирийн иргэд бол манай нам гэж туйлшрахгүй аль нам нь зөв явна гэдэг талаас нь харж саналаа өгдөг болчихвол оновчтой сонголт бий болно.
-Хэрэв намдаа буцаад орлоо гэхэд МАН-аас хассан шийдвэрийг харгалзалгүйгээр гишүүнчлэлийг сэргээж болох уу?
-Хүсвэл намын үүртээ очоод бүртгүүлчихэд л болно. Харин ингэж МАНАН-таж байхад юун нам сэргээх. Энэ хамтрах сонголт бол аль ч намынх нь жирийн гишүүд, дэмжигчдийн хүсэл лав биш.
-Та МАН-д байхдаа шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг байлаа. Өнөөдрийн МАН-ын талаар таны бодол ямар байгаа вэ?
-МАН бол Монголын ард түмний өнгөрсөн зууны бүтээл юм. Харин хөрөнгө, мөнгийг хэт үнэлж, эрхэмлэдэг, албан тушаалгүй амьдарч чадахаа байсан хэсэг хүмүүс 2000 оноос хойш энэ намыг хүсэл зорилгоо биелүүлдэг бүтэц болгож эхэлсэн. Одоо намынх нь нэр хүнд олон түмний дунд унаж, сэргэхгүй байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог.
-Магадгүй одоо таны сонголт МАХН болчихсон чбайж болох юм гэдэг таамаглал явж байна…
-Би хэлсэн, ярьсандаа байхыг эрхэмлэдэг. Намын нэр өөрчлөгдөж хоёр хэсэг хуваагдахад миний зүгээс энэ хагарал дээр тос нэмж, задалж бутлахгүй гэж хэлж байсан. Тэр байр суурь хэвээрээ. МАХН-д орох байсан бол аль эрт л шийдэх байсан болов уу. Харин МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид намаа улс төр, бизнесийн бүлэглэлээс салгаж чадахгүй юм байна гээд МАХН гэсэн нэрээ сэргээж, түүн дороо нэгдэх хөдөлгөөн гарч болохыг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл саяхан нэг судалгаан дээр МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАХН-ыг дэмжих хандлага ажиглагдсан юм билээ. Хүсэл эрмэлзлэл нь цөхрөөд ирэхээр хүн шинэ гарц хайдаг шүү дээ.
-Бие даагч гишүүн байх нь албан тушаалын бялуу хүртэхгүй, ашиггүй, нөлөөлөлгүй юм байна. Том намаа дагасан нь дээр гэдэг бодол танд төрдөг үү?
-Үгүй, тийм бодол огт байхгүй. Олон түмнийг төлөөлөх эрхийг авсан УИХ-ын гишүүн гэдэг асар том эрх мэдэл. Тэр тусмаа гурвын гурвуулаа байна гэдэг бүр ч хүчтэй. Үүнийг бид гурав харуулж чадсан гэж бодож байгаа. Үүнийг олон түмний дунд явуулсан судалгаануудаас харж болно. Анх удаа бие даагчид улс төрийн намуудыг давсан үнэлэмжийг олон түмнээс авлаа. Намуудын рейтинг 20 дотор байгаа бол бид гурвынх хорьдавчихсан яваа.
-Бие даагч гурван гишүүн зөвлөл байгуулсны үр дүн юун дээр илэрч байна вэ. Ер нь хүмүүс та нарыг популизм хийж байна гэдэг өнцгөөс шүүмжлэх нь бий…
-Өнөөдөр улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийн гол буруутан бол улс төрийн зорилгоо биелүүлэх гэж хуурамч амлалт хийж ирсэн популист улстөрчдийн балаг шүү. Жишээлбэл, иргэн бүрт 1.5 сая төгрөг, хүүхэд бүрт мөнгө гээд баялгаас орж ирсэн хэдэн валютаа гадагш цацаж, валютын нөөцөө барж, ханш өсгөж энэ хямралыг чинь бий болгочихлоо. Хамгийн сүүлийн нэг жишээ татъя л даа. Бид хамтрахгүй хариуцлага тооцно, улс орноо зээл тавьж өрөнд оруулахгүй авч явна гээд л хашгираад байсан. Одоо Засгийн газарт орж хүслээ биелүүлсний дараа өр тавиад л гүйж байна. Энэ бол чиний ярьж буй популизм гэдэг байх. Ийм хүмүүс л биднийг ярихаар өөрсөд шигээ төсөөлж, бодсондоо тийм яриа гаргаад байгаа хэрэг. Бид тэднээс огт өөр, цаг хугацаа амьдрал харуулах биз дээ.
-Та Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байнгын хорооны дарга байсан. Тэр үедбие даагчид тодорхой эрх мэдэлтэй байсан байх шүү…
-Бие даагчид ч гэсэн сонгуульд мөрийн хөтөлбөртэй оролцдог. Тиймээс амлалтаа биелүүлэх талаас нь харснаа нуухгүй. Түүний үр дүнд тойрогтоо амласнаа бүрэн хийсэн. Ам, хуруугаа ч хөдөлгөөгүй зарим нэг гишүүн “энэ бол миний хийсэн ажил” гээд шүүрч яриад байхыг нь харвал үр дүн гарсан хэрэг л дээ. Нөгөө талаар төсвийн хяналтыг цөөнх болсон бие даагчид хариуцна гэдэг төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангаж, хяналт тавих талаасаа буруу зүйл биш.
Үүнийг бас бодолцсон. Би нэг жишээ татъя. Намайг байнгын хороог тэргүүлж байх үед манай УИХ дахь бизнесменүүд архи, спирт, тамхи, түлш шатахууны онцгой албан татварыг нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болох хуулийн төсөл оруулж ирэхэд би хоёр удаа буцаасан. Намайг ажлаа өгснөөс долоо хоногийн дараа энэ хууль орж ирээд батлагдсан. Иймэрхүү жишээ олон бий.
Мөн хямралаас гарах гарц бол бизнес эрхлэгчдээ дэмжих явдал гэж үзэж төсвөөс тэдэнд олгох санхүүжилтийг хасаж, танахыг хойш тавьж ажилласан. Төсвөөс тэдэнд олгосон санхүүжилт эргээд татвар болж ордог гэдэг талаас нь бодсон хэрэг. Бодлого хэрэгжүүлэх талаасаа эрх мэдэл байсан. Гэтэл одоогийн Засгийн газар тэдэнд олгох санхүүжилтийн талыг нь өгөхгүй гээд гүрийчихсэн. Одоо хар л даа, татварын орлогогүй, цалингаа ч тавьж чадахгүй дээрээ тулаад байна.
-Н.Алтанхуягийн Засгийн газар үнэхээр огцрох ёстой муу ажиллаж байсан юм уу. Та юу гэж боддог вэ?
-Сонгуулийн амлалт өгсөн намын даргаар нь зүтгүүлэх хэрэгтэй байсан байх. Одоо тэгээд дээрдсэн гэхээсээ улам дордож өр нэмэгдлээ.
-Өнөөдөр парламентад суудалтай бүх нам хамтарч засаг байгуулсны үр дүн гарч байгаа болов уу. Та юу гэж харж байна…
-Иргэд, бизнес эрхлэгчдийн амыг харахад үр дүн гарч байна, хамтарсан нь зөв гэж хэлж байгаа хүн алга. Албан тушаал хүртсэн нэг хэсэг нөхдийг эс тооцвол шүү дээ. “МАНАН-2”-ынсайн зүйл гэвэл энэ намуудын удирдлагууд олон түмэнд бүрэн танигдсан явдал юм.
-Энэ хамтралаас АН хожиж чадах болов уу?
-Ер нь тэгээд өрсөлдөгчдөө тал засч, ажлын байраар хангаж өөрсдийнхөө хүмүүсийг халж, хөөж гомдоосон, хагарсан нам сонгуульд амжилттай оролцдоггүй. Элэг бүтэн оролцбол адаглаад авах саналаа бүрэн бүтэн авч, амьтайгаа үлддэг. МАН яах гэж бусдын хариуцлагыг хамтарч хуваалцах гээд байгаа юм, чөтгөр бүү мэд. Албан тушаалын донтой хэсэг нь чирээд байгаа юм болов уу.
-Эдийн засгийн энэ хямралаас одоо яаж гарах уу. Танд ямар гарц харагдаж байна…
-Маш хүнд болсон. Хямралаас гаргана гэчихээд бүр дордуулчихлаа. Богино хугацаандаа бол татвар төлөгч, баялаг бүтээгч бизнесээ дэмжиж ажилтай, орлоготой байлгахыг зорих хэрэгтэй. Зээлээр ч болов дэмжээд, үр ашигтай зарцуулаад явах хэрэгтэй. Өмнө тэгж хэлэхээр улс орноо өрөнд унагалаа гээд байсан хүмүүс одоо “зээлээс өөр арга зам алга” гэж байгааг харахад инээдтэй, бас харамсалтай санагддаг. Урт хугацаандаа бол уул уурхайгаас орох эх үүсвэрээ био хүнс, мал аж ахуйн гаралтай экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд зарцуулах хэрэгтэй юм. Мах, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг, ноосоо боловсруулах гээд боломж маш их бий. Уругвай гэдэг гурван сая хүнтэй, 40 сая малтай улс мал аж ахуйгаа түшиглээд 55 тэрбум ам.доллар олж байна. Манайх яагаад 25 дахин бага хоёр тэрбум ам.доллар олж болдоггүй юм. Өөр нэг жишээ татъя. Герман улс манайхаас хоёр дахин их ой модтой. Түүнээсээ 281 тэрбум евро олдог. Бид тэгвэл түүнээс 280 дахин бага нэг тэрбум евро яагаад олж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл хувийн сонирхолтой улстөрчид төрөө муу жолоодож буйгаас тэр. Далайд гарцгүй гээд л өөрөө өөрсдөө зовлон бий болгож болохгүй. Бусад орны алс хол далайн чандаас зүтгэдэг хоёр том зах зээл хажууд байна. Гадагш гаргахад учирч буй хүндрэлээ аялал жуулчлалыг хөгжүүлж, харийнхныг эх нутагтаа авчирч байгаад байгалийн гаралтай хүнсээрээ хооллож газар дээрээ экспорт хийж болно. Бид хүсвэл иймэрхүү боломжууд манайд захаас аван бий. Мал аж ахуй бол манай үндэсний бизнес, бидний өрсөлдөж чадах зүйл, валютын дундаршгүй орлого, аюулгүй байдлын баталгаа юм.
-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-Ер нь бол хоёр толгой хөдөлж байгаа гэдгийг хэлье. Өнгөрсөн жил Хятадад гаргасан 14 сая тонн нүүрсний 4.8 сая тонныг нь “Эрдэнэс таван толгой” компани гаргаж Чалкод төлөх манай улсын эх орны хувь хишиг хүртээхэд авсан өрийг төлсөн. Бүр 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, манай эхний тавд багтах том компани болж хөгжиж. Нөгөө талаар, энэ компанид манай иргэдийн 1072 хувьцаа байгаа. Тиймээс тэдний өмнөөс, асуухгүйгээр шийдэх эрх бидэнд байхгүй. Энэ бол Эрдэс таван толгой ХК-г ард иргэдийн өмч болсон баялгаас нь салгаж болохгүй гэсэн үг юм. Энэ талаас нь харахад одоогийн орж ирсэн гэрээг дэмжих, батлах боломжгүй. Миний хувьд Эрдэс таван толгой компанийг гадны тэр хоёр компанид 49 хувиа эзэмшүүлээд хамтарч ажиллах нь зөв байх гэж бодож байна. “Энержи ресурс” компани олон бүтээн байгуулалт хийж хувийн хэвшлийг үлгэрлэж байгааг бодолцох ёстой. Энэ компанийг Монголын төр бас л хамгаалах үүрэгтэй. Тэдэнд тулгараад байгаа хүндрэлийг туулахад нь туслах ёстой. Таван толгойн асуудлыг компанийн хоорондын өрсөлдөөн зөрчил байдлаар харж шийдэж огт болохгүй. Таван толгойг ийм замаар шийдэх ёстой л гэж бодож байна.
-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Оюу толгойн далд уурхай бол 5-7 жилийн дараа баригдаж дуусах бүтээн байгуулалт. Гэтэл одоо ингээд гарын үсэг зурснаар амьдрал сайжрах юм шиг л олон түмний тархийг угаагаад эхэллээ. Үнэндээ бол тийм зүйл гарахгүй. Тэгэхээр эргээд хэдэн сарын дараа амьдралын үнэнд гүйцэгдээд ирэхээр олон түмэн бүр ч илүү бухимдана. Ингэж ярьж гадны гар хөл болоод байгаа нөхдүүд цаашдаа яана гэж ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй юм. Оюу толгой эхлэхэд ямар гоё зүйл ярьж байлаа. Өдөр тутам нэг сая ам.доллар алдаж байна. Өгөөжийн 53 хувийг хүртэнэ гээд л… Гэтэл тийм зүйл огт болоогүй. Харин С.Баярцогт, С.Баяр гэдэг хүмүүс улс төрийн тэтгэвэртээ гарсан. Одоо тэр л давтагдах байх. Яагаад гэвэл Оюу толгойн гэрээ сайжраагүй. Монголын талд харилцан үр ашигтай болоогүй байна. Баялгаас олсон мөнгө нь Монголоор дамждаггүй хэвээрээ байгаа. Нийт орлогынх нь 4-5 хувь л Монголдоо үлдэж байна. Үүнийг өөрчилж чадаагүй байхад их зүйл хүлээсний хэрэггүй юм. Түүнчлэн Оюу толгойн баялгийн орлогоо Монголын банкаар дамжуулаагүй цагт валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжихгүй нь тодорхой. Үүний үр дүнд өнөөдөр манай улс ачуулсан баялгаа тооцохоор дэлхийд хамгийн өндөр 7.8 хувийн өсөлттэй эдийн засагтай, гүнзгий хямарсан, өртэй улс болчихоод байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт гээд байгаа маань бас л зээл. Манай улсын гадаад өр энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өр20 тэрбум ам.доллараас хол давна гэсэн үг юм. Гэтэл нөгөө Оюу толгойн хулгайгаа нуун дарах хар PR өмнөх шигээ л эхэлчихлээ. Гэхдээ цаг хугацаа энэ бүгдийн үнэн зөвийг урьдын адил шүүнэ. Тэр цагт энэ хэд маань нүүрээ хааш нь хийнэ дээ. Мөн л гадаадад хаус худалдан авч зугтах нүхээ ухсан ч байж мэднэ.
-Ерөнхий сайд олон зүйл дээр амжилттай тохиролцлоо. Тухайлбал, менежментийн зардал зургаан хувь байсныг гурав, нөөцийн төлбөрөө авах боллоо гээд байгаа…
-Менежментийн зардлыг нийт гаргасан зардлаас хувилж тооцож хүртдэг. Хэр их зардал гаргана удирдлага тэр хэмжээгээр өндөр ашиг хүртдэг буруу зарчим тэнд үйлчилж байгаа.Та бүхэн сайн ажиглавал бүтээн байгуулалтын хугацаанд гурван хувь байхаар тохирчихлоо гэсэн байгаа. Энэ нь тэр далд уурхайг барьж босгох 5-7 жилийн хугацаанд л гурван хувь байна гэсэн үг юм. Өмнө ч гэсэн эхний шатны бүтээн байгуулалтын үед гурван хувь л байсан. Яагаад гэвэл менежментийн зардлыг авахдаа компанийн гаргасан зардал дээр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг нэмсэн дүнгээс тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ гурван хувь нь зөвхөн зардлаас тооцож авдаг зургаан хувьтай дүнгээрээ дүйнэ гэсэн үг. Ингэж л гадныхантай нийлж манай хэсэг нөхөд биднийгээ молигодож байна. Нөөцийн татвар таван хувийг угаасаа тэд төлөх үүрэгтэй. Харин яагаад өнгөрсөн хугацаанд бүрэн төлүүлж авахгүй байсныг гайхаж байна. Бүхэл бүтэн тусгаар улс байж харийн нэг компанийн өмнө ингэж татвараа бүрэн авч чадахгүй арчаагүй байсан гэхэд итгэмээргүй. Манай Эрдэнэт болохоор 18 хувийн нөөцийн татварыг ямар ч хэл амгүй төлж байна. Гэтэл Оюу толгой таван хувийн нөөцийн төлбөрөө бүрэн төлөхгүй байсан гэхээр хэнтэй нөхөрлөсөн нь харагдаад байгаа юм биш үү.
-Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог болон бие даагч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байна. Эдийн засаг хүнд ийм зүйл ярих цаг мөн болов уу?
-Үнэндээ бол ард иргэд, компаниудыг нь хямруулж, амьдрах гарц хайлгаж байгаад, шүүмжилсэн биднийг болохоор садаа болж байна гэж урьдын шигээ тархи угааж, дарамталж байгаад л үүнийг хийлээ. Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг бид тооцож, судлахгүйгээргорьдсон хандлагаар энэ том баялгийг харийн 14 банк, санхүүгийн байгууллагын мэдэлд өгүүлж боломгүй. Бид хоёр үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөж байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, чиглэл өгөхдөө нийт хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар, түүн дотроо далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.доллар байна тооцож, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 51 хүргэх тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг гаргасан. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын баталгаажсан хэмжээг Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлэн нэмэгдүүллээ гэж үзсэн. Ингэснээр УИХ-аар баталгаажсан манай ашиг хүртэх хугацаа хойшилсон. Олон асуудал урган гарч ирж байна. Хоёрдугаарт, Оюу толгойн бизнесийн үйл ажиллагаа эхэлснээс хойш энэ гэрээ харилцан үр ашиггүй байгаа нь амьдралаар нотлогдож, гэрээг сайжруулах асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ харилцан үр ашиггүй байхад хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдсэн нь буруу гэж үзсэн. Одоогоор огцруулах саналд 10 гаруй гишүүд нэгдээд байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ