УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. Тэрээр Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжиж байгаа гэлээ. Харин хуулийг батлахдаа тусгай хамгаалалтад авах координатын хэмжээг УИХ-аас зааж өгөх ёстой гэв. Учир нь тусгай хамгаалалтад авсан нэрийн дор Ноён уул шиг зөвхөн оройн хэсгийг нь хамгаалалтад авбал ямар ч нэмэргүй гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна бие даагч гишүүд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхдүүд долоон настайгаасаа сургуульд ордог байхыг дэмжиж байгаа аж. Энэ хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Бие даагч гишүүд эдгээр чухал хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй хэмээв. Учир нь сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүдийн дунд улстөржилт явагдаж зарим хуулиудыг үр дүнгүй болгоно гэж үзжээ.