Эрчим хүчний салбарт ажиллагсад, тэдний хамаатан садан, ах, дүүтэй холбоотой 130 компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь АТГ-аас хийсэн шалгалтаар илэрчээ. Эдгээр компанийн долоо нь өнгөрсөн онд эрчим хүчний салбарт зарласан 5.8 тэрбум төгрөгийн тендер авсан байна.
Энэ талаар салбарын сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Би өнөөдөр АТГ руу албан бичиг явууллаа. Тэдний сайтад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа. Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн үг биш. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой. Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэлээ.
Мөн “Манай станцад инженер хийдэг хүн ч юм уу эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байж болох гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал би ажлаа өгөхөд бэлэн” хэмээв.