Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбаттай ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу, 33 жилийн ойн тоглолтын бэлтгэл ханаж байна уу?
-Сайхан хаваржиж байна аа, тавдугаар сарын 13, 14-нд “Харанга” хамтлагийн 33 жилийн ойд зориулсан “Greatest Hits” тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Тоглолтоор бүх цаг үеийн хит 25 дуугаа дуулахаар төлөвлөсөн. Сонсогчид маань “33 жилийн ойдоо зориулж 33 дуу дуулахгүй юм уу” л гэж байна (инээв).
-Дуугаа хэрхэн сонгож байна?
-Дууны сонголт хийхэд их хэцүү байна, гэхдээ 25 дуу дуулна гэдэгтээ тогтсон.
-Хатуу хөл хорионы үед олон уран бүтээл бэлтгэв үү?
-Хөл хорионы үед бусдын адил дэглэмээ баримтлаад л, хөгжимөө хийсэн. Цар тахал уран бүтээл рүүгээ илүү төвлөрөх боломж олголоо. Хамтлагийн болон бие даасан шинэ уран бүтээлүүд бий. Одоогоор тоглолтондоо л төвлөрч ажиллаж байна.
-Тоглолтод Монголын рок попынхон ирэх үү?
-Ирэхгүй, фенүүд маань “Харангын дууг та нар өөрсдөө л дуул, өөр хүн дуулахаар чихэнд наалдахгүй байна” гэлцдэг. Тоглолтоор бид өөрсдөө л дуулна. Тоглолтыг хүлээж ядаж байгаа сэтгэгдэл, зөвлөгөөнүүд ирсээр байгаа. Зарим нь үнэтэй зөвлөгөө өгч, “Харанга”-даа хайртай шүү, бидэнд олон гоё тоглолт, уран бүтээлийг үзүүлээрэй, хамгийн гол нь та нар маань эрүүл энх байгаарай” гэдэг зурвас их ирж байна.
-Тоглолтоо хийчихээд хэсэг амрах уу?
-Амрахгүй шүү дээ, амьдралынхаа туршид энэ ажлыг хийгээд сурчихсан юм чинь. Үргэлжлүүлээд хувь хувийнхаа юмуу, хамтлагийнхаа ажлыг хийнэ. Зунаас л амрах байх.
-Та хамтлагийнхаа 40 жилийн ойг хэрхэн төсөөлж байна?
-Гоё болох байх гэж бодож байна. Ой тэмдэглэх нь чухал биш л дээ, яахав урт хугацаанд оршин тогтнож чадсан гэдгээрээ 40 жилийн ой гэдэг маш ач холбогдолтой. 40 жилийнхээ ойгоор чадвал хоёр, гурван хит дуу өргөн барья л гэж чардайж ажиллаж байна (инээв). Дуу хит болно гэдэг бол хэн ч таашгүй, орон зай, цаг хугацааны асуудал.
-“Харанга” хамтлаг олон жил оршин тогтнохын үндэс юу вэ?
-Ёс зүй л гэж боддог юм. Бид бүгд цэргийн хүн байсан, цаг сайн барьдаг, нийгэмшиж чадсан хүмүүс. Өнөөдөр бид “Харанга” хамтлагийн 33 жилийн ой гэж байгаа боловч үүнээс өмнө бараг 10 гаруй жил хамт ажилласан, нийт 50-иад жил хамт байна. Нэгэндээ буулт хийдэг, ойлгодог, буруугаа хүлээхийг хүсэхгүй байсан ч хүлээн зөвшөөрөх зэрэг чинь л оршин тогтнохын үндэс шүү дээ.
-Таны морины тухай анхны дуу “Толин хул” уу. “Толин хул”-ыг явахаар Монгол хүн бүр огшдог. Та өөрөө сонсохоор ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тийм, морины тухай анхны дуу. “Толин хул”-ыг дагаад дуулж, огшиж, онгирч байгаа ард түмнээ харахад дуугаа сонсохоос ч илүү огшдог. Хотын Чука үнэхээр ард түмний сэтгэлийг хөдөлгөх хэмжээний дууг хийж чадсан юм байна гэж боддог. Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн үг “Асгат саарал” гээд морины тухай хоёр л дуутай даа. Наадамд хоёр л морь уядаг юм (инээв).
-Та өөрөө морь хэр сонирхдог вэ?
-Би морь нэг их сонирхдоггүй, “Толин хул”-ыг бичиж байхдаа наадмаас өмнөх сунгаан дээр очиж монгол хүн гэдгээ, морийг хайрладаг монгол хүний мөн чанарыг мэдэрсэн.
-Та уран бүтээлүүдээрээ юуг түгээх, хүргэхийг хүсдэг юм бэ?
-Хүмүүсийн мэддэг мөртлөө мэддэггүй, анзаардаггүй далд ертөнцийг гаргахыг боддог. Уран бүтээлийг маань сонсоод “Нээрээ тийм юм байна, яагаад үүнийг анзаараагүй юм бол” гэж бодогдуулахыг, бас хайр түгээхийг хүсдэг. Гуравдугаар сарын 7-нд “Хайр” нэртэй тоглолтоо хийсэн. Хүн төрөлхтөн үндсэндээ хайр дээр л тогтдог шүү дээ. Бид хүж дэлхий, сав ертөнц шиг олон мянган жил насалж чадахгүй. 100 жил ч хүрэхгүй энэ хугацаанд бие биенээ хайрлаж, хүндэтгэж ялангуяа бидний цөөхөн монголчууд нэгэн үед амьдарч байгаагаараа бахархаж хайрлаж байх хэрэгтэй.
-“Хайр” тоглолтынхоо тухай яриач, тайзаа санасан байв уу?
-Сүүлийн хоёроос гурван жил тоглолт хийгээгүй, уран бүтээлч хүн зэврэхгүй байх ёстой. Уран бүтээл хийхээс гадна үзэгчтэйгээ хамт байх хамгийн их аз жаргал. Үзэгчидтэйгээ хамт нэг дуу дуулчих юмсан, жүжиг тоглочих юмсан гэдэг хүсэл уран бүтээлч бүрт байдаг. Тэр дууг сонсохыг хүссэн үзэгчидтэй хамт тайзан дээр байх их сайхан.
-Таны хувьд Монголын урлагийн салбарын хөгжил хэр түвшинд байна?
-1972 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 50 жил тайзан дээр байлаа. Тэр үеийн урлагийн амьдрал, уран бүтээл, технологи, ур чадвар, тайзны хөгжил тэс өөр болсон. Маш олон залуус хөгжим, дуу, урлагийн салбар руу орж байна. Ерөнхий утгаараа шоу бизнес гэдэг миний 1972 онд тайзан дээр гарч байснаас эрс өөрчлөгдсөн. Техник, технологийн хөгжил нь ганцхан дуу, хөгжимд биш дуурь, бүжгэн жүжиг гэх мэт бүх зүйл улам хөгжсөөр байна. Дуурийн урлагт гэхэд Э.Амартүвшин тэргүүтэй олон залуус урьд хожид байгаагүй амжилт гаргасаар байгаа. Бид өөрсдийн гэсэн өв соёл, бичиг, урлагтай ард түмэн, түүнийгээ дэлхийд таниулж, бахархаж явах учиртай.
-Таныг 50 жилийн өмнө тайзан дээр гарч байх үеэс одоогийн үзэгчид хэр ялгаатай байна вэ?
-Социализмын үед маш сайхан алга ташдаг байлаа, дуулдаггүй. 1989 онд “Харанга” хамтлаг тоглолт хийгээд бид үзэгчидтэйгээ хамт дуулдаг дуу хийе гэж ярилцаад “Рок бидний хүслэн” гэдэг дууг хамтран дуулж байсан. Түүнээс өмнө “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үзэхдээ шүгэлддэг байсан бол “Харанга”-тай дуулдаг боллоо. Цаашлаад үзэгчид үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Үзэгчдийн соёл гэж байна, хөгжмийн өндөр боловсролтой үзэгчидтэй тоглох маш сайхан байдаг. Тийм хүмүүс бидний дунд олон байгаасай гэж боддог. Сүүлийн үеийн сонсогчид маш мэдрэмжтэй болж байна.
-“Харанга”, “Хурд”, “Соёл-Эрдэнэ” шиг домог хамтлаг дахин гарч ирэх болов уу, та юу гэж харж байна?
-Гарч ирэлгүй яахав, ирээдүй сайхан харагдаж байна. Бид ихдээ 70 жил тайзан дээр тоглоно. Тэгээд л дараагийн “Харанга”, “Хурд”, “Соёл-Эрдэнэ” гарч ирнэ. Бүх юм цаг үеэсээ л шалтгаална.
-Та энэ 50 жилийн хугацаанд зөвхөн урлагаар дагнаж ажиллав уу, эсвэл хувийн бизнес байдаг уу?
-Байхгүй, зөвхөн ард түмнийхээ хишиг буяныг хүртэж амьдарч байна.
-Та “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байсан. Монголчууд хэр авьяаслаг юм бэ?
-Ерөнхийдөө дуулаач ард түмэн, тэндээс тайзан дээр гарна гэдэг өндөр шалгуур. Ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан гуай гэхэд долдугаар ангиа хаяад урлагт орсон. Байгалиас заяасан хоолойгоороо Москвагийн олон улсын залуусын фестивальд очиж дуулж байсан. Тэр үеэс эхлээд дуулсаар өдий хүрч байна. Зүгээр л хурга хариулаад гүйж байсан хөдөөгийн хүү дуурийн алдартай дуучин болчихсон явж байна, монголчууд үнэхээр авьяаслаг. Ганцхан урлагт ч биш, тал талын авьяастай.
-“Харанга” хамтлагийнхан Монгол Улсын гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээд хамтлагаараа Төрийн соёрхолт хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг. Төрийн соёрхолтоо хэрхэн хүлээж авав?
-Дээр үед Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цол чинь их том байлаа шүү дээ. Бид бол зүүдлээ ч үгүй явсан, юун гавьяат. Би зарим хүмүүсийн ярьдагтай санал нийлдэггүй л дээ “Тэр төмрөөр яах юм, идэх юм уу, уух юм уу” гэдэг. Харин тэр идэж, уух юмыг чинь ганц удаа идээд л дуусчихна. Асар олон жилийн түүх, уламжлалтай, тусгаар тогтносон Монгол Улсын түмэн олон дэвшүүлж, төрөөс соёрхож байна. Монгол Улсын иргэний хувьд маш талархал, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Энэ бол баргийн хүнд тохиодоггүй хувь заяа. Манай хамтлагт Монгол Улсын гавьяат жүжигчин гурав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хоёр бий. Хүүхэд, залууст Монголоороо бахархах үзлийг түгээж, дуу хөгжмөөрөө хэрхэн хүмүүжүүлснийг харсан байх л даа. Тусгаар Монгол Улсын иргэн болсныхоо хувьд энэ бол асар их хувь заяа, бахархал.