Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Чулуунбат: Дөчин жил уран бүтээл хийхдээ өөрийнхөө дууг тоолж үзээгүй

“Алдрын од” одонт Харанга хамтлагийн аргил гитарчин, Up Music продакшны захирал, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбатын зургаа дахь тоглолт 10 дугаар сарын 7, 8-д “UB palace”-ийн их танхимд болох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотой өнөөдөр “Пума имприал” зочид буудалд сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр өдөр тутам болж байдаг хэвлэлийн хурлаас өөрөөр хийсэн юм. Амьд хөгжимтэй тайз засаж, өөрөө амьд хоолойгоороо гурван дуугаа дуулж сонирхуулсан нь сэтгүүлчдэдээ барисан том бэлэг байв.

Ц.Чулуунбат нь 1994 онд “Үгүйлэн санана”, 2000 онд “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”, 2003 онд “Чи миний амьдрал”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу” зэрэг таван тоглолтоо үзэгч фенүүддээ зориулж байжээ. Уг тоглолтонд “Амьдралын бэлэг” цомогт орсон шинэхэн дуунуудаа дуулахын зэрэгцээ “My street” цомгийнхоо дуунуудыг амьд хоолойгоороо дуулж, шинэчлэн найруулж хүргэх юм байна.

Ингээд түүнтэй хийсэн бяцхан ярилцлагыг хүргэе.

-“Амьдралын бэлэг” тоглолтынхоо талаар ярьж өгөхгүй юу?

-Тоглолт маань хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ бол миний соло тоглолт. Оролцож байгаа дуучид маань надтай дуэтэлж дуулна. Хоёр өдрийн турш үргэлжилнэ. Энэ удаад олон дуучдыг оролцуулаад байхыг бодсонгүй. Залуу уран бүтээлчдийг голдуу орууллаа. Жишээ нь: Маралжингоо, Хишигдалай, Баярцэнгэл, Гурван охин, Баярцэцэг, Freezone, Guys зэрэг хамтлагууд оролцоно.

-Та “Амьдралын бэлэг” тоглолтоороо үзэгчдэдээ юу хүргэхийг зорьсон бэ?

-Өдөр болгон бие биендээ бэлэг барьж байгаасай. Ядаж бэлэг бариад байхгүй ч гэсэн найз нөхдөдөө сайхан хандаж байгаасай гэж л хүсч энэ тоглолтынхоо нэрийг өгсөн дөө.

-Та “Харанга” хамтлагаас хамгийн их тоглолтоо хийсэн хүн болж болж байна уу?

-Би өрөө “Харанга”-аас өмнө дуу дуулдаг байсан. Би өөрөө уран бүтээлчдэд төлбөргүйгээр дуугаа өгдөг. Сэтгэлээрээ л гэсэн үг л дээ. Ер нь бол 40 жил урлагт зүтгэхдээ өөрийнхөө уран бүтээлийг тоолж үзээгүй. Гэхдээ уран бүтээл гэж ярих дургүй. Зүгээр л дуунууд л хийж байсан. Миний дуунуудыг олон сайхан дуучид дуулж та бүхэнд хүргэсэн.

-Та чөлөөт цагаараа уран бүтээлээс өөр юу хийдэг вэ?

-Хөвсгөл далайн эрэг дээр ч юм уу кофе уугаад л сайхан байгаль ширтээд л суух дуртай. Би ер нь их сонин хүн. Гадаад явах дургүй. Монголдоо л байх дуртай. Эх орныхоо байгальд л байх дуртай. Надад монголын маань уул тал, ой шугуй, нар сар гээд байгалийн бүх юм өдөр бүр шинэ содон харагддаг. Тэр нь их сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр би их романтик хүн байгаа биз дээ.

-Та 40 жил тайзан дээр гарч байна гэлээ. Урлагийн хүн ер нь тэтгэвэрт гардаг юм уу?

-Нас бол зүгээр тоо шүү дээ. Би тэтгэвэрт гарах болоогүй. Ялангуяа рокууд бол 70, 80 хүртлээ тайзнаас буудаггүй. Эрэгтэй хүний нэг онцлог байна. Үрчийсэн ч хорчийсон ч бидэнд нэг их сонин биш. Бид хоолойгоороо дуулж л байвал болоо. Ямар ч салбарт эр хүн бол эр хүнээрээ л үлддэг. Харин эмэгтэй хүн бол усалж байхгүй бол болохгүй цэцэгсүүд байдаг шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний тайзан дээр үлдэх талаар ярих бол өөр байх. Удахгүй бас сайхан тоглолт болно. Гэхдээ энийг нууцалчихъя.

-Таны залуу үед бүгдийг амьдаар дуулдаг байсан. Одоо үетэй харьцуулбал ямар байсан бэ?

-Тэр үед бид “Бага тойруу”-д байсан. Орцондоо гитар тоглоод л. 1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчинөөр орсон. Дараа нь 1975 онд хамтлагтайгаа дуулаад л явж байсан. 1977 онд “Соёмбо”-д мөн дуулж байсан. Ер нь тэр үед панаграмм гэж мэддэггүй улаан махан хоолойгоороо дуулаад л явсан. Тэр нь сайхан байж. Одоо бол хөгжмийн аранжровшик хийгээд л улам баяжуулж байна шүү дээ.

-Дуулж байхдаа та юу мэдэрдэг вэ?

Тухайн үеийн дуунаасаа л шалтгаална. Тухайлбал халуун сэтгэл дууг дуулж байхад, ах дүү хоёр бизнес хийж байгаад ах нь нас барчихсан юм байна лээ. Тэгээд захиалаад би тэр дууг зохиосон. Дүү нь ахдаа зориулж дуулж байгаа юм шиг зохиохыг би хүссэн. Тэгж бодоод дуулахаар өөрийн эрхгүй нүдэнд нулимс гарч ирдэг.

-Дуу зохиож байгаа хүнийг бясалгагч гэж хэлж болох уу?

Яг ч бясалгагч гэж болохгүй ээ. Сэтгэгч гэж хэлж болох юм. Бясалгана гэвэл бодоод суухыг хэлнэ. Харин сэтгэнэ гэдэг бол бодоод тэр юмандаа орох ёстой.

-Дотоод ертөнцдөө та үргэлж эрэл хайгуул хийж байдаг уу?

Байнга хийдэг. Гудамжинд явж байхдаа, машинд сууж явахдаа ч зөндөө олон зүйлсийг харж, түүнээс ямар нэг зүйлийг хайж явдаг. Энэ л миний эрэл хайгуул юм болов уу даа.

-Сүүд гаргасан дуу тань солонгосын дууны клипийг дуурайчихаж гэж хүмүүс яриад байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Дэлхийд хэн нэгэн санаа гаргаад түүнийг хэн ч аваад цааш нь үргэлжлүүлж болдог. Энэ клипийг Англичууд эхлээд хийсэн юм байна лээ. Дараа нь Америкийн хамтлаг хийсэн байдаг. Тэгээд дараа нь Солонгосын хамтлаг хийсэн.

-“Авьяаслаг монголчууд” шоунд шүүгчээр ажиллаж байгаа талаараа ярихгүй юу?

Олон улсын чанартай ийм том шоунд намайг шүүгчээр урьсан явдалд би баяртай байгаа. Энэ нь миний уран бүтээлийн маань замд салшгүй нэгэн хэсэг болж байна гэж боддог

Хөгжмийн зохиолч Н.Халиун энэ тоглолтон дээр мөн хамтран ажиллаж байгаа аж. Тэрээр “Амьд хөгжмөөр тоглоход дуу маань өөрөө аялгуулаг их гоё, сэтгэл хөдөлгөм байх ёстой. Чука ахын зохиосон дуунууд энэ шаардлагуудыг их хангадаг. Сүүлийн 10 жил бид хамтарч ажилладаг. Чука ахаас рок, поп урлагийнхан маань бүгд л зөвлөгөө авдаг. Энэ тоглолтонд бид чадварлаг хөгжимчдийн багийг бүрдүүлсэн. Мөн энэ тоглолтын онцлог гэж байгаа. Бид зүгээр тайзан дээр тоглоод хэдэн үзэгчид ирээд алга ташаад өнгөрөх биш. Тоглолтын дараа ч гэсэн Чука ахын дуугаар нь монголчууд амьсгалдаг байх ёстой.

Бид нийгмийн сүлжээг ашиглаж байна. Бүх телевиз, радиог ашиглаж мэдээллийг тарааж байгаа. Хамгийн сүүлийн үйл явц буюу морьдоор бол гарааны зурхайгаас гарах гэж байгаа үе дээр нь та бүхэн үзэгчдэд хүргэх гүүр нь болж байна. Бид ч гэсэн сэтгүүлчид та нарыг өргөн дэлгэр хүргэж өгөөсэй гэж хүсч байна. Энэ бол та бүхний урлагт оруулж байгаа хувь нэмэр чинь юм шүү” гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *