Энэ сарын 2-нд Япон Улсын Кюүшюү арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн БЯМБАЖАВ V байрт шалгарчээ. Тэрбээр 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж , “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол хангалаа. Түүний хувийн амжилт 2:12:56 байсан бол энэ удаагийн тэмцээнд 2:09’03” үзүүлэлтээр амжилтаа шинэчлэн тогтоожээ.
“Беппу-Ойта 2020” марафонд Мароккогийн тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопийн Абдела Годана 2:08:06-аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 секунд гэсэн амжилтаар хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ноос олимпын наадамд оролцох тамирчдад entry mark буюу норматив нормыг тавьдаг. Тухайлбал, “Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпын дэвжээнд уралдах эрх авах юм. Монголын марафончдоос ОУХМ Б.Мөнхзаяа олимпын наадамд оролцох болзлоо биелүүлээд байгаа.
“Токио-2020” олимпын наадам Монголын хөнгөн атлетикчдийн хувьд 11 дэх олимп болох юм.