Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр Covid-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж буй. Өнөөдөр /2022.01.14/ Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан нар омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлж байгаа зохицуулалт, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Зөөвөрлөгдсөн болон дотоодод омикрон хувилбар батлагдах нь нэмэгдэж байна. Тиймээс бид омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг өөрчилж байна. Өмнө нь хил дээр түлхүү анхаарч байсан бол одоо вакцинжуулалт дээр илүүтэй анхаарч байна. Цаашид голомтлон тархаж байгаа кластер тархалт дээр анхаарч, халдварыг тогтоон барихад анхаарна. Омикрон хувилбарын нууц үе багасч, халдварлах чадвар өндөр болж байна. Тиймээс бид эрсдэлийн үнэлгээ хийж, хоёр хоногийн өмнө дууссан” гэв.