– Хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай –
МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор, дэд профессор Ц.Батболдтой ярилцлаа.
-Гуравхан жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин нэмэлт оруулахаар яригдаж эхэллээ. Үндсэн хуульд ийнхүү ойр, ойрхон өөрчлөлт оруулах гээд байгаагийн цаад шалтгааныг судлаач хүний хувьд та хэрхэн харж байна?
-Аливаа Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны нийгмийн анги давхаргуудын зөвшилцөл байдаг. Өөрөөр хэлбэл, ямар төр засагтай байх, ямар тогтолцоотой байх тухай зөвшилцөл учраас нийгмийн гэрээ гэж нэрлэдэг. Тиймээс Үндсэн хуулийг хийхэд нийгмийн бүхий л давхарга, бүлгүүдийн зөвшилцөл, дуу хоолой хүрсэн байж нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сая бүрэн зөвшөөрөгдөх ёстой.
Үндсэн хуулийг хэлэлцэхдээ зөвхөн нэг нам олонхоор асуудлыг шийдэж байгаа бол нийгмийн зөвшилд хүрч чадахгүй байна гэсэн санаа байдаг. 2019 онд өөрчлөлт орж батлагдсан Үндсэн хуульд гуравхан жилийн дараа дахин нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байгаа нь нийгмийн нэг хэсэг хүлээн зөвшөөрөөгүй байжээ гэсэн үг. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед парламентад нийгмийн хэсэг бүлгийн төлөөлөл олон буюу алаг цоог байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд парламентад үнэмлэхүй нэг хүч зонхилж байгаа үед Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэх, нийгмийн бусад бүлгийн ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж хэр буй нь эргэлзээтэй. Иймэрхүү байдлаас үүдэж Үндсэн хуулийн дархлаа сулрах хандлагатай байдаг.
Аливаа Үндсэн хуульд нийгмийн гэрээ хэлэлцээр оруулж өөрчилсөн бол тодорхой нэг үеийг (30 жил) туултал түүнийгээ даах чадвартай байх ёстой. Америкийн Үндсэн хууль 200 жил болсон ч 28 удаа өөрчлөлт хийсэн гэдэг. Гэхдээ хэт ерөнхий хууль байдаг. Орчин үеийн Үндсэн хууль арай дэлгэрэнгүй байдаг. Ийм Үндсэн хуульд 20, 30 жил болоод өөрчлөлт оруулах магадлал бий. Үүнээс гадна нийгмийн хөгжил, хувьсал хурдацтай явагдаж байна. Тиймээс 30 жилийн дараа зайлшгүй өөрчлөлт оруулах нь байх үзэгдэл. 30 жил гэж байгаагийн учир нь, хүний идэвхтэй насыг хэлж байгаа юм. Өсөх нас, идэр нас, өтөл насны үечлэл 25-30 жилээр хэмжигддэг. Нэг үе солигдоход нийгмийн үзэл бодол, байр суурь зэрэг олон зүйл өөрчлөгдөж байдаг учраас Үндсэн хуульд өөрчлөлт орох магадлал өндөр байдаг. Харин 30 жилийг дааж чадахгүй гурван жил болоод өөрчлөгдөж байна гэдэг нь өөр асуудал байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үндэсний нийтлэг ашиг сонирхлыг баримтлалгүй нам, бүлгийн эрх ашгийг баримталж заалт оруулах хандлага туссан байх магадлалтай. Энэ тохиолдолд дахин, дахин өөрчлөлт оруулах асуудал үүсч болох юм гэсэн таамаглал байдаг.
-Одоогийн Үндсэн хуулиар явбал 2024 оны сонгуулиар МАН дахин ялалт байгуулахаар байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Гэтэл өөрсдийнхөө боломжоос татгалзаж улайм цайм бусад намуудад боломж олгоё гээд байгааг та хэрхэн дүгнэж байна. Бүх зүйл бодит байдал дээр ойлгомжтой л байна шүү дээ?
-Нэгдүгээрт, нийгмийн өнөөгийн нөхцөлд байдлаас үүдэж МАН-д асуудал тулгарч байх шиг байна. Олон улсын хувьд ч, эдийн засгийн хувьд ч төвөгтэй байдал үүссэн. Энэ төвөгтэй байдлыг даван туулахад өөр дуу хоолой, өөр идэвхтэй байр суурь, өөр гарц, санал санаачилга парламентад дутагдаж байна. Өнөөдөр парламентад сөрөг хүчнийг төлөөлж байгаа намуудын байр суурь нийгэмд уначихсан, төлөөлөгчдийнх нь чадвар, илэрхийлж байгаа байр суурь нь суларчихсан байгаа учраас бусад намуудыг ямар нэгэн хэмжээгээр оруулж ирье гэж байгаа болов уу хэмээн эерэг талаас харах боломжтой.
Хоёрдугаарт, хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам ямар нэгэн алдаа гаргаж, унахыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин эрх баригчдын алдааг нь хэлж өгч, засаж явдаг. Энэ бол ардчиллын давуу тал.
Гуравдугаарт, гишүүдийн тоог нэмэх асуудал улс төрчдөд тааламжтай сонсогдож байгаа. Хэт цөөнх болохоор лоббид автах нь элбэг. Засгийн газар чадавхгүй болоод байна. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллавал арай чадвартай байна гэсэн бодол заримд нь байгаа байх. Үүнээс гадна сонгогдоход төвөг багатай болно гэдэг ч юмуу ийм сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн байж болох хэмээн таамаглаж болох юм.
-Тэгэхээр 100 жилийн түүхтэй МАН цаашдын нэр хүндээ хамгаалах, уналтаас сэргийлэх зорилгоор бусад намуудыг оруулъя гэж байна гэж ойлгож болох уу?
-Үндсэн хуулийг баталсан гишүүдийн тал хувь нь одоогийн парламентад байх шиг байна. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг баталсан хүн парламентыг удирдаж байна. Ийм үед дахин өөрчлөлт оруулах гэж байна гэдэг нь өмнөх өөрчлөлтөд нийгмийн гэрээ тусгагдаагүй байна гэсэн үг юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсан хүмүүс дахин өөрчлөлт оруулъя гэж байгаа нь өөрсдийнхөө өмнөх хийсэн ажлаа үгүйсгэж байгаа хэлбэр биз дээ?
-Тийм. Олон түмний байр суурийг илэрхийлсэн парламентыг бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Хоёр сонгууль дараалан МАН 60 гаруй суудал авсан. Ард түмэн тэднийг дэмжсэндээ ийм суудал өгсөн юм биш. Энэ бол сонгуулийн луйвар. Зохион байгуулалттай заль. МАН 240 мянган гишүүнтэй гэдэг. Гишүүн бүртэй тулж ажиллана гэдэг шүү дээ. Тулж ажиллах нэрээр нэг хүн гишүүн бус таван хүнийг манай намд санал өгүүл гэсэн үүрэг өгч байгаа. Үүндээ санхүүжилт өгч байгаа. 240 мянган сонгогчийг таваар үржүүлэхээр 1.200 мянган иргэн болно. Ингэж 60 гаруй хувийн суудал аваад байгаа юм. Үүнийг ямар ч ажиглагчид олж харж чадахгүй. Тэдний энэ систем бол дийлдэшгүй төгс арга.
Тиймээс хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр Монгол Улс хэзээ ч Үндсэн хууль ярьж чадахгүй, хэзээ ч парламентын ардчилал зүгширч чадахгүй.
-Нөгөө талаас Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гээд байгаа нь хэсэг бүлэг хүмүүс улс төрийн тоглолтдоо эцэг хуулийг ашиглаад байна уу гэж хардаж болох уу?
-Хэд хэдэн таамаглал байна. Нэгдүгээрх нь, сөрөг хүчин болоод парламентын гадуур байгаа зарим хүчнүүд “тэд өөрсдөдөө зориулж дахин тоглоомын дүрмээ өөрчлөх гэж байна” гэж хардаад байгаа. Үүнийг шуудхан үгүйсгэх боломжгүй. Магадлалтай байж болно.
Хоёрдугаарх нь, МАН зарим намуудтай тохиролцоонд орж нийлсэн. МАХН-тай нэгдэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, хоёр танхимтай болгоно гэж амласан. Амлалтандаа хүрэх санаа байгаа байх. Зарим нь хэдийгээр хоёр танхимтай болохгүй ч сонгуулийн пропорциональ тогтолцоотой болгоё гэж байгаа байх гэж таамаглаж болно.
Гэхдээ ямар ч таамаг дэвшүүлсэн бай нэг зүйлийг онцлоход Үндсэн хуульд жижиг жижиг өөрчлөлтүүд хийж өнөө маргаашийг аргацаах үзэгдлүүд буруу. Өөрчлөлтийг сөрөг хүчний зүгээс зүгээр байхаар жаахан ч болтугай дэвшил юм уу гэж хүлээж авах хандлагатай байж болох юм. Эрх баригчдын хувьд аль аль талдаа уян хандах гэсэн оролдлого, сөрөг хүний байр суурийг сулруулах, “жаахан ч гэсэн өөрчлөлт хийчихлээ шүү дээ” гэж хэлэх гэсэн талтай гэж харж болох юм.
Гуравдугаарх нь, өнөөгийн нөхцөлд энэ хэвээрээ цаашид явах нь тулгамдаж буй бэрхшээлүүдийг давах, хөгжил дэвшлийн бодлогын асуудлыг боломжгүй болгочихоод байгаа. Засаглалдаа өөрчлөлт оруулж гадаад, дотоод орчны шахалтуудыг тэсэж давах чадвар бүхий, төсвөөрөө хөгжил дэвшлийн бодлого тодорхойлж чаддаг засаглалыг бага ч болтугай бүрдүүлэхийг зарим нэг нь хүсч байж болох юм.
Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал үүсч байна. Одоо байгаа Үндсэн хууль шаардлага хангахгүй байна уу гэвэл хангахгүй байна. Өөрчилмөөр байна уу гэвэл өөрчилмөөр байна. Гэтэл нөгөө талд хэрвээ ингээд өөрчилчихвөл Үндсэн хууль дараа нь дархлаагүй, хэдийд л бол хэдийд өөрчилж болох бусад хуулиуд шиг болж нэр хүнд нь унана гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ дархлаа унана гээд “хангалтгүй” гэж шүүмжилсэн Үндсэн хуультайгаа яваад байх нь ирээдүйдээ илүү хохиролтой. Үндсэн хуульд өөрчлөлт дахин оруулах гэсэн энэ үйл явц нь эрх баригчид “гоомой” Үндсэн хууль хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголтыг олон нийтэд бий болгоод байгаа. Тэд үүндээ хариуцлага тооцож, ямар нэг арга хэмжээ авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэр хүндийн дархлааг хамгаалж чадна. Түүнчлэн өөрчлөх гэж байгаа хүмүүсийн оюуны боловсрол, чадвар өөрчлөх хэмжээнд хүрээгүй байна гэсэн болгоомжлол байгаа хэдий ч өргөн хүрээтэй олон удаагийн хэлэлцүүлэг үүнийг даван туулах боломж олгоно. Үндсэн хууль нийгмийн бүх давхаргын төлөөллийг ямар нэг хэмжээгээр оролцуулсан зөвшилцлөөр өөрчлөгдөх нь зүйтэй. Ингэж байж л Үндсэн хууль нийгмийн гэрээ болдог.
Эцэст нь нөхцөл байдалд тохируулан хэлэхэд, одоо байгаа парламент энэ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа ч үүнийг шийдвэрлэх хоёр арга зам байж болох юм. Эхнийх нь шаардлага хангасан шинэ парламент бүрдүүлэх. Гэвч энэ нь одоогийн нөхцөл байдалд асар их эрсдэл, хохиролтой учраас шаардлагагүй. Хоёр дахь нь парламентын гадуурх нам, бүлэг хүчнүүдийн байр суурийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Их Хурлын хуралдаанд нээлттэй оролцуулах түр механизмыг бүрдүүлэх. Ийм нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлагыг хангах боломж үүсэж магадгүй юм.